“Болор цом”-д түрүүлсэн шүлэг

Хуучирсан мэдээ: 2017.01.30-нд нийтлэгдсэн

“Болор цом”-д түрүүлсэн шүлэг

Яруу найргийн “Болор цом” 34 дэх удаагийн наадам өнгөрсөн Бямба гаригт /2017.01.28/ Дорнод аймагт болж, яруу найрагч Б.Батсайхан “Тэр эмэгтэй” шүлгээрээ тодорсон юм. Айргийн тавд үлдсэн таван яруу найрагчийн уншсан шүлгээс шалгарч, эзэндээ “Болор цом” авчирсан тэргүүн шүлэг болон "Би энэ зовлонт ертөнцдөө хайртай" шүлгийг сонирхуулъя. 

ТЭР ЭМЭГТЭЙ
 

Тэр эмэгтэйд би хайртай

Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай

Даарсаар очиход минь угтан авч

Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг

Гоо үзэсгэлэнт тэр хүнээс

Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

 

Тэр эмэгтэйд би хайртай

Тэртээ холоос ч угтдагт нь дуртай

Халууцсаар очиход минь тосон авч

Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг

Гомдоох ердөө боломжгүй тэр хүнээс

Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ

 

Жирийн л нэг монгол эмэгтэйгээс

Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ

Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг

Ээж гэдэг


БИ ЭНЭ ЗОВЛОНТ ЕРТӨНЦДӨӨ ХАЙРТАЙ
 

Шинэ өглөөн наран инээж угтдаг тухай

Шингэж одох болгондоо гуниг тээдэг тухай

Мартаж үгүйлэхийн тулд маргааш ирдэг тухай

Манант орчлонгийн үнэн, зовлонгоор төгсдөг тухай

Буцах цагийн аниртай дууг

Бусдаас нууж өөртөө зориулъя

Үртэй хүмүүн бүхэн жаргаж дуулдаг тухай

Үйлийн үнэнд гүйцэгдэн хагацаж дуусдаг тухай

Хагдарч гандахын тулд цэцэгс ургадаг тухай

Хамгаас хайртай бүхэн минь хальж одохын тухай

Одох үнэний гунигтай дууг

Орчлонгоос нууж өөртөө дуулъя

Үймээнт салхины хэлбэр зүггүй байдаг тухай

Үнэн бүхний төгсгөл хатуу байдаг тухай

Навчны энэлэнт чимээнд эгшиг төрдөг тухай

Намрын хөх романсад үнэн оршдог тухай

Төгөлдөр үнэний энэлэнт дууг

Тавилангаасаа нууж өөртөө шингээе

Жиргэж чуулсан шувууд жаргаж дуулсан болохоор

Жирийн бор хоногууд урсаж өнгөрсөн болохоор

Учралын цэнхэр эгшиг тасарч гуньсан болохоор

Уянгын буурал хорвоо тавилангаа дагадаг болохоор

Би энэ зовлон ертөнцдөө л хайртай…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж