“Эв”-гүй тавын хэн нь бэ?

Хуучирсан мэдээ: 2017.01.29-нд нийтлэгдсэн

“Эв”-гүй тавын хэн нь бэ?

Монгол орноо тойрон “гороолсон” таван нэр дэвшигчийн хэн нь өнөөдөр Ардчилсан намын шинэ дарга болохыг гишүүдийнх нь сонголт шийднэ. Нийт 160 мянга орчим гишүүн саналаа өгөх учиртай.

“Сумтай тав”-д намын дарга нь эе эвийг хичээх даалгавар өгсөн ч сурталчилгаагаа эхлүүлсэн эхний аймгаасаа л тулалдаж эхэлсэн байдаг.

Нэр дэвшигчдийн хувьд намын гишүүддээ ямар нэг хэмжээгээр танигдсан хүмүүс. Таван нэр дэвшигчээс дөрөв нь Засгийн газрын гишүүнээр ажилласан тул салбарынхандаа ч танигдсан гэж хэлж болно.

Энэ удаад бид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг дахин тодруулж байна.


Н.АЛТАНХУЯГ:

Сурталчилгаагаа эхлүүлсэн өдрөөс л зовлон тоочиж, хэнд гоморхоод байгаа нь ойлгомжгүй асуулт үлдээсэн нэр дэвшигч бол Н.Алтанхуяг юм.

Дунд үеэс нь хамт нэр дэвшиж яваа нөхөд рүүгээ давшилж ханилгаагүй хандсан. Эцэс сүүлдээ Авлигатай тэмцэх газрынханы нэрийг хүртэл барьж, өрөвдүүлэх тактик ашиглаж амжсан. Энэ үлгэрт нь харин хэр олон хүн итгэснийг хэлж мэдэхгүй.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт хэвлэлийнхний дунд 19 цагт Авлигатай тэмцэх газрынхан Н.Алтанхуягийг баривчлах нь гэх “шуум” дэгдэв. Гэтэл тус газар тухайн өдөр экс Ерөнхий сайдыг 16 цагт ирж, мэдүүлэг өгөхийг хүссэн байтал өөрөө 19 цагт баахан хүн дагуулан очиж, бужигнуулсан байх жишээтэй. Үүгээр бол Ардчилсан намаар хамгаалах бамбай болгон ашиглах тактик явж байна уу гэж харагдаж буй.

Уг нь тэрбээр гурван сарын өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэн, дуулиан тариад амжсан. Гэтэл намын даргын сунгаанд орж ирсэнээрээ хаана ямар албан тушаал байна түүн рүү зүтгэх хүн гэдгээ харуулаад буй.

Түүний хувьд Ардчилсан намыг удирдахдаа хийсэн гай олон. 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, Засаглах эрхийг олж авсан нь ганц гялайлгах ажил нь мөн боловч, намдаа ротац явуулалгүй, Үндэсний зөвлөлдөх хороогоо зөвхөн “Алтан гадас” фракцаар бүрдүүлэхийг чармайж ирсэн нь эцсийн дүндээ фракцууддаа цохигдох шалтгаан нь болсон юм.

Үүгээр зогсохгүй, төрийн албыг юу болголоо, хүргэн Г.Дэнзэнгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалд тавьж, “Говь повер” компаниар дамжуулж, Ардчилсан намыг гутаах олон зүйлийг хийсэн дээ. Харамсалтай нь, энэ алдаагаа одоо ч хүлээн зөвшөөрөөгүй тууж яваа нь намын гишүүдтэйгээ хийсэн уулзалт бүрээр нотлон харуулсан.

Хамгийн сүүлд Авлигатай тэмцэх газарт байцаалт өгчихөөд гарч ирээд хийсэн мэдэгдэл нь мөн л үүнийг нотолгоо. Түүний хэлж ярьж байгаа үг бүрээс нь өс хонзон өширхөл мэдрэгдэхээс намыг шинэчлэх, шинэ шатанд гаргах тухай яриа үнэндээ бол олдохгүй.

Хэрвээ тэр олонхийн санал авбал Ардчилсан намаас юу ч хүсэх хэрэггүй, шинэчлэл будаа гээд ойлгочиход бодит үнэнээс хол зөрөхгүй.


С.ЭРДЭНЭ:

Сурталчилгаагаа хийх хугацаандаа Л.Гантөмөр, Ж.Батзандан нартайгаа зад “тулалдсан” Одоо ч тулалдаан нь дуусаагүй л байгаа.

“Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад томоохон хувь нэмэр оруулсан гэж цоллогддог “Шонхор” фракцийн тэргүүн С.Эрдэнэ намын даргад өрсөлдөж байгаа нь одоогийн дарга З.Энхболдын байр суурийг сахиж, үлдэхийн тулд хийж буй алхам ч гэж тайлбарлах хүн олон бий.

1990 оноос хойш улс төрийн тогоонд чанагдахдаа тэрбээр юу эсийг үзэх билээ, “Аавынд” ч сууж үзсэн. Нэгэн үе УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржтой нийслэлийн Ардчилсан намын даргын суудлаас болж, хэвлэлээр дамжуулан байлдаж байв. “Тамга тэмдгийг нь шилжүүлэхгүй” гэдэг хатуухан мэдэгдлийг хийж байсан ч эцэст нь Ш.Түвдэндорж, нийслэлийн Ардчилсан намыг удирдсан юм. Тогоондоо багтаж чадахгүй болтлоо хоёр тийшээ харсан тэднийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нь эвлэрүүллээ гэж хэвлэлүүд тухайн үед тодотгож байсан удаатай.

Тэр жил ганц Ш.Түвдэндоржтой ч тамга тэмдгийн хэрүүл хийгээгүй, намын дарга Н.Алтанхуягтайгаа түс тас үзэлцдэг байв. Хаалттай хаалганы цаана нармайгаа нээлцэхээс наахнуур болж өнгөрсөн бүлгийн хурлын талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Ширээ сандлаа балбаж, над руу гараа чичлэн хашгирсан нь Н.Алтанхуяг болохоос би биш” хэмээн хэвлэлийнхэнд тайлагнасан удаатай.

Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан нам Засгийн эрх барих хугацаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан. Энэ хугацаанд нийтлэлч Б.Батбаяртай том хэрүүл дэгдээж амжсан байдаг. Үүнээс ч болсон уу, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “но”-г нь дэлгэхээр хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа дуулддаг.


Д.ЭРДЭНЭБАТ:

Дотор санаатайдаа юу, эсвэл ингэж явах зарчим барьсан уу, нэр дэвшигчдийнхээ хэнд нь ч тал алдалгүй явсаар сурталчилгаагаа дуусгасан нэр дэвшигч юм.

Ардчилсан нам дотроо нэлээд хүчтэйд тооцогддог МҮДН фракцад харьяалагддаг тэрбээр 2008-2012 онд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам олонхи болж, Засаглах эрхийг авахад түүнийг хамгийн том үүрэг гүйцэтгэсэн гэж намын нөхөд нь үнэлдэг. Намын гал тогоог барьж байсан учраас Ардчилсан нам яавал ялалтад хүрдэг, яавал ялагдалд хүрдэг вэ гэдгийг хамгийн сайн мэдэх хүний нэг.

Өмнөх дөрвөн жилд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Аж үйлдвэрийн сайдаар тус, тус ажилласан. Сайдын алба хаших хугацаанд нь Ардчилсан намын бүлгийг дахин Д.Эрдэнэбат шиг эрс шулуун, хүчтэй улстөрч удирдах шаардлагатай байна гэдгийг хэвлэлүүд хөндөн бичсэн удаатай.

Олонхийн бүлгийг удирдаж байхдаа тэрбээр “УИХ, орон нутгийн сонгуульд сонгогчдынхоо итгэлийг олоогүй нам татан буугддаг байх ёстой” гэсэн асуудлыг бүлгийн хурлын үеэр гишүүд хөндлөө хэмээн хэлснийг нь Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан өлгөж аван уурсаж байсан удаатай. Уг нь намын бүлгийн гишүүдийнхээ ярьсныг хэвлэлүүдэд дамжуулсан нь тэр байсан болохоос биш энэ асуудлыг хөндсөн гишүүн нь өөр хүн байдаг.

2016 оны УИХ-ын сонгуульд нам нь ялагдал хүлээж, орон нутгийн сонгуулийг удирдан орох хүн ховордсон тэр үед намын нөхдийнхөө даалгавраар үүрэг хүлээн ажилласнаар ханатай суудлыг авч ирсэн гэдэг үнэлгээг гишүүд нь өгдөг. Намыг удирдах туршлагатай.


Л.ГАНТӨМӨР:

Эе, эвийг хэрээрээ хичээж явсан ч Ж.Батзандан нарт хариуг нь өгөхөөс аргагүй байдалд оруулж байсан гэдэг.

Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөс улстөрийн гараагаа эхлүүлсэн тэрбээр Ардчилсан намын залуучуудын төлөөлөл юм.

Намыг удирдах туршлага бага ч итгэл үзүүлэхэд аваад явах чадвар бий. УИХ-д гурван удаа дараалан сонгогдсон ч 2016 оны сонгуульд ялагдал хүлээсэн. Тэрбээр энэ сонгуульд Ардчилсан нам ялагдсаны шалтгаан нь фракцуудын тэмцлээс болсон гэж үздэг. Тиймдээ ч намаа шинэчлэх сунгаанд орохын өмнө “Нэг ардчилал”-аа татан буулгаж байв. Гэхдээ энэ шийдвэр нь зөвхөн Л.Гантөмөрийн бус тус фракцад харьяалагддаг бүхий л гишүүдийн хамтын шийдвэрийн үр дүн хэмээн хэлсэн удаатай.

Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газрыг удирдаж, дунд нь засаг унан сэлгээ хийгдэхэд сайдынхаа суудалд эргэн заларсан хоёр хүний нэг нь.

Тэрбээр намын даргад өрсөлдөхөөр болж, мандатаа авах үеэрээ “Ардчилсан намын VI их хурлаас намын шинэтгэлийн хөтөлбөрүүдийг баталсан нь ололт юм. Их хурлаар батлагдсан шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх намын даргыг сонгох гэж байгаа нь онцлог юм. Монголын улстөрчид ард түмнээсээ холдсон гэдгийг намын бүх шатны гишүүд Их хурал дээр хэлж байсан. Тиймээс энэ удаагийн сунгаа, намын даргын өрсөлдөөн Ардчилсан намын итгэлийг сэргээсэн үйл ажиллагаа болоосой гэж найдаж байна. Ардчилсан нам гишүүдийн болоод хүний нөөцийн зөв бодлоготой, эв нэгдэлтэй нам болж ирэх сонгуулиудад олон түмнийхээ итгэлийг буцааж авах шаардлага байгаа” хэмээн хэлсэн байдаг.


Ж.БАТЗАНДАН:

Хамт нэр дэвшиж яваа нөхөдөө “Хөгшин, аймхайгаар” нь дуудаж, тэр бүү хэл намаа муулсан цадиггүй хүний нэг нь Ж.Батзандан.

Улс төрд орох замнал нь иргэний нийгмийн байгууллагын хүчтэй дуу хоолой болж явснаар эхэлдэг. Ардчилсан намд хожуу элссэн ч нэлээд цуутай улстөрчдийнх нь нэг. Намаас намайг нь хөөх нь гэж сенсааци дэгдээх бол энүүхэнд. Ямар сайндаа л Ардчилсан намын Их хурлаас намын даргад өрсөлдөх нэр дэвшигчид 240 саяын босго тавьсныг хамгийн их эсэргүүцэж, элдвээр гоочилсон байтлаа намын даргад өрсөлдөгчдийн бүртгэл эхлэхэд хамгийн түрүүнд нэрээ бүртгүүлж, дуулиан тарьсан.

Хэлснийхээ эсрэг хийдэг хийтэй улстөрчийн нэг гэж тодорхойлж болно. “Эрдэнэт”-ийн тухай PR бол өөрийгөө л дөвийлгэх гэсэн ядмагхан арга нь.

Яг үнэндээ УИХ-ын гишүүдээс хэнийх нь ах, эгч төрд ажиллаж байна вэ гэдэг судалгааг гаргавал Ж.Батзандан магнайлах л болов уу. Ах нь, эгч, нь дүү нь гээд залж өгсөн ургын модны зураг өнгөрсөн өдрүүдэд сошиалаар нэг цацагдана билээ. Тэгээд бас төр цэвэрших ёстой, ах дүү хамаатан саднаа зайлуул гэж бусаддаа уриалаад байгаа, цайрчихсан л хүн дээ.

Түүнийг Ардчилсан намын даргад өрсөлдөх болсноо зарлахад УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Ахыгаа төрийн нарийн болгох гээд Ардчилсан намын Засгийг Монгол Ардын намтай нийлээд унагачихдаг Ж.Батзандан намын дарга болвол өөрөө сайд болох гээд намаа зарчих байлгүй” хэмээн жиргэсэн нь бий.

Өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй гэж улстөрийн хүрээнийхэнд шүүмжлүүлдэг ч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж харин их үнэлдэг болсон байна лээ.

“Шонхор” фракцад харьяалагдаж явсан, гэхдээ өөрийн эрх ашигт нийцүүлэхийн тулд нэг их фракцад хайрцаглагддаггүй гэх нь бий.

“Эегүй” тавын хэн нь намын дарга болох нь өнөөдөр шийдэгдэнэ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж