“Боож үхлээ” жагсаалд 5000 хүн оролцсон гэв

Хуучирсан мэдээ: 2017.01.30-нд нийтлэгдсэн

“Боож үхлээ” жагсаалд 5000 хүн оролцсон гэв

  • Агаарын бохирдлыг бууруулахад дорвитой арга хэмжээ авахыг шаардсан “Боож үхлээ” жагсаал өнгөрөгч бямба гаригт Сүхбаатарын талбайд боллоо. Жагсаалыг зохион байгуулагч Ц. Пүрэвхүү хэлэхдээ “Одоогоор “Боож үхлээ” жагсаалд 5000 гаруй эцэг, эхчүүд ирсэн. Бид 10 мянган өргөдлийн маягт бөглүүлэхээр тараасан байгаа. Хэрэв энэ өргөдөлд 10 мянган хүн гарын үсэг зурсан цуглуулах бол тоо нь тодорхой болно” гэж тайлