Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүнтэй хоёр орны харилцааны талаар ярилцлаа. Тэрбээр Тайландаас гадна Мьянмар, Малайз улсуудад Элчин сайдаар хавсран суудаг юм. Мөн Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажилладаг. Ярилцлагын эхэнд түүний албан намтарыг товч танилцуулъя.
Овог нэр: Төмөрхүлэгийн Төгсбилгүүн
Төрсөн он сар: 1974 оны хоёрдугаар сарын 23
Боловсрол:
1991 онд Улаанбаатар хотноо Зөвлөлтийн 2 дугаар дунд сургуулийг төгссөн.
1994-1995 онд Тайланд Улсын Бангкок хотноо Сринакаринвиротын Их сургуулийн тай хэл, тай судлалын ангид суралцсан.
1995-1999 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцаж, олон улсын харилцаа, англи судлалын бакалавр зэрэгтэй төгссөн.
2007-2008 онд Австрали Улсын Канберра хотноо Австралийн Үндэсний Их сургуульд суралцаж, олон улсын харилцааны магистр зэрэгтэй дүүргэсэн.
Англи, орос, франц, тай хэлний мэдлэгтэй.
Ажлын намтар, туршлага:
1999-2004 онд – ГХЯ-нд мэргэжилтэн, атташе
2004-2007 онд – Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-ны атташе
2009-2011 онд – ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга, дэд захирал
2011-2012 онд – Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх
2012-2015 онд – ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал
2015 оны наймдугаар сараас – Монгол Улсаас Тайландын Вант Улс, Малайз Улс болон Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч.
Тайландад Монголыг төлөөлж суух Элчин сайдаар томилогдсон түүх:
2015 оны наймдугаар сарын 11-нд албан ёсоор үүрэгт ажилдаа орж, мөн оны арваннэгдүгээр сарын 26-нд Тайландын Угсаа залгамжлах Хунтайж Маха Вачиралонгкорнд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан.
Элчин сайдаар өнгөрсөн хугацаанд ажилласан ажлын амжилт:
Миний бие 2015 онд Тайланд Улсад томилогдон ирснээсээ хойш юуны түрүүнд хоёр талын улс төрийн харилцааны өндөр түвшинг хадгалахад анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Тайландын Вант Улсын Ерөнхий сайд генерал Прают Чан-о-ча манай улсад болсон АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтад оролцсон. Мөн үеэр тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хоёр талын уулзалт хийсэн. 2016 онд АСЕМ-ийн хүрээнд болсон парламентчдын болон Сангийн сайд нарын уулзалтад Тайландын тал төлөөлөгчдөө илгээсэн нь хоёр талын харилцаа өндөр түвшинд байгааг харуулж байгаа бас нэгэн үзүүлэлт юм.
Түүнээс гадна, хоёр улсын ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн 2016 онд зохион байгуулсан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ойрын жилүүдийг чиглэлийг тодорхойлох, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тохиролцоход ач холбогдолтой болсон.
Мөн хоёр улсын ГХЯ-дын хамтын ажиллагааны хүрээнд 2016 онд манай улсад АСЕМ-ийн Дээд түвшний уулзалт зохион байгуулах гнэ байсантай холбогдуулан 2015 оны 12 дугаар сард ГХЯ-ны залуу дипломатууд болон АСЕМ-ийн Бэлтгэл ажлын албаны ажилтнуудад зориулан Тайландын ГХЯ-наас тусгайлсан сургалт зохион байгуулсан. Энэ жилийн хувьд манай залуу сэтгүүлчдэд зориулсан “Олон улсын сэтгүүл зүй ба дипломат арга ажиллагаа” сэдэвт сургалт мөн амжилттай болж өнгөрч байна.
Ер нь хоёр улсын техникийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буй бөгөөд бид саявтар Тайландын талтай 2017-2018 оны Монгол, Тайландын Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг тохиролцлоо. Энэхүү хөтөлбөрийн дагуу Тайландын Засгийн газар манай иргэдийг аялал жуулчлал, эрүүл мэнд болон хүний нөөц гэсэн гурван чиглэлээр сургалт, давтан сургалтад хамруулна.
