УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учралаас Ерөнхий сайдад хандан тавьсан Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийн асуулгын хариуг сонслоо.
УИХ-аас 2012 онд Инновацийн тухай хуулийн төслийг баталсан ч дагалдах журмуудыг нь гаргаагүй байна. Энэ нь Инновацийн тухай хуулийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхэд учир дутагдалтай явж иржээ.
Иймээс Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд үндэслэн хувийн хэвшлийн оролцоонд тулгуурласан Хамтын хөрөнгө оруулалтын санг байгуулж, инновацын төсөл арга хэмжээг санхүүжүүлэх зорилт тавин ажиллаж буй аж.
Уг зорилтыг биелүүлэх хүрээнд төр хувийн хэвшлийн хамтарсан хэлбэрээр инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал боловсруулах ажлыг энэ онд хийхээр төлөвлөжээ.
Асуулгын хариуг сонссоны дараа УИХ-ын гишүүн Н.Учрал “Инновацийг хөгжүүлэх асуудал нь зөвхөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны асуудал биш салбар бүрийн асуудал.
2012 онд батлагдсан Инновацийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь дагалдах 22 журмаас дөрөв нь батлагдсантай холбоотой.
32 гарааны компани байгуулагдсан ч татварын хөнгөлөлт үзүүлдэггүй зэрэг хуульд заасан үүргээ төр хэрэгжүүлсэнгүй.
Өмнөх Засгийн газрын үед энэ хуулийн хэрэгжилтийг хангах ажил зохион байгуулаагүйтэй холбоотой.
Одоо хуулийн хэрэгжилтэд бодитой дүн шинжилгээ хийж, хугацаатай төлөвлөгөө гаргаж ажиллах шаардагатай. Инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, интернэтээр худалдан авалт хийх, төрөөс худалдааг нь дэмжих чиглэлээр ажиллах шаардлага байна” гэсэн юм.
Г.ДАРЬ