Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав Монголын ард түмэн, бүх аж ахуйн нэгж, байгууллагад хандаж эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө хандивын хөдөлгөөн өрнүүлж байгаагаа мэдэгдлээ. Уг хөдөлгөөнд найман настай балчираас 80 настай буурал хүртэл, ажил мэргэжил, нас хүйс харгалзахгүй идэвхитэй оролцож нэгдэхийг уриаллаа.
Түүний тооцоолсноор наймаас 30 хүртэл насны хүмүүс 1000 төгрөгөөс өссөөр 23 мянга /найман настай бол 1000, есөн настай бол 2000 гэх мэтээр 30 хүртэл 1000 төгрөгөөр өсгөн/, 31-ээс 40 насны хүмүүс 150.000 төгрөг, 41-ээс 50 насны хүмүүс 200.000, 51-ээс 60 насны хүмүүс 150.000, 61-70 насны хүмүүс 50.000, 71-ээс дээш насны хүмүүс тус бүр 20.000 төгрөг хандивлахад 214 тэрбум төгрөг хуримтлуулж одоогийн үүсээд буй эдийн засгийн түр хямралаас гарах боломжтой гэлээ. Иргэдээс гадна төрийн дунд болон өндөр албан тушаалтнууд, мөн аж ахуйн нэгжүүдээс албан тушаал, орлогын зөрөөг харгалзан ялгавартай хандив авбал 425 тэрбум төгрөг цугларах боломжтой гэж тооцжээ.
Хандиваас гадна оффшор бүсэд байршуулсан мөнгийг Монголдоо оруулж ирэх хуулийг яаралтай батлан гаргаж нэгдүгээр улиралдаа багтаан Монголдоо оруулж ирүүлсэн байх заалтыг хуульчлах, энэхүү хуулиар оффшор бүсээс мөнгө хөрөнгөө оруулж ирсэн хүмүүс, аж ахуй нэгжид ямар нэг хуулийн хариуцлага тооцохгүй байх заалт оруулах саналтай байгаагаа дурдлаа.
Мэдэгдлийн төгсгөлд “Эх орныхоо төлөө” санд өөрийн зүгээс 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө хандивлаж уг санд хандив тусламж өгсөн хүмүүс, аж ахуй нэгж байгууллагуудыг хэвлэлээр сар бүр олон нийтэд мэдээлж, цугласан мөнгийг Засгийн эрх бүхий байгууллагуудын тодорхой албан тушаалтнуудад олон нийтийн өмнө хүлээлгэн өгч байх болно гэлээ.
Хандивын данс:
Төрийн банк 104400420823
Хаан банк 5014452956 юм байна.
Г.БАТТҮШИГ