-МАГНАГ, ТЭРМЭН ТОРГО, ТОРОН, ПАНСАН, ХАМБА ХИЛЭН ДЭЭЛ
САР ШИНИЙН ТРЭНД БОЛЖ БАЙНА-
Өнгөрсөн оны есдүгээр сард болсон Миланы загварын долоо хоногт “Prada” 2017 оны хавар, зуны цуглуулгаа танилцуулсныг дахин сануулъя.
Далаад оныг санагдуулам “Prada”-гийн шинэ цуглуулга хээтэй пажам /Унтлагын хувцас/ болон Ази хэв маягтай деталиуд загварын ертөнцийн трэнд болсны нотолгоо байв. Тэр дундаа ази маягийн стилийн захтай хослол анхаарал татсан.
Энгийн бөгөөд хээнцэр. Энэ хэв маягийг Монголын охид, бүсгүйчүүдийн хувцаслалт, ялангуяа үндэсний хувцасны загварт санал болгож буй деталиудаас харж болно. Дээлний хийцийн хувьд үндсэн загвараа хадгалж байгаа ч материал сонголт, жижиг чимэглэлийн хувьд илүү нарийн ажиллагаа шаардах болсныг дараах загварууд илэрхийлжээ.
— MICHEL & AMAZONKA —
Монгол охид, бүсгүйчүүдийн цагаан сар, наадам зэрэг үндэсний баяраар өмсдөг дээл, хувцасны сонголт энгийн, тансагаас гадна загварлаг болжээ. Уламжлалт хэв маягийг европ загварын хувцастай хослуулж, haute couture буюу зөвхөн нэг хүнд зориулсан, дээд зэрэглэлийн загварын бүтээгдэхүүн урладаг брэндийн нэг бол “Michel & Amazonka”.
“Michel & Amazonka” брэндийг үүсгэн байгуулагчид нь эгч, дүү дизайнерууд Ч.Янжиндулам, Ч.Нямханд нар юм. Тэдний урласан дээл, эрчүүдэд зориулсан бомбер хүрэм, хээ, угалз хатгаж оёсон өдөр тутмын хувцас гар ажиллагаа ихтэй, дахин давтагдашгүй байдгаараа онцлог. 2013 онд байгуулагдсан “Michel & Amazonka” брэндийн дээл, хувцасны материалыг БНХАУ, БНСУ-аас захиалж авчирдаг. Тэд "Авьяаслаг монголчууд" шоуны уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан бол энэ удаа “Mongolia's Next Top Model” шоуны шүүгч нарын гоёлыг урлаж байна.
Facebook: Michel & Amazonka
— DEER БРЭНД —
Ноолууран бүтээгдэхүүн, залуусын хувцас үйлдвэрлэгч “Deer” брэнд өнгөрсөн долоо хоногоос цагаан сард зориулсан коллекцио худалдаанд гаргажээ. Эко материалаар үйлдвэрлэл явуулдгаа илэрхийлж, буга /deer/-аар өнгө төрх, нэрээ сонгосон тус брэнд хонины ноосон бүтээгдэхүүн дээр суурилж, үйлдвэрлэл явуулдаг. 2015 онд анхны бүтээгдэхүүнээ гаргаж байжээ.
Урт оноо, дэрвэгэр ханцуйтай дээл охид бүсгүйчүүдийн хувьд “Deer” брэндийг сонгох шалтгааны нэг байж болох юм. Энгийн, бүр илүү энгийн гэсэн дүрмээр хувцаслах дуртай дараах загварын ноосон дээлнүүдийг сонирхоорой.
Facebook: DEER brand
— RINCHIN YESUI’S COLLECTION —
“Rinchin Yesui’s collection” буюу “Yesuiboutiqui” /RY fashion/ намар, өвлийн загвартаа торгон ноосон бөгөөд хөнгөн үслэг материалтай хүрэм санал болгосон.
Магнаг болон тэрмэн торгоор хийсэн өдөр тутмын даашинз, мөн гоёлын торон, пансан, хамба хилэн дээл, өдөр тутамд өмсч болохоор торгон даавуун хантаазнууд сар шинийн трэнд болж байна.
Facebook: RY Fashion
— URBAN JEANS —
Үндэсний үйлдвэрлэгч “Urban jeans” брэнд цагаан сарын гоёлд зориулсан “Хүрээ” коллекцио хоёрдугаар сарын 06-наас худалдаанд гаргахаар болжээ. Тус коллекци монгол үндэсний уламжлалт хувцасний хэв маяг, хэлбэр хийцийг орчин үеийн өмсгөл суулт, дэвшилтэт технологийн шийдэл, шинэлэг материалын шинж чанар зэргийг хослуулан урлан бүтээсэн загваруудаас бүрдэж байгаа билээ. “Хүрээ” коллекци бүхэлдээ эмэгтэй загваруудаа ажил хэрэгч, эрхэмсэг тансаг дэгжин, хэв маягийг эрхэмлэгч стиллэг охид бүсгүйчүүддээ зориулан бүтээсэн ба энгэр, ханцуйн хатгамал энгэрийн гоёл бүс зэрэг аксисуараар чимжээ. Харин эрэгтэй загварууддаа үндэсний уламжлалт барлах аргаас санаа авч, энгэрт нь дардас хээ дарж, хатгамал хээг хатгажээ.
Facebook: Urban jeans
— ХАЙРЫН ХУРИМ —
“Хайрын хурим” загварын салон монгол ноолуур, хамбан эмжээр зэргийг сар шинийн баярт зориулсан дээлний материалаар сонгожээ. Тус салоны дээлнүүдийн онцлог нь мөнгөн болон мана, усан болор, утаат болор зэрэг эрдэнийн чулууг дээлэндээ чимэглэл маягаар шигтгэснээрээ онцлог. Эрдэнийн чулуун гоёлтой дээлний загварууд худалдаанд гарчээ.
Facebook: Khairiin hurim
Бэлтгэсэн Б.БАЯСАХ