Э.Бат-Үүл: Тэмцлийн фронт дээр залуучууд гарах цаг нь болсон

Хуучирсан мэдээ: 2017.01.29-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: Тэмцлийн фронт дээр залуучууд гарах цаг нь болсон

Эрдэнийн Бат-Үүл залуучуудаа хандан “Тэмцлийн фронт руу гарч ирэх цаг чинь болсон. Өөрийнхөө үеийг бүтээцгээ” хэмээн уриалжээ.
Намын шинэчлэл яаж явах, шинэ дарга хэн байх гэсэн Ардчилсан намын шинэчлэлийг тойрсон халуун сэдвээр түүнээс  цөөн асуултад хариулт авлаа.
Тэрээр бидний асуултад эрс тэс, товч хариулсан юм.

-Ардчилсан намын шинэчлэл… Өнгөрсөн сонгуулийн дараагаас л  улс төрийн халуун халуун сэдэв болж байна?

Ардчилсан намын шинэчлэлийн нэг бага хэсэг нь л явж байна. Энэ уул нь маш өргөн цар хүрээний асуудал. Гишүүддээ хандаж, тэдэн дээрээ түшиг тулгуур хийж байж шийдвэр гаргадаг нэг хэлбэр дөнгөж эхлээд явж байна. Шинэчлэл гэдгийн цаана багц ойлголт бий.

Хүмүүс ч багц, том ойлголт хүсч байна. Жишээ нь, сонгуулийн дараа Ардчилсан намыг нэгдэн бүрэлдүүлж бий болгосон гурван намын дарга нар Д.Ганболд, Баабар, бид гурав намыхаа нийт гишүүдэд хандан уриалга гаргаж байлаа. Залуу үеэ гаргаж ирье. Залуу үе маань улс төрд манлайлах зайлшгүй цаг үе тулж иржээ.

Би хотын даргаар ажиллаж байхдаа залуучуудаас ямар их эрч энерги гарч, юу хийж бүтээж чадах юм гэдгийг бүр илүү мэдэрсэн. Бидний үйл хэргийг нэр төртэйгөөр авч явж чадна гэдэгт эргэлзээгүй. Үүнийгээ ч Баабар, Ганболд бид хэд бичсэн захиандаа тусгасан хэрэг. Залуу үедээ үйл хэргээ буухиалах нь зөв гэсэн итгэл үнэмшилд хүрсэн.

-Ардчилсан нам үзэл баримтлалаа гээчихсэн гэж шүүмжлэгсэдтэй та санал нэг байдаг уу?

-Маш чухал асуулт. Үнэхээр манай намын хямралын цаад шалтгаан ойрын болон хэтийн зорилгогүй болсон явдал.

Улс төрийн зорилгогүй нам өөрөө дандаа хямарч хагарч байдаг.

Гадагшаа, нийгэм рүү биш дотоод эрх мэдэл рүүгээ эрч хүчээ бараад ирэхээр нам хямралд автдаг. Одоо ардчилсан тогтолцоо ганхаж, олигархын, цаашлаад мафийн тогтолцоо руу гулсан орж байна. “Тэгээд үүнийг яах гэж байна?” гээд асуухад хариулах хүн алга. Тэр улс төр нь манай намд алга.

Тэгвэл ийм улс төрийн үйл ажиллагаагүй нам хэнд хэрэгтэй юм? "Гадагшаагаа чиглэсэн бодлого явуулаач ээ" л гэж ард иргэд шаарддаг. Тэд маань үүнд л гомдоллодог. Ийм эрүүл улс төрийн захиалгыг гүйцэлдүүлж чадах хүмүүс нь залуу үе юм. Бид залуу байхдаа өөрийн цаг үеийг бүтээсэн. Би залуучууддаа хэлээд байгаа юм , "Та бүхэн өөрийнхөө үеийг бүтээгээч ээ" гэж. 

-Танай намын шинэчлэл намын дотоод асуудал уу. Нам шинэчлэгдэх эсэх нь эгэл жирийн иргэдэд хамаатай асуудал мөн үү?

-Хүнтэй адилхан, нам ч гэсэн зорилгогүй л бол утга учраа алддаг. Чи мэдлэгтэй байж болно, хүч чадалтай байж болно. Энэ бүгд байгаад зорилго үгүй бол яах юм? Манай намын хямралын онош зорилгогүй байгаад бас бий. Одоо залуучууд биднээс асууж байна. “Бид яахаа мэдэхээ байлаа, учраа ч олохоо байлаа. Энэ улс оронд маань ирээдүй байна уу? Энэ хямралаас гарах арга бидэнд байна уу? Бид нийтээрээ ажилгүй болоод дууслаа. Зах зээл дээр бүх бизнес нурж байна. Хөөе, Ардчилсан нам минь бид яах вэ?” гэхээр хариу алга. Тэгэхээр үүнд анхаарлаа хандуулдаг, шийддэг, бодлогын нам байх ёстой. Ардчилсан нам эдийн засгийн хямарлаас гаргах арга замаа тодорхойлж, эрх баригчдыг шахаж, тэмцэх цаг шүү дээ. Мужаан хүн харуул барьж чадахгүй байгаатай адил Засгийн газар макро эдийн засгийн бодлого гэдгээ өөрөө мэдэхгүй инээдтэй, эмгэнэлтэй байдалд байна шүү дээ. Ийм эгзэгтэй үед эрх баригчдыг зөв бодлого руу бид л шахаж тулалдах ёстой.

-Тэгэхээр энэ шаардлагад нийцсэн Ардчилсан намын дарга хэн байх ёстой вэ?

Ардчилсан намын дарга цаг үеийнхээ хүн байх ёстой. Цаг үеийнхээ шүү. Цаг үеэ илэрхийлж, эрхэм зорилго руу хөтлөж чадсан тийм л хүн намын дарга болох ёстой. Намайг дахин дахин залуу үе гээд байхаар гайхаж магадгүй. Би 90 оноо сайн мэдэж байсан. Нийгэмдээ юу санал болгохоо мэдэж байсан.

Өнөөдөр харин манай нийгэмд юу хэрэгтэй болсныг залуучууд маань илүү мэдэж байгаа. Би зүгээр төсөөлөхөөс биш залуу хүн шиг эд эсээрээ нарийн мэдрэхгүй.

Залуучуудтай уулзахдаа хэлдэг юм би: “Тэмцлийн фронт руу гарч ирэх цаг чинь болсон” гэж бодож байна.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж