Дарханы цахилгаан станцыг Германы хөнгөлөлттэй зээлээр өргөтгөж байна

Хуучирсан мэдээ: 2017.01.30-нд нийтлэгдсэн

Дарханы цахилгаан станцыг Германы хөнгөлөлттэй зээлээр өргөтгөж байна

Дархан-Уул аймгийнхан ирэх жилүүдийн эрчим хүчний төлөв, ус хангамжийн системийн цаашдын чиг хандлагаа тодохойлохоор өнгөрөгч баасан гаригт /2017. 01.27/ чууллаа. “Дархан хотын эрчим хүч усан хангамжийн системийн өнөөгийн байдалд үнэлэлт өгөн, хөгжлийн чиг хандлага тодорхойлох” хэлэлцүүлэгт Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Барилга хот байгуулалтын яам, Хот суурины ус хангамж, ариутгах татуурга, ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, Дархан Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албаныхан, эрчим хүч ус хангамжийн байгууллагынхан оролцсон юм.

Жил ирэх тусам Дархан-Уул аймгийн суурьшлын бүс тэлж, үйлдвэрлэл нэмэгдэх тул нэн тэргүүнд эрчим хүч, ус хангамжийн системийг сайжруулах нь чухал гэдгийг энэ үеэр онцолсон. Хоёр дахь 50 жилийн гараан дээр ирж буй Дархан хотын хувьд эрчим хүч, ус хангамжийн байгууламж хуучирч муудсан, нэн яаралтай шинэчлэх шаардлагатайг албаныхан онцолж байсан юм.

Дархан Уул аймгийн Засаг дарга С.Насанбат “Дархан хотын эрчим хүч, инженерийн шугам сүлжээний байгууламж маань он удаан жил ашиглагдсан, насжилт ихтэй, хугацаа дууссан. Тиймээс инженерийн байгууламжинд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг дэс дараатай нэвтрүүлэх нь нэн тэргүүний асуудал. Шинэчлэлийг эхлэхэд санхүүгийн эх үүсвэр нэн чухал. Иймээс Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар усан хангамжийн техник технологийг шинэчлэх төсөл хэрэгжүүлж усны эх булгийн техник технологийн 75 хувийг шинэчилсэн. Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас /ХБНГУ/ хэрэгжүүлж буй усны нөөцийн нэгдсэн менежментийн “МОМО” төслөөр Хараа голын усны нөөцийг сайжруулах туршилт судалгаа амжилттай явуулсан” хэмээн онцоллоо.

Дархан Уул аймгийн эрчим хүчний салбарт Монголдоо анхдагч болох олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа талаар Захирагчийн ажлын албаны дарга Э.Равжаадэлгэрэх онцолж байв. Тухайлбал, Монголд анх удаа 10 МВт-ын хүчин чадалтай, жилдээ 15.2 сая киловат эрчим хүч үйлдвэрлэх нарны цахилгаан станц энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлсэн. Мөн хог ангилан ялгаж, боловсруулж, улмаар эрчим хүч гаргах үйлдвэрийн ажил эхэлжээ. Үүнээс гадна энэ онд гадны хөрөнгө оруулалтаар хийх хэд хэдэн томоохон шинэчлэл, засварын ажлыг дурьдав. Тухайлбал, Дарханы дулааны цахилгаан станцын 35 МВт өргөтгөлийг ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банкны 10.5 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр барьж байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төв цэвэрлэх байгууламжид техник эдийн засгийн үндэслэл хийж 2016-2019 онд түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр шинэчлэх төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Цаашлаад ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны 30 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл, Дэлхийн банкны 30 сая ам.долларын зээлээр Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээний алдагдал бууруулах төсөл зэргийг эхлүүлэхээр төлөвлөжээ.

“Дарханы станцын өргөтгөлийг 2018 онд ашиглалтад оруулна”

Дарханы дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Н.Чимэддорж

Дарханы дулааны цахилгаан станцын гүйцэтгэх захирал Н.Чимэддорж “Манай станцын хувьд 52 дахь жилдээ ажиллаж байнаа. Өөрөөр хэлбэл, хуучирч муудаж, олон жил ажилласнаараа ТЭЦ 2-ын дараа бичигдэнэ. Өнгөрсөн хугацаанд бүрэн хэмжээний засвар шинэчлэл хийж чадаагүй. Хамгийн том хөрөнгө оруулалт нь гэвэл 1987 онд ЗХУ-ынх гэж болно. Түүнээс хойш тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийж чадаагүй.

Манайх 48 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Энэ дээр 35 МВт-ыг шинээр оруулахаар төслийн ажил 2011 онд эхэлсэн. Ажил бага зэрэг удаашралтай байна. Гэхдээ 2018 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Холбооны бүгд найрамдах Герман улсын 23 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Энэ нь сүүлийн үеийн хамгийн том хөрөнгө оруулалт юм.

Хоёрдугаарт, Дархан хотын дулаан хангамжийн онцлог нь Монголд хаана ч байдаггүй нээлттэй системээр явдаг. Өөрөөр хэлбэл, халаалтын системээс шууд халуун усаа авч хэрэглэдэг, бүдүүлэг гэсэн үг. Тиймээс Дархан Уул аймагт хаалттай системийг нэвтрүүлэх шаардлагатай. Усны ачаалал Ус суваг дээр очвол манай станцын өртөг зардал буурна. Одоогоор Дархан Уул аймгийн хувьд 80 орчим хувийг хаалттай системд шилжүүлсэн. 20 орчим хувийг Хараа голын сав газраас гүний усыг олборлож хангадаг. Энэ нь өртөг зардал ихтэй технологи тул татгалзах зайлшгүй шаардлагатай. Манайх шиг хүчин чадалтай ийм станц өөрийн өртгөөрөө явбал 64 хүнтэй л байхад хангалттай. Гэтэл бид өнөөдөр 10 дахин их буюу 460 хүнтэйгээр үйлдвэрлэлээ явуулж байна. Өөрөөр хэлбэл, хуучирч муудсан техник технологийг бүгдийг хүний хүчээр явуулж байгаа юм. Технологийн хуучралыг дагаад ийм дутагдал бий. Цаашид Дархан Уул аймагт хоёрдогч эх үүсвэр барих асуудал аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон. Дахиж шинэ станц барина гэсэн үг.

“30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана”

Эрчим хүчний яам Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимиддорж “2030 он гэхэд улсын хэмжээнд нийт суурилагдсан хүчин чадлын 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэсэн зорилттой байна. Боломж бий. Өнөөдрийн байдлаар Дарханд нарны цахилгаан станц ашиглалтад орсон. Дөргөний усан цахилгаан станц, Салхитын салхин парк гээд хэрэгжсэн төсөл байна. Цогтцэцийд салхин парк байгуулах ажил эхэлж байна. Энэ хоёр жилдээ багтаад 100 МВт-ын салхины эх үүсвэр, 50 орчим Мвт-ын нарны эх үүсвэрийг оруулах төлөвлөгөөтэй байна. Цаашид бид Эгийн голын усан цахилгаан станцыг оруулж чадвал 30 хувь гэдэг зорилт хэрэгжих боломжтой. Гэх мэтчилэн олон төсөл хөтөлбөр бий тул хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байна” гэлээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж