Цаг уур, орчны шинжилгээний газар, ОБЕГ-аас өнөөдөр /2017.01.27/ хамтарсан мэдээлэл хийж, цаг агаар эрс хүйтрэхийг санууллаа. Мэргэжлийн байгууллагууд хамтдаа сануулга өгч буйн учир нь маргаашаас эхлэн бүх нутгаар хүйтний эрч чангарч, цаг агаар эрс хүйтрэх юм байна.
Сибирээс ирж буй хүйтэн агаарын нөлөөгөөр энэ амралтын өдрүүдэд зарим нутгаар цаг агаар эрс хүйтэрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр мэдээллээ. Хүйтэн агаарын нөлөөгөөр шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хагаст цас орж хүйтний эрч чангарах нь. Тодруулбал, өнөө шөнө Өвөрхангай, Булган, Төв аймгийн өмнөд хэсэг, Дундговь, маргааш өдөр Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч, хүчтэй цасан шуурга шуурах аж. Харин амралтын өдрүүдэд Зүүн аймгуудын нутгаар цас орж агаарын температур энэ сарын 30-ныг хүртэлх өдрүүдэд 10 орчим хэмээр чангарна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Хэрлэн зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө 35-43, бусад нутгаар 19-34 хэм хүйтрэх юм.
Цаг агаарын хүйтрэлийн голомт нь энэ сарын 28-наас 29-нд шилжих шөнө байх болно. Агаарын хэм энэ сарын 30-ныг хүртэл өмнөх хоногоосоо 10 орчим градусаар чангарч, шөнөдөө Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Хэрлэн зэрэг томоохон голуудын хөндийгөөр -35, -43 градус хүрч, бусад нутгаар -19, -34 градус хүрч хүйтэрнэ. Энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 28, 29-нд зарим нутгаар цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа хаагдах, үзэгдэх орчин муудах тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг мэргэжилтнүүд онцгойлон анхаарууллаа.
Урьд нь цаг уурчид болоод онцгойгийн албан хаагчид онцгойлон сануулсаар байтал хол ойрын замд гарах, бензин шатахууны нөөцгүй, дулаан хувцасгүй, машины бүтэн бүтэн байдлаа шалгалгүйгээр замд гарч, аврагч нарт хандаж байсан хүмүүс олон бий. Ялангуяа нялх балчир, өтгөс буурайгаа дагуулаад хөдөө хээр явчихдаг хэнэггүй зантай хүмүүст хандан “Амралтын өдрүүдэд аян замд гарахаа түр азнаж, хүйтнийг ашиглан цагаан сарын бууз, баншаа чимхээд аваарай” гэж сануулъя.
Иймд:
Хүчтэй салхи шуурганы үеэр эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, иргэд холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;
Амралтын өдрүүдэд (нэгдүгээр сарын 28, 29) цаг агаар муудах тул төв, орон нутгийн ерөнхий боловсролын удирдлага, багш, эцэг, эхчүүд хүүхдийг хяналттай байлгаж, гэртээ харих унааны аюулгүй байдлыг хангах, хүчтэй салхи шуургатай, хүйтний эрч чангарах тул дулаан байранд нь байлгах асуудлыг шийдвэрлэх;
Цас орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гардаг тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлэн байдлаа хангах;
Хүчтэй салхи шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин замд олноор саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд сураггүй болох, төөрөх зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагуудын шийдвэрээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийдэг тул Онцгой байдлын ерөнхий газрын 325726, 265726 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.
Энэ удаад заавар зөвлөгөөг заавал дагаарай.
Д.ЦЭЭНЭ