МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулж буй 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний плей-оффын тоглолтууд үргэлжилж байна.
ЭРДЭНЭТ ХОТ ИКОН БАГИЙН ХОЖИГДООГҮЙ ЦУВРАЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР
Зүүн бүсийг итгэл төгс 100 хувийн амжилттай тэргүүлсэн “Эрдэнэт хотын Икон” эхний шатанд Өвөрхангай аймгийн “Өвөрхангай Хас Хэлхээ” багтай учраа таарсан. “Икон”-чууд цувралыг эхний хоёр тоглолтод өрсөлдөгчөө хожоод байсан. Э.Цэрэнбаатар, Б.Дархантөгс нараар ахлуусан Өвөрхангай хожигдох эрхгүй тоглолтыг эхлүүлсэн юм. Энэ ч утгаар өвөрхангайчууд тоглолтын эхнээс тун нямбай үзлээ. Улмаар тоглолтын эхний хагас тэнцүүхэн дуусав. Харин гурав болон дөрөвдүгээр үед “Эрдэнэт Икон” багийн легионер тоглогчид А.Уинстон, Сим Кум Бёл нар багийнхаа довтолгоог “онц” дүнтэй удирдаж байлаа. Ийнхүү “Эрдэнэт Икон” 116:96-гаар өрсөлдөгчөө хожин, цувралд 3:0-ээр илүүрхэж Зүүн бүсийн аваргын төлөө тоглох эрхтэй боллоо. Тэд улирлын 11 болон плей-оффын 3 тоглолтод хожсноор хожигдоогүй цуврал нь 14 болж байна. Тус тоглолтод А.Уинстон 33 оноо, 10 оновчтой дамжуулалт, Сим Кум Бёл 24, Ч.Фанчес 24 оноо, 13 самбар авчээ. Өвөрхангай аймгаас Б.Дархантөгс 23 оноо, Э.Цэрэнбаатар 17 оноо, 8 самбар, Үлэмж 12 оноо авсан байна. Икон баг бүсийн аваргын төлөө Сүхбаатар Альянс Тех Дундговь аймгуудын хожсонтой нь тоглоно.
"АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД" БАРУУН БҮСИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОХООР ШАЛГАРЧ ҮЛДЛЭЭ
Баруун бүсийг тэргүүлэн плей-оффт шалгарсан Архангай аймгийн “Архангай Алтан Дорнодын Дайчид” эхний даваанд Баянхонгор аймгийн “Баянхонгор Мазаалай” багтай учраа таарсан. Цувралыг 2:0-ээр “Дайчид” тэргүүлж байлаа. Тоглолтын нэгдүгээр үед Баянхонгороос Баасандорж онцгой тоглолт үзүүлэн 17 оноо авсан юм. Гэхдээ хоёрдугаар үеэс эхлэн архангайчууд тэргүүлсээр өрсөлдөгчөө 123:105-аар буулган авав. Ийнхүү “Дайчид” 3:0-ээр цувралд илт илүүрхэж, Баруун бүсийн аваргын төлөө тоглох эрхтэй боллоо. Тус тоглолтод “Дайчид”-аас М.Хэммондс 27, Г.Баттөр 23, Р.Тюрнэр 23 оноо, 13 оновчтой дамжуулалт өгчээ. Баянхонгороос Баасандорж 22, Ганзориг 16 оноо авав. Харин Алтан дорнодын дайчидтай өрсөлдөх баг хараахан тодроогүй бөгөөд Ховд алтан аргаль, Хөвсгөл нэг үе багуудын цувралын 3 дахь тоглолт маргааш буюу мягмар гарагт 18,00 цагаас МУИС-ийн зааланд болно.
МҮСБХ