Монгол Улсын гадаад өр оны эхний улирлын байдлаар 4,1 тэрбум ам.доллар байна. Үүний 50 хувийг Засгийн газрын өр эзэлж байгаа бол үлдсэн нь хувийн хэвшлийнх аж. Засгийн газрын өр 30 орчим жилийн хугацаатай, маш бага хүүтэй. Жил бүр цувруулан төлж буй нь зээлдэгчид төдийлөн дарамт учруулахуйц биш гэж Төв банкны холбогдох албаны мэргэжилтэн хэллээ. Харин хувийн хэвшлийнхний зээл 2-3 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын чанартай ажээ. Төв банкны ахлах эдийн засагчийн ярьснаар зээлийг эргэн төлөх боломжтой эсэхээр эрсдлийг нь тооцно. Засгийн газрын өр сүүлийн жилүүдэд тогтвортой хэмжээнд байгаа бөгөөд дийлэнх нь дэд бүтцийн салбарт зориулагддаг байна. Тиймээс Засгийн газрын гадаад өр эдийн засгийг дэмжихэд зориулагдаж буй учир эрсдэл багатай гэж үздэг ажээ. Харин хувийн хэвшлийнхний өр сүүлийн дөрвөн жил тасралтгүй өсч Засгийн газрын өрийн хэмжээтэй дүйцсэн байна.
Гадаад өр гэдэгт худалдааны өглөг, хөрөнгө оруулалт болон арилжааны банкуудад байршиж буй хадгаламж болон харилцах дансан дахь хөрөнгийг оролцуулж тооцжээ. Юутай ч одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн гадаад өрийн нийт хэмжээ зохистой харьцаанд байгаа хэмээн албаныхан хэлсэн.
Гадаад худалдааны тайлан тэнцлийн ерөнхий мэдээллийг хэд хэдэн янзаар гаргадаг. Гэхдээ Төв бакны зүгээс гаргаж буй анх удаа хэмээн онцолсон энэ мэдээлэл анхаарал татах хэмжээнд хүрснийг харуулна. Гадаад худалдааны нөхцөлийг тодорхойлохдоо экспортын үнийн индекс болон импортын үнийн индексийг харьцуулж гаргадаг аж. Монгол Улсын гадаад худалдааны уг хоёр үзүүлэлт хоёулаа өсч байгаа. Олон улсын зах зээл дээр зэс, алтны үнэ өндөр байгаа нь экспортын үнийн индекс сайн байх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Гэхдээ импортын үнийн индекс хурдтай өсч байгаа нь анхаарал татах төвшинд хүрсэн гэнэ. Тиймээс Төв банкныхан байнгын хяналт тавьж ажиглаж байгаа ажээ.
Ерөнхийдөө гадаад худалдааны секторт сайн, саар мэдээ алаглаж байна. Экспортыг дэмжсэн хөрөнгө оруулалт ихээр орж ирж буй нь сайн мэдээ. Мөн импортын хэмжээ хурадцтай өсч, экспортынхыг давамгайлж байгаа хэдий ирээдүйд экспортыг дэмжсэн бараа бүтээгдэхүүн голлож байгаа учраас үр өгөөжтэй гэж үзэж байгаа аж. Импортын барааг жагсаавал, тоног төхөөрөмж тэргүүлж, хэрэглээний барааны импорт араас нь жагсчээ. Харин саар мэдээнд, энэхүү хэрэглээг дэмжсэн импортын хэмжээ өсөх хандлага албаныханд болгоомжлол үүсгэх болсон байна. Энэ нь гадаад худалдааны нөхцөлийг муутгаж байгаа ажээ.
Төв банкны Ерөнхийлөгч тушаал гаргаж арилжааны банкуудын дүрмийн сангийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдээллийг Хяналт, шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн өгсөн юм. Эдийн засаг тэлж буй энэ үед арилжааны банкууд чадавхжих шаардлагатай байгааг онцолж, дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх болсон гэлээ. Учир нь гадны банкууд хүч түрэн орж ирж, банкны салбарт ноёрхож магадгүй байгаа аж. Одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй 14 арилжааны банкны долоо нь 16 тэрбум төгрөгийн дүрмийн сантай байх нөхцөлийг хангасан байгаа гэнэ. Харин үлдсэн долоон банкинд хоёр жилийн хугацаанд дүрмийн сангаа нэмэгдүүлэх боломж олгосон байна. Арилжааны банкуудын ашгийн хэжмээг харахад 2013 оны тавдугаар сараас мөрдөгдөх дүрмийн сангийн хэмжээнд хүрэх боломжтой байгаа хэмээн албаныхан хэлсэн. Ерөнхийдөө сүүлийн үед иргэдийн банкинд итгэх итгэл сайжирч байгаа нь банкы салбарын ажлын дүн болжээ. Харилцах, хадгаламжийн хэмжээ 60 хувь өсч, зээлийн эргэлт сайжирсан гэх мэтээр сайн үзүүлэлтүүд байна.
Дүрмийн сангийн хэмжээг ийн нэмэгдүүлэх болсон нь жижиг банкуудад хүндрэл учруулах вий, гаднаас хөрөнгө татах эсвэл бусад банктай нэгдэх зэрэг арга хэмжээ авахад хүргэж магадгүй хэмээн сэтгүүлчид энэ тухай асуусан. Б.Лхагважав захирал үүнийг үгүйсгээгүй ба арилжааны банкуудын төвлөрөл болохыг үгүйсгээгүй банкууд гаднаас хөрөнгө оруулагч татах уу, дотоодоосоо түнш эрэх үү гэдэг нь тухайн банкуудын өөрсдийнх нь сонголтын асуудал хэмээсэн.
Болж өгвөл нэг оронтой тоонд барих буюу 10-т баригдах учиртай инфляци гэх шүдний өвчин хамгийн сүүлийн мэдээгээр 11 хувь хүрчээ. Түүнийг хазаарлах гол хэрэгсэл болсон мөнгөний бодлогын хүүг өөрчлөх талаар одоогийн байдлаар ямар нэгэн шийд гараагүй байна. Монголбанкны захирлуудын зөвлөлийн хурлаар энэ тухай хэлэлцдэг бөгөөд тус зөвлөлийн ээлжит хурал ирэх есдүгээр сард болох гэнэ. Гэхдээ шаардлагатай гэж үзвэл ээлжит бус хурлыг наймдугаар сард ч зохион байгуулж магадгүй ажээ.
Монголбанк энэ сарын 26-ны өдрийн байдлаар нийт 1409 кг алтыг иргэд аж ахуйн нэгжээс худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 440,5 кг-аар буюу 1,4 дахин өссөн байна. Гэнэтийн ашгийн татварын 68 хувийн татварыг тэглэснээр Төв банкинд тушаах алтны хэмжээ өсөхөд голлон нөлөөлсөн байна. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр Валют, эдийн засгийн газрын захирал Г.Дэлгэрмаа гадаад валютын нөөцийн хэмжээг танилцуулсан. Зургадугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2,5 тэрбум ам.доллар байжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, 1,8 дахин буюу 1,159,6 сая ам.доллараар өссөн ажээ. Монголбанкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханш оны эхнээс 0,5 хувь чангарсан байна.
Энэ дашрамд бусад мэдээллүүдээс товч сонирхуулахад, энэ сарын 25-ны байдлаар гадаад валютын орох урсгал өмнөх оны мөн үеэс 65 хувь, гарах урсгал 79 хувь өссөн байна. Ингэснээр гадаад валютын нийт урсгалын хэмжээ 65 хувь өсч, гадаад валютын цэвэр орох урсгал 6,8 хувь буурчээ.
Монгол Улсын төлбөрийн тэнцэл эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 925 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх жилийнхээс 5,6 дахин өсчээ. Харин хөрөнгө, санхүүгийн тэнцлийн ашиг 1431 сая ам.доллар буюу 2,8 дахин нэмэгдэж нийт төлбөрийн тэнцэл 220 сая ам.долларын ашигтай гарчээ.