Ардчилсан намын шинэ дарга хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.01.29-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын шинэ дарга хэн бэ?

Ардчилсан намын шинэ дарга хэн болохыг өнөөдөр гишүүд нь шийднэ. Санал хураалт орон даяар нэгэн зэрэг 07.00 цагт эхэллээ, 22.00 цагт санал авах ажиллагаа дуусаж, тоолох процесст шилжих юм.

Нийт 170 мянга гаруй нэр дэвшигч шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан ч анхан шатанд бүртгэл хийлгүүлээгүй гэх үндэслэлээр тус намын дарга З.Энхболд 16 мянган гишүүний санал өгөх эрхийг хүчингүй болгосон.

Иймээс 160 мянга орчим гишүүн намын даргын сунгаанд өрсөлдсөн таван нэр дэвшигчид саналаа өгөх болж буй.

Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсан шалтгаан бол фракц, бүлэглэлийн зодооноос үүдэлтэй. Эрх мэдэл, албан тушаалын төлөөх хуйвалдаан нь нийтлэг эрх ашгийнхаа эв нэгдлийг хангаж чадаагүйгээр үл барам улсаа ч хорлосон. Өөрөөр хэлбэл, энэ нам фракцаасаа болж, олон, олон алдаанд хүрсэн гэдгээ үнэхээр ухамсарласан юм бол нийтлэг эрх ашгаа хангаад, зангидаад явах хүнээ л гаргаж ирэх ёстой. Энэ 40 гаруй хоног хэн нь амбицаасаа татгалзаж тэмцэж, хэн нь фракцтайгаа эвлэрч, алга ташуулсныг ил болгосон. Ярьсныхаа эсрэг, хийсэн үйлдлийнхээ эсрэг явсаар сунгаагаа өндөрлүүлсэн нь ч бий.

Нөгөөтэйгүүр, таван нэр дэвшигчийн хувьд өнгөрсөн жилүүдэд намдаа ямар үүрэг роль гүйцэтгэж ирсэн нь ил тод байгаа. Харьцуулахад С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Л.Гантөмөрийн хэн нь хэн бэ гэдэг эрэмбэ харагдаж буй. Сонголт, шийдэл тань мэргэн байг.

Сонголт зөв гарвал Ардчилсан нам шинэчлэгдэнэ, 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, Засаглах эрхийг ард түмнээсээ авч чадна.

Сонголт буруу гарвал ялалт ч лөөлөө, намын шинэчлэл ч будаа болж, хэдхэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас л шинэ даргаа огцруулах ажиллагаа өрнөж, өнөөх л фракц дагасан зодоонтойгоо суух болно.

Хэдийгээр энэ удаагийн сонголт Ардчилсан намын гишүүдийн хүрээнд өрнөж байгаа ч цаад агуулгаараа улс орны хөгжлийн замыг сонгох түүхэн сонголт юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж