Баасан гаригт /2017.01.27/ Цагаан ордонд зочилсон Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй Вашингтоноос шууд Туркийг зорьжээ. Тэрбээр амралтын өдрүүдээр Туркт айлчилж, тус улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай БРЕКСИТ-ээс хойш Турктэй худалдааны гэрээ байгуулах асуудлаар ярилцах гэнэ. Тереза Мэй өнөөдөр өглөө Анкарад газардсан байна.
“Их Британи Европын холбооноос гарсны дараа Турктэй худалдааны шинэ харилцаа тогтоохын тулд хэлэлцэж, тохиролцох шаардлагатай олон асуудал бий” гэж Британийн засгийн газраас мэдэгджээ. Уулзалтын үеэр Тереза Мэй, Режеп Тайип Эрдоган нар мөн аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар ярилцах гэнэ.
С.ЦЭЛМЭГ