Исламын шашинтай нэр бүхий орны иргэдэд АНУ-д нэвтрэх виз олгохоос татгалзсан шийдвэрээ тус улсын төрийн тэргүүн Доналд Трамп “АНУ-ыг алан хядагчдаас хамгаалах алхам” гэж мэдэгдлээ. Цагаач, дүрвэгсэдтэй холбоотой өргөн хүрээг хамарсан зарлигт өнгөрсөн баасан гаригт /2017.01.27/ гарын үсэг зурснаас хойш АНУ-ын ерөнхийлөгч хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн, шашин шүтлэгээр ялгаварласан гэж дэлхий нийтийн шүүмжлэлийн бай болсон юм. Харин Трамп ням гаригийн орой гаргасан мэдэгдэлдээ “АНУ дүрвэгсдэд өршөөл үзүүлэх болно” гэсэн байна.
“АНУ үргэлжид эрх чөлөөний эх орон, эрх зоригтнуудын өлгий нутаг байсаар ирсэн. Бид эх орноо эрх чөлөөтэй, айх аюулгүй байлгах болно. Илэрхийлэхээс зайлсхийж байгаа ч хэвлэл мэдээллийн байгууллагууд үүнийг ойлгож байгаа” гэжээ.
Мөн тэрбээр “Хэвлэлээр ташаа мэдээлж байгааг залруулж хэлэхэд, энэ бол мусульманчуудын эсрэг хориг биш. Энэ бол шашны асуудал биш. Харин эх орноо терророос ангид, аюулгүй байлгах тухай асуудал юм” гэсэн байна.
Шүүмжлэл дагуулсан Трампын зарлигт АНУ 120 хоногийн хугацаанд дүрвэгсдийг хүлээн авахгүй байх, исламын шашинтай долоон орны иргэдэд 90 хоногийн хугацаанд виз олгохоос татгалзах зэрэг асуудал багтсан юм.
Доналд Трамп хувь хүний хувьд, Сирийн хүмүүнлэгийн хямралын золиос болж буй ард иргэдийг анхааран үздэгээ хэлээд, гэхдээ хамгийн чухал нь улс орны аюулгүй байдал гэдгийг онцолжээ. Энэ тухайд АНУ-ын төрийн тэргүүн “Миний нэн тэргүүний зорилт бол эх орноо хамгаалах, эх орныхоо төлөө зүтгэх явдал юм. Гэхдээ төрийн тэргүүний хувьд би зовж шаналж буй тэдгээр хүмүүст туслах арга замыг хайж олох болно” гэж тэр бичжээ.
С.ЦЭЛМЭГ