Оюутнууд эсэргүүцлээ илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2017.01.30-нд нийтлэгдсэн

Оюутнууд эсэргүүцлээ илэрхийллээ

Монгол Улсын их сургууль сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж авдаг байна. Энэ суурь хураамжийг бакалаврын түвшний оюутан жилд 224 мянган төгрөг, магистр, доктороор суралцаж буй оюутан 336 мянган төгрөг төлдөг тухай тус сургуулийн оюутнууд ярилаа.

Оюутнуудаас үндэслэлгүйгээр суурь хураамж авч байгааг эсэргүүцэн Монгол Улсын их сургуулийн нэгдүгээр байрны гадна талбайд 14.00 цагт оюутнууд эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөжээ. Тус сургуулийн захиргаанаас энэхүү хураамжийг оюутны сурч боловсрох таатай орчныг бүрдүүлэхэд зарцуулдаг гэдэг ч бодит байдалд ахиц гарахгүй байгааг оюутнууд хэлж байв. Энэ үеэр тэдний байр суурийг сонирхсон юм.

Монгол Улсын их сургуулийн оюутны холбооны тэргүүн Б.Хосбаатар: Таван жил суурь хураамж 224 мянган төгрөг төлсөн, ахиц гарсангүй

-Монгол Улсын их сургуулийн удирдлагууд сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж авдаг. Энэ суурь хураамжийг бакалаврын түвшний оюутан жилд 224 мянган төгрөг, магистр докторын оюутан 336 мянган төгрөг төлдөг. Уг суурь хураамжийг таван жил авч байгаа бөгөөд суурь хураамжийг авснаар бидний сурах орчинд ямөар ч өөрчлөлт орсонгүй. Жил бүр л энэ асуудлыг ярьдаг ч одоо оюутнууд тэмцэх цаг нь болсон гэж бодож байна. Сургуулийн захиргаанд жил бүр гомдол гаргаж, өргөдөл өгдөг. Бид сургуульдаа мөнгө өгч болно. Гэхдээ тэр мөнгийг юунд зарцуулж байгааг л асууж, шаардаж байна. Бидний адил улсын их, дээд сургуулиуд барилга байгууламжийн чанар нь сайжирч байна. Гэтэл манай сургууль хэвээрээ л байгаад байгаа. Сургуулийн захиргаанд шаардлага хүргүүлсэн ч хариугаа авахад номын сангийн ном бүрдүүлэлт, сургалтын орчинд ашигладаг гэсэн цаасан дээрх хэдэн тоо өгсөн. Гэтэл нүдэнд ил хийсэн зүйл юу ч байхгүй байна. Өнгөрсөн жил энэ суурь хураамжийн мөнгө 5.8 тэрбум төгрөг болсон гэсэн” гэж ярилаа.

Монгол Улсын их сургуульд 20 гаруй мянган оюутан суралцдаг аж. Харин энэхүү эсэргүүцлийн жагсаалд 1000 гаруй оюутан оролцон гэдгээ мэдэгджээ.

Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн оюутан “Энэ суурь хураамжийг манай сургуулийн бүх оюутан төлдөг. Хичээлээсээ жилийн чөлөө авсан оюутан ч төлдөг. Жилд 224 мянган төгрөг гэхээр дөрвөн жилд 880 гаруй мянган төгрөг болно. Суурь хураамжийг улиралд 112 мянган төгрөгөөр хувааж төлдөг. Манай Бизнесийн ухааны сургууль 96600 төгрөг, Хууль зүйн сургууль 92 мянга төгрөгийг суурь хураамжид төлдөг. Бид суурь хураамжаа төлсөн тохиолдолд бид хичээл сонголтоо хийх боломжтой. Сургалтын албанаас энэ их мөнгийг сургалтын орчинд зарцуулдаг гэдэг ч бодит байдал дээр тийм биш байна” хэмээн ярилаа.

Оюутнуудын эсэргүүцлийн жагсаалд талаар тус сургуулийн захиргаа, санхүүгээс мэдээлэл авах гэсэн боловч мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн юм.

Монгол улсын их сургуулийн оюутны холбоонд ирүүлсэн тайлбарт дурдсанаар:

2016 оны санхүүгийн тайлангаар нийт 28.2 тэрбум төгрөгийн багц цагийн төлбөр 3.3 тэрбум төгрөгийн суурь үйлчилгээний төлбөрийн орлого орсон байна. Үүнээс сургалтын орчныг сайжруулахтай холбоотойгоор дараах хөрөнгө оруулалтыг хийжээ. Үүнд:

  • Номын сангийн барилгын санхүүжилтэд 7.8 тэрбум төгрөг

  • Хичээлийн байруудын их ба урсгал засварт 1.4 тэрбум төгрөг

  • Сургалтын тоног төхөөрөмж тавилга, эд хогшилд 1.3 тэрбум төгрөг

  • Номын фондын шинэчлэлд 232.2 сая төгрөг

  • Мэдээллийн системийн хөгжүүлэлтэд 50 сая төгрөг нийт 10.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж