Хар тамхины хэрэг 76.1 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2017.01.30-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэрэг 76.1 хувиар өсчээ

Мансууруулах бодис хадгалах, тээвэрлэх, борлуулах гэмт хэрэг нэг жилийн дотор 76.1 хувиар өссөн үзүүлэлтийг өнөөдөр /2017.01.30/ болсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн /ШЕЗ/ мэдээллийн үеэр дурьдлаа. Тодруулбал, 2015 онд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх, эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, борлуулах гэмт хэрэг 42 бүртгэгдэж байжээ. Тэгвэл 2016 онд энэ тоо 74 болж 76.1 хувиар өссөн байна. Мөн мансууруулах бодистой холбоотой ял шийтгүүлсэн хүний тоо 76 байсан бол 138 болж 81.5 хувиар өссөн байна.

Сүүлийн хоёр жилд хар тамхи болон хүчин, бусдын биед хүнд гэмтэл учруулах хэрэг нэмэгдэх хандлагатай болжээ. Хүчингийн хэрэг л гэхэд 2.7 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 3.5 хувиар өссөн байна. Мөн бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулах хэрэг 2015 онд 303 байсан бол 2016 онд 317, ял шийтгүүлэгчдийн тоо 314-өөс 325 болж нэмэгджээ.

Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 46.2 хувь нь 18-29 насны, эрхэлсэн ажил сургуульгүй хүмүүс байна.

Цагдан хоригдсон хүний тоо 12.8 хувиар өссөн бол үүний 58.9 хувь нь хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр цагдан хоригдсон байна.

Ял авсан иргэний тоо 14.7 хувиар буурчээ

Ял шийтгүүлсэн хүний тоо 2016 онд 14.7 хувиар буурсан гэх тооцоог ШЕЗ-өөс гаргажээ. Тодруулбал, хүнийг санаатай хөнөөх, хулгай, дээрэм, танхайн хэрэг 7-18 хувиар буурсан мэдээг дуулгалаа. 2016 онд гэмт хэргийн улмаас 526 хүний амь хохирч, 1218 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Харин гэмт хэргийн улмаас улсад 15 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс гадна дээд болон бүрэн дунд боловсролтой ял авсан хүний тоо 0.7-1.4 хувиар өсчээ.

Нийт 6566 хүн ял шийтгүүлснээс 5114 хүн хорих ялаар шийтгүүлжээ.

Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан маргаан 57 хувиар өсчээ

Үндэслэлгүйгээр ажлаас халсан, цалин хөлстэй холбоотойгоор иргэд шүүхэд хандах нь нэмэгдсэн байна. Тухайлбал, 2015 оноос энэ төрлийн маргаан 230-300 хэргээр буюу 33-57 хувиар өсчээ.

Үүнээс гадна иргэд хоорондоо худалдах, худалдан авалт хийх, зээлийн гэрээ, банкны зээлтэй холбоотой маргаан нэмэгджээ. Тухайлбал, худалдах худалдан авах арилжаатай холбоотой маргаан 32 хувиар, банкны зээлтэй холбоотой маргаан 30.7 хувиар өссөн байна.

Төрийн албаныхны маргаан 23.4 хувиар өсчээ

Шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо 23.7 хувиар өсчээ. Энэ дундаас ихэнх хувийг төрийн албаныхан, мөн газрын наймаа, ашигт малтмал, сонгуулийн маргаанууд эзэлсэн байна. Тухайлбал, нийт хэргийн 23.5 хувийг газрын маргаан, 23.4 хувийг газрын маргаан эзэлжээ.

Графикийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны тайлан мэдээгээс ашиглав.

-Монголын Улсын шүүхийн 2016 оны тайлан мэдээг бүрэн эхээр нь http://www.judcouncil.mn/main/5010–2016-.html эндээс үзнэ үү.

Б.ЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж