АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн кампанийнхаа үеэр ард түмэндээ чухал амлалтууд өгсөн. Лалын шашинтнуудыг эх орондоо нэвтрүүлэхгүй, Мексикийн хилийн дагуу хэрэм босгоно зэрэг хурц зоримог бөгөөд шүүмжлэл дагуулсан амлалтууд нь түүнийг дэмжигчдийг улам итгэлтэй болгож, харин эсэргүүцэгчдийг улам бүр өдөөсөн гэж болно. 45 дахь ерөнхийлөгч ба түүний засаг захиргаа албан үүргээ эхлүүлсэн эхний 10 хоногийн дотор л гол асуудлаарх ерөнхийлөгчийн байр суурь тодорхой болж эхэллээ.
Сонгуулийн өмнөх ба дараах Доналд Трампын гол амлалт ба түүний биелэлт хэрхэн өрнөж байна вэ?
OBAMACARE
Өмнө: Өмнөх засгийн бодлогуудаас Трампын хамгийн "үзэн яддаг” нь энэ. Санхүүгийн байдлаас шалтгаалж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж чаддаггүй хүн амын 15 орчим хувьд даатгалыг хүртээмжтэй болгох тухай энэ хуулийг Бүгд найрамдах намынхан ихэд шүүмжилдэг. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүнд дарамт учруулж, ажилгүйдэл бий болгож байна гэж тэд үздэг.
Сонгуулийн сурталчилгааны үеэр Трамп энэ бодлогыг хүчингүй болгож, өөр шинэ хуулиар зохицуулна гэж байсан ч ялалтаас хойш хоёр хоногийн дараа хандлага нь арай зөөлөрсөн юм. Барак Обаматай Цагаан ордонд уулзсаныхаа дараа тэрбээр хуулийг бүхэлд нь цуцлах асуудлыг дахин бодож үзэх шаардлагатай, учир нь, энэ хуулиас хамгийн үр өгөөжтэй, нийтэд ашигтай бодлогыг хэвээр үргэлжлүүлнэ гэж байв.
Гэхдээ ерөнхийлөгчийн албаа хүлээж авсан эхний өдрөө тэр Obamacare хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэс болсон Хүртээмжтэй эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу төрийн байгууллагуудад тавигдаж буй шаардлагыг зөөлрүүлэх тухай зарлигт гарын үсэг зурсан юм. Энэ нь цаашдаа Obamacare хөтөлбөрийг цуцлах анхны алхам байсан гэж болно.
ХАНА БАРИХ
Мексиктэй хиллэдэг АНУ-ын өмнөд хилийн дагуу хана босгоно гэсэн түүний амлалт сонгуулийн сурталчилгааны үеэрх хамгийн их маргаан дагуулсан. Хана барих зардлыг Мексикийн тал гаргах ёстой гэж Трамп мэдэгдэж байсан юм.
Ерөнхийлөгч Трамп хана барих тухай зарлигт хэдийнэ гарын үсэг зурсан бөгөөд Мексикийн бараа бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулах замаар хана барих мөнгийг шийднэ гэсэн нь хөрш орны зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байна. Мексикийн ерөнхийлөгч энэ асуудлаас болж АНУ-д хийх айлчлалаа цуцлахад хүрэв.
ЛАЛЫН ШАШИНТНУУДЫГ АНУ-Д НЭВТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ
Доналд Трамп өмнө нь лалын шашинтнуудыг АНУ-д нэвтрүүлэхгүй байх тухай ярьж, амлаж байв. Цагаачдын эсрэг хатуу бодлого баримтална гэсэн нь Трампын сонгуулийн гол амлалтын нэг байсан юм.
Доналд Трамп лалын терррорист бүлэглэлүүдийг АНУ-д нэвтрүүлэхээс сэргийлэх арга хэмжээг чангатгах тухай зарлигт өнгөрсөн баасан гаригт /2017.01.27/ гарын үсэг зурав. Зарлигт “мэдэгдэхүйц өөрчлөлт гарах хүртэл Сирийн дүрвэгсдийг хүлээн авахаас татгалзах”, АНУ 2017 онд хүлээн авах дүрвэгсдийн тоог 50 мянга хүртэл бууруулах зэрэг асуудал багтжээ. Тэрбээр цаашид АНУ-аас түр оршин суух зөвшөөрөл хүсч буй Сирийн дүрвэгсэд христийн шашинтай бол давуу тал болно гэж хэлсэн байна.
Зарлигт багтсан хязгаарлалтуудыг товч танилцуулахад:
Цагаач иргэдийг хүлээн авах хөтөлбөрийг 120 хоногийн хугацаанд зогсоох
Мэдэгдэхүйц өөрчлөлт гарах хүртэл Сирийн дүрвэгсдийг хүлээн авахаас татгалзах
Ирак, Сири болон өөр бусад “тайван бус” байдалд байгаа орны иргэдийг 90 хоногийн хугацаанд хүлээн авахгүй байх. Үүнд, Ойрхи Дорнод ба Африкийн долоон улс багтсан баг тэдгээр нь Ирак, Сириэс гадна Иран, Ливи, Сомали, Судан, Йемен гэгдэж байна.
Цаашид дүрвэгсдийг хүлээн авах асуудалд тухайн иргэн улсынхаа шашны цөөнх бол шашин шүтлэгийг харгалзан үзэх
2017 онд 50 мянгаас хэтрэхгүй тооны дүрвэгсдийг хүлээн авах зэрэг асуудал багтжээ.
АНУ-ын төрийн тэргүүний шийдвэр дэлхий даяар ихээхэн шүүмжлэл дагуулж, хүний эрхэнд халдсан, Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гэгдэж байгаа ч Трамп энэ шийдвэр, бодлогоо хатуу баримтална гэдгээ илэрхийлээд байна.
ХУУЛЬ БУС ЦАГААЧДЫГ ГАРГАХ
Албан ёсны бичиг баримтгүй, хууль бусаар цагаачлын амьдарч буй хүн нэг бүрийг АНУ-ын нутаг дэвсгэрээс гаргана гэж тэр хэлсэн. Нийтдээ 11,3 сая хууль бус цагаач “явах ёстой” гэв.
Ерөнхийлөгч нэн тэргүүнд визний зөрчлийг арилгах ёстой гэж үзэж байна. Мөн өнгөрсөн баасан гаригт үзэглэсэн зарлигтаа тэр виз олгох журмыг чангатгах шийдвэрийг мөн багтаасан юм. Үүнд, виз хүсч буй бүх орны иргэдийн мэдээллийг нарийвчлан шалгах, ярилцлагагүйгээр виз мэдүүлэх журмыг түр хугацаанд цуцлах зэрэг багтжээ.
ДЭЛХИЙН ДУЛААРАЛ
Дэлхийн дулаарал бол "өндөр үнэтэй хууран мэхлэлт" хэмээгээд АНУ-аас НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хөтөлбөрт төлдөг их хэмжээний төлбөрийг зогсоох хүсэлтэй гэдгээ Трамп хэлж байв. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын гэрээнээс татгалзах тухай ч тэр ярьж байлаа.
Одоогоор энэ талаар тодорхой шийдвэр гараагүй байгаа ч байгаль орчныг хамгаалах нэрийн дор ажилгүйдэл бий болгож буй бүх шийдвэрийг цуцална гэж мэдэгдээд байгаа.
ЭРҮҮ ШҮҮЛТ
Дотоодын аюулгүй байдалд хатуу байр суурь баримтлахаа илэрхийлсэн тэрбээр АНУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан, алан хядах бүлэглэлийнхэнтэй хатуу тэмцэнэ. Үүний тулд эрүүдэн шүүх арга техникийг ашиглана гэдгээ мэдэгдсэн юм. Ялангуяа “усан тавцан” гэгдэх толгойг нь усанд дүрэх аргыг хэрэглэнэ гэж удаа дараа хэлсээр ирсэн юм.
Пентагоны тэргүүн Жеймс Мэттис усан тавцан арга нь бусад эрүү шүүлтийн аргууд шиг үр дүнтэй биш гэхийг сонсоод ихэд гайхсан тухайгаа Трамп хэлэв. Гэхдээ тэр эрүү шүүлтээс ухрахгүй гэдгээ мэдэгдээд байна.
С.ЦЭЛМЭГ