УИХ өнгөрсөн долоо хоногт Арбитрын тухай хуулийн төслийг шинэчлэн баталсан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөл батлагдсанаар ямар ач холбогдолтой талаарх байр суурийг хүргэе.
“Монголын Арбитраар маргаанаа шийдүүлнэ”
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт: 2014, 2015 онд Иргэний хэргийн анхан шатны шүүх 30, 40 мянган маргааныг хүлээн авч шийдвэрлэсэн. Гэтэл Монголын арбитр жилдээ 40, 70-хан маргааныг шийдэж байна. Заавал шүүхэд очихгүйгээр арбитраар маргаанаа шийддэг байх бололцоог энэ хуулиар нээж өгсөн. Өнөөдөр яагаад Монголдоо биш гадаадад маргаанаа шийдүүлээд байна вэ гэхээр манай улсын арбитрийн хуулийн орчин сул учраас Лондон, Сингапур, Хонконгт очиж асуудлаа шийдүүлээд байна.
Дэлхийн жишигт нийцсэн, шаардлага хангасан хуультай болсноор эх орондоо арбитраар маргаанаа шийдүүлж, олон нийт арбитрт итгэх итгэлтэй болж, энэ нь бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт ч ашигтай болно.
“Арбитр шударга ажиллавал хөрөнгө оруулагчдыг татна”
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: “Алтан Дорнод”-ын шийдвэр гадаадад гарахад атаархаж байсан. Тухайн үед ямар ч байсан арбитрт хандах хэрэгтэй гээд хандсан. Ил далд янз бүрийн яриа гардаг. Гэхдээ тэр үед 160 хуудастай шийдвэр Монголын талд гарсан юм.
“Хан ресурс”-ын маргаанд бид зөв хандсан бол яаах байсан бол гэж боддог л юм. Хэрэв Монголын арбитр шударга ажиллаад ирвэл хөрөнгө оруулагч нарыг татах боломжтой.
“Хүлээн зөвшөөрөгдсөн арбитраар маргаанаа шийдүүлнэ”
УИХ-ын гишүүн Н.Учрал: Гадаадын хөрөнгө оруулагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитраар хэрэг маргаанаа хянан шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа хэрэг. Нөгөө талаар Монгол Улсын хууль тогтоомжийг бусад улс орны арбитр хэрэглэх, эх сурвалж болох гэх мэт олон ач холбогдолтой. Наад зах нь гадаадын хөрөнгө оруулагчид Лондоны, Хонконгийн арбитрт өгөөд бизнес эрхлэгч нар маань гадаадын арбитраар шийдвэрлүүлэхийн тулд үнэтэй өмгөөлөгч хөлслөх гэх мэт. Ер нь бол бизнес эрхлэгчдийг төр дэмжих ёстой. Дэмжинэ гэдэг эрх зүйн орчныг бий болгохыг хэлэхээс биш татварыг нь хөнгөлөөд төдийлөн үр дүнгүй. Маргаан гарвал маргааныг түргэн шуурхай шийддэг систем бий болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх олон талын дэмжлэг байгаа шүү дээ.
“Монголын арбитртыг олон улсад зөвшөөрүүлнэ”
Хууль, зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан: Аливаа маргааныг зөвхөн шүүхээр шийдвэрлэх байсан сонголтыг талууд тохиролцож гэрээндээ тусгасан бол арбитраар шийдүүлдэг болох боломжийг нээж байгаа. Талуудын эрх ашгийг хамгаалах хамгийн өргөн боломжийг олгох, институтаар маргаан шийдүүлэх боломж олгож байгаа асуудал. Энэ хуулийг Монгол Улсын арбитрыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, зөвхөн шүүхэд бус арбитрт маргаанаа шийдүүлэх боломжийг нээж байгаа.
Г.ХОРОЛ