Түүнчлэн, Тайландын Эрхэмсэг Гүнж Маха Чакри Сириндхорны ивээл дор манай хөдөөгийн зарим сургуулиудад “Үдийн хоол” гэсэн нэртэй төсөл амжилттай хэрэгжиж байна. Анх Төв аймгийн Алтанбулаг сумын дунд сургуульд туршилтын журмаар эхлүүлсэн уг төслийг өргөжүүлэн өнөөдөр Төв аймгийн Алтанбулаг, Бүрэн, Баян, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын дунд сургууль хамрагдаж байна.
Ажлын цаашдын төлөвлөгөө:
Хоёр талын улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж байгаа боловч газар зүйн алслагдмал байдал, өндөр өртөгтэй тээвэрлэлт зэрэг хүндрэлээс шалтгаалан эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээ бага байгаа. Тиймээс бид нөөц бололцоогоо нээн ашиглах, хувийн хэвшлийнхний хооронд хэлхээ холбоо тогтооход туслалцаа дэмжлэг үзүүлэх, бизнесийн болон хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллахыг эрмэлзэж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Тайландын Ерөнхий сайдын 2013 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр байгуулахаар тохиролцсон Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөл зохих хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. Энэхүү зөвлөлийн анхдугаар хуралдааныг ойрын үед зохион байгуулж, ажилд оруулахын төлөө ажиллаж байна.
Гурван улсад Элчин сайдаар хавсарч суухын онцлог, чухал өөрчлөлтүүд:
“Миний бие Тайландаас Мьянмар, Малайзид хавсран ажилладаг. Мөн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажилладаг. АНДЭЗНК нь НҮБ-ын бүс нутгийн хамгийн том комисс бөгөөд 53 улсыг эгнээндээ багтаасан уг комисс манай улстай тогтвортой хөгжил, байгаль орчин, худалдаа, эдийн засаг, нийгэм, статистикийн чиглэлээр идэвхтэй хамтран ажилладаг юм. Мөн манай улсын санаачилгаар үүсгэн байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төвийг үйл ажиллагааг АНДЭЗНК-ын зүгээс ихээхэн дэмждэг бөгөөд өнгөрсөн хугацаанд манай ЭСЯ тус төвтэй хамтран “ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай Олон талт хэлэлцээр”-т далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудыг нэгдэн орохыг уриалах, тус төвийн үйл ажиллагаа болон шинээр гаргасан судалгааны ажлуудыг сурталчлан таниулах хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулсан болно.
Сүүлийн жилүүдэд Монгол, Мьянмарын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Өнгөрсөн онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болсон бөгөөд энэхүү ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар Улсад айлчилсан нь чухал ач холбогдолтой болсон. Мьянмар нь ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг шинэ тутам эхлүүлж буй улс болохын хувьд бид Мьянмартай ардчиллыг хөгжүүлэхэд хуримтлуулсан туршлагаасаа хуваалцаж байгаа. Тухайлбал, эрдэс баялгийн зөв зохистой менежмент, төрийн албаны шинэчлэл гэх зэрэг сэдвээр манай Ерөнхийлөгчийн ивээл дор үйл ажиллагаагаа явуулдаг Олон улсын хамтын ажиллагааны сан олон улсын төрийн бус байгууллага, судалгааны төвүүдтэй хамтран сургалт, семинар зохиож, тус улсын өөрчлөлт шинэчлэлд нь бодит дэмжлэг үзүүлж ирсэн. Монгол, Малайзын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ихээхэн боломж бий гэж үзэж байгаа. Тиймээс Малайзын бизнес эрхлэгчдэд Монголыг нээн таниулах зорилгоор ойрын хугацаанд хамтарсан бизнесийн чуулга уулзалт зохион байгуулахаар ажиллаж байна. Малайз Улсад манай залуус олноороо суралцаж байдаг онцлогтой. Тэднийн зарим нь гэмт хэрэгт өртөх, гэмт хэргийн золиос болох асуудал гарч байсан. Элчин сайдын яамны зүгээс Малайз Улсад байгаа иргэддээ хууль ёсны туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг хичээдэг” хэмээн Ц.Төгсбилгүүн сайд танилцуулсан юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.
-Тайландын Вант Улсад цэргийн эргэлт болж олон улсад нэлээд шуугиан тарьсан. Тайландад гарсан цэргийн эргэлт хоёр орны ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү. Ер нь Тайландын улстөрийн байдал ямар байна вэ?
-Одоогоор Тайландын улс төрийн байдал тогтвортой байна. 2014 оны тавдугаар сард цэргийн эргэлтээр ямар ч үймээн самуун гараагүй, цус урсаагүй. Засгийн эрхийг авсан армийн генералууд тухайн үед үйлчилж байсан Үндсэн хуулийг хүчингүй болгож, парламентаа тараасан. Цэргийнхнээс бүрдүүлсэн Засгийн газар “Ардчиллыг сэргээн тогтоох газрын зураглал” гэсэн баримт бичгийг баталж, түүнийхээ дагуу шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж, ард түмнийхээ дунд санал асуулгыг 2016 оны наймдугаар сард явууулсан. Газрын зураглалын дагуу парламентын сонгуулийг энэ оны сүүлээр явуулах товтой байна. Тайландад гарсан төрийн эргэлт Монгол, Тайланд хоёр улсын харилцаанд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй.
-Тайланд, Монголын Засгийн газар болон хоёр улсын хувийн хэвшлийнхний хоорондын хамтын ажиллагаа ямар төвшинд байгаа вэ. Сүүлийн үед ямар чиглэлд хамтран ажиллаж байна вэ?
-Монгол Улс Тайланд улстай 1974 онд дипломат харилцаа тогтоосон. Манай хоёр улсын харилцаа 1990-ээд оны эхэн үеэс хойш идэвхжиж, өндөр, дээд хэмжээний олон тооны харилцан айлчлалууд хэрэгжиж ирсэн. 2013 онд Тайландын Ерөнхий сайд Монгол Улсад айлчлах үеэр Засгийн газар хоорондын хамтарсан зөвлөл гэсэн шинэ бүтцийг байгуулахаар хоёр улсын Засгийн газар тохиролцсон. Энэ нь Засгийн газар хоорондын комисстой адил бүтэц юм. Энэхүү хамтарсан зөвлөлийг ойрын хугацаанд хуралдуулах чиглэлд ажиллаж байна. Зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлснээр зөвхөн хоёр улсын Засгийн газар хооронд биш хоёр орны эдийн засаг, бизнесийн салбарын төвшинд хамтын ажиллагаа илүү өргөжин тэлэх боломжтой болно.
-Монголчуудын хувьд Тайландад эмчилгээ хийлгэх болон аялал, жуулчлалын шугамаар нэлээд зорчдог. Харин Тайландаас Монгол руу зорчих, аялал жуулчдын тоо ямархуу байдаг вэ. Ер нь Монгол Улсаа сурталчлах чиглэлд ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна?.
-Монголоос Тайландад жилдээ 8-10 мянган иргэн аялал жуулчлалын шугамаар ирдэг статистик бий. Харин Тайландаас Монгол руу аялах жуулчдын тоо харьцангуй бага. Тиймээс тайчуудыг Монгол руу аялуулдаг болгоход анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсаа таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил Монгол, Тайландын дипломат харилцаа тогтоосны 42 жилийн ойг тохиолдуулан хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтыг зохион байгууллаа. Энэхүү тоглолтыг Тайландын 1000 орчим иргэн үзэж сонирхсон бөгөөд энэ нь урт хугацаандаа Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж харж байна.
-Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд ямар байна?
Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд манай хоёр улсын худалдааны эргэлт бага боловч цаашдаа бизнесийн хамтын ажиллагаа өргөжих боломж бий. Хоёр улсын худалдааны эргэлт жилдээ 33 орчим сая ам.долларт хүрч буй. Тайландаас Монголын уул уурхай болон эрүүл мэндийн салбарт тодорхой хөрөнгө оруулалтыг хийсэн. Хөрөнгө оруулалтын хувьд нэг тэрбум ам.долларт хүрсэн.
-Цаашид худалдааны эргэлтийн тоо нэмэгдэх боломжтой юу? Өнгөрсөн жилүүдэд хоёр улсын эдийн засгийн харилцаанд өөрчлөлт орсон уу?
-Одоохондоо өөрчлөгдөөгүй. Худалдааны эргэлт буурч, нэмэгдээгүй, тогтвортой байна. Манайхны хувьд Тайланд руу хүдэр, жонш болоод машины зарим эд ангийг экспортолдог. Эргээд Тайландаас Монгол руу элсэн чихэр, цагаан будаа, цаас, хөргөх төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнийг импортлож байгаа.
-Монгол Улсын эдийн засаг амаргүй байна. Ийм үед улсаа төлөөлөн гадаадад суугаа элчин сайд нар эх орон руу хөрөнгө оруулалт татахад хэрхэн анхаарлаа хандуулдаг вэ? Таны хувьд яаж ажиллаж байна?.
Хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд бие биенээ таниж мэдэх чухал. Тиймээс бид Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийг ажилд оруулаад зөвхөн улс төрийн биш, худалдаа эдийн засгийн харилцаанд анхаарах шаардлагатай. Би энд ажиллах хугацаандаа бизнесийн форум хамтран зохион байгуулах, хөрөнгө оруулалтыг татах талаар Тайландын хувийн хэвшлийнхэнтэй ярилцаж, эхлүүлсэн зүйл бий.
-Тайландын хөрөнгө оруулагчдыг Монгол руугаа татах, улсынхаа бизнесмэнүүдийг эргээд энэ улс руу авчрах цогц бодлого Гадаад харилцааны яам болон Элчин сайдуудад үгүйлэгдээд байх шиг?
Худалдаа, эдийн засгийн таатай харилцаа улс төрийн харилцаанаас шууд хамаарна. Мөн эрх зүйн орчин их чухал. Монгол, Тайландын хооронд бол тодорхой хэмжээний бизнесийн эрх зүйн орчин бүрдсэн байгаа. Тайланд улс бол Зүүн Өмнөд Азийн зангилаа төв учир бизнесийнхний сонирхлыг ихэд татдаг. Мьянмар, Кампуч, Лаос гэх мэт орнууд руу Тайландаар дамжиж гарна. Өөрөөр хэлбэл, тээврийн гарц улс нь Тайланд гэсэн үг. Бизнесийнхэн харилцан бие биенээ таних уулзалт, мэдээлэл солилцох асуудал л хамгийн чухал болоод байна. Тайландын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг төдийлөн сайн мэддэггүй. БНХАУ, Япон, БНСУ болоод АСЕАН-ын орнууд, АНУ, Европын орнуудтай эдийн засгийн өргөн харилцаатай байдаг.
Ер нь нэг л өдөр эдийн засгийн харилцаа өргөжөөд, хөгжинө гэж ойлгож болохгүй. Тиймээс бид хамтын ажиллагаагаа алхам алхамаар нэмэгдүүлж байж гэмээн сая эдийн засгийн харилцаа өргөжин хөгжинө. Ингэхдээ өөрийн орныхоо эдийн засгийн давуу байдал, боломж нөхцөлөө сайн сурталчилж байх шаардлагатай.
-Монголыг сонирхож, шинээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бүтээн байгуулалт хийхээр саналаа илэрхийлсэн Тайландын хөрөнгө оруулагчид байна уу?
Хувийн хэвшил, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллах сонирхлоо илэрхийлсэн компаниуд бий. Иймээс ойрын хугацаанд Монгол руу Тайландын бизнес төлөөлөгчдийг явуулахаар төлөвлөн манай Элчин сайдын яам ажиллаж байгаа.
-Манайд өнгөрсөн зун болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад Тайландын Ерөнхий сайд ирж оролцсон. Энэ үеэр цаашид хоёр улсын хооронд хийгдэх өндөр дээд түвшний төрийн болон ажлын айлчлалыг нэмэгдүүлэх сонирхолтойгоо илэрхийлсэн байсан?
Хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд хоёр тал биенээ илүү сайн таньж мэдэх шаардлагатай гэж бид үзэж байгаа. Энэ зорилгоор дээр хэлсэнчлэн хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан зөвлөлийг ойрын хугацаанд ажилд оруулах нь чухал байгаа. Үүнийг хоёр талын аль аль нь анхааран ажиллаж байна.
Түүнээс гадна, энэ 2017 онд Тайландын парламентын төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлуулахаар төлөвлөж байгаа.
–Монгол ноолуурыг Тайланд торготой хослуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл эхлүүлсэн гэж та өмнө нь хэвлэлд ярилцлага өгөхдөө дурдсан байсан. Энэ төсөл ямар шатанд явж байна вэ?
-Монгол ноолуурыг тайланд торготой хослуулж брэнд бүтээгдэхүүн гаргах санаачлагыг гаргаж, бэлтгэл ажлуудыг хангасан. Бангкокийн томоохон худалдааны төвд Монгол ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, бизнесийнхэн хоорондоо танилцаж,төслөө цааш нь үргэлжлүүлэх боломжтой. Ер нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй төсөл хэрэгжүүлэхэд хоёр талын нэгдмэл санал, сонирхол байж амжилттай урагшилна.
Ер нь Тайланд улс аялал жуулчлалын салбарт нэлээд туршлага хуримтлуулсан орон учраас Монгол Улсад суралцах зүйл олон бий. Гадны жуулчдыг эх орондоо татахын тулд сурталчилгаа маш чухал. Элчин сайдын яам Тайландын аялал жуулчлалын компаниудтай хамтын ажиллагаа тогтоож, тайчуудыг Монгол руу аялуулах талаар ярилцаж байна. Монгол, Тайланд улс газар нутгийн хувьд бие биеэсээ алслагдмал ч хоёр орны холбодог нийтлэг зүйлс олон бий. Тухайлбал, шашин шүтлэг, соёл, зан заншлын хувьд ижил төстэй зүйлс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд таатай нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна 2006 оноос хойш Монгол, Тайландын иргэд харилцан визгүй зорчдог болсон. Энэ нь хоёр улсын харилцаа, тэр дундаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
-МИАТ компани Улаанбаатар-Бангкок чиглэл шууд нислэг үйлдэхээр болсон гэж байсан. Энэ яриа хэлэлцээ хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-МИАТ компани энэ жил БНСУ-ын Бусан, Тайландын Бангкок руу нислэгийн шинэ чиглэл нээхээ зарласан байна билээ. Улаанбаатар-Бусаны нислэг эхэлчихсэн. Харин энэ жилдээ багтаж Улаанбаатар-Бангкок чиглэлд шинэ нислэг нээгдэнэ гэж найдаж байгаа. Монгол Тайландын хооронд 1994 оноос хойш Агаарын харилцааны хэлэлцээр үйлчилж байгаа. Энэхүү хэлэлцээрийн дагуу нислэгийн эрхийг МИАТ компанид шилжүүлэх хүсэлтийг Тайландын тавьж, зөвшөөрөл авсан. Тиймээс ойрын хугацаанд Улаанбаатар-Бангкокийн чиглэлд шууд нислэг нээгдэнэ гэж харж байна.
-Засгийн газар хоорондын тэтгэлгээр монгол оюутнууд Тайланд улсад суралцах боломж хэр нээлттэй байгаа вэ. Энэ чиглэлд ямар ажлууд хийж байна?
-Тайланд улс 1990-ээд оноос эхлэн манай улсад техникийн туслалцаа үзүүлж, 2000 оноос хойш магистрын тэтгэлэг олгож байгаа. Тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж, төгссөн монгол залуус нэлээд бий. Харин одоогоор харьцангуй цөөхөн монголчууд суралцаж байна. Үүнээс гадна Тайландад Азийн технологийн институт гээд бүс нутгийн олон улсын боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Энэ институтэд сүүлийн 20 орчим жил манай олон оюутан тэтгэлгээр суралцсан. Энэ уламжлалыг цаашид хадгалж, тоог нь улам нэмэгдүүлэхийг бид зорьж байна.
-Та Малайз улсад Монголыг төлөөлөх Элчин сайдыг хавсран суугаа. Монгол эмэгтэйчүүд хүний наймаа болон хар тамхины хэрэгт холбогдох болсон. Гэмт хэргийн гаралт буурсан уу?
-Хэдэн жилийн өмнө бол гэмт хэрэгт холбогдох монголчуудын тоо өсч байсан. Харин одоо бол буурсан. Малайз, Монголын иргэд харилцан визгүй зорчдог. Тиймээс Малайзид манай олон тооны оюутан англи хэлний дамжаанд суралцдаг. Санамсартай, санамсаргүй байдлаар гэмт хэрэгт холбогдох Монгол иргэд нэлээд байсан ч сүүлийн жилүүдэд асуудал намжсан. Одоогоор дуулиантай хэрэгт холбогдсон монгол иргэн байхгүй.
-Тэгвэл Тайландад гэмт хэрэгт холбогдож, ял эдэлж буй монгол иргэн байна уу?
-Хулгайн хэрэгт холбогдсон дөрвөн иргэн байсан. 2017 оны өмнөхөн Тайландын шинэ хааны өршөөлөөр дээрх дөрвөн иргэн суллагдаж, эх орондоо буцсан. Үүнээс өөр ял эдэлж, шоронд хоригдож буй монгол иргэн байхгүй.
-Ярилцсанд баярлалаа.
Гэрэл зургийг Ц.БАТБААТАР
2017.01.25 Тайланд, Бангкок хот