“Насны хишгийг гурван банкаар олгоно”

Хуучирсан мэдээ: 2017.01.30-нд нийтлэгдсэн

“Насны хишгийг гурван банкаар олгоно”

-Цагаан сараас өмнө Насны хишиг авах хүсэлтээ гаргасан тохиолдолд хоёрдугаар сарын 15-ны дотор мөнгөө авна-

Засгийн газраас ахмадуудад олгох “Насны хишиг”-ийг Цагаан сарын болон Үндэсний баяр наадмын өмнө олгохоор болсон. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Майчимэгээс тодрууллаа.

-Насны хишиг батлах журам батлагдсан. Ямар хэлбэрээр насны хишгийг олгох вэ?

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт азай буурлууддаа ач санах тухай хууль батлуулах, насны хишиг тэтгэврийг олгох гэсэн зорилт тусгасан юм. Үүний дагуу бид тооцоо судалгаа хийж 65 ба түүнээс дээш настай ахмад настнуудад Цагаан сар болон Үндэсний их баяр наадмын өмнө жилд хоёр удаа насны хишиг олгохоор хуульд тусгасан. Үүний дагуу 2017 оны нэгдүгээр сарын 24-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Насны хишиг олгох журам баталсан. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ахмадуудад насны хишиг олгох эрх зүйн орчныг мөн тусгаж өгсөн байгаа юм. Насны хувьд Засгийн газрын журамд тусгагдсанаар 65-69 настай ахмад настан 50 мянга, 70-79 настай ахмад настан 80 мянга, 80-89 настай ахмад настан 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийг төрөөс олгохоор шийдвэрлээд байна.

-Ахмадууд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Насны хишиг олгох журмын хавсралтаар баталсан өргөдлийн маягт байгаа. Үүнийг бид цахим хэлбэрээр нийгмийн халамж үйлчилгээний байгууллагуудад байрлуулна. Ахмад настнууд иргэний үнэмлэхтэй ирж өргөдөл бөглөөд гарын үсгээр баталгаажуулна. Харин хэвтэрт байгаа болон бусад шалтгаанаар өөрийн биеэр ирж чадахгүй бол итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлнэ. Тиймээс ахмадууд маань оршин суугаа сум, хорооныхоо халамжийн мэргэжилтэнд хандаад насны хишгээ авах бичиг баримтаа бүрдүүлэх боломжтой.

-Ахмадууд насны хишгийг ямар, ямар банкуудаар дамжуулан авах вэ?

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай гэрээтэй гурван банк болох ХААН банк, Төрийн банк, Капитал банкуудаар дамжуулан Цагаан сарын өмнө болон Үндэсний баяр наадмын өмнө олгоно. Ахмадууд хэрвээ хүсвэл Насны хишиг авах тусгай данс нээлгэж болно. Банкууд насны хишиг олгох дансыг үнэ төлбөргүй нээж өгнө. Харин өөрийн эзэмшиж байгаа дансаар мөнгө авах бол тухайн банкиндаа хандан дансаа бүртгүүлнэ.

-Өргөдөл авах сүүлийн хугацаа хэзээ вэ?

-Энэ оны насны хишгийг өргөдлийг 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл авна. Энэ хугацаанд хэзээ л бол хэзээ өргөдлөө гаргасан ахмадуудад насны хишиг авна гэсэн үг. Үүнээс хойшхи хугацаанд өргөдлөө өгсөн бол дараа онд насны хишиг авна. Тухайн жилийн зургадугаар сарын 30-ны дотор насны хишиг авах ахмадууд өргөдөл болон холбогдох материалаа өгсөн байх шаардлагатай. Цагаан сараас өмнө Насны хишиг авах хүсэлтээ гаргасан тохиолдолд хоёрдугаар сарын 15-ны дотор мөнгөө авна. Өөрөөр хэлбэл, материалаа эрт бүрдүүлэх тусам мөнгөө эрт авна л гэсэн үг.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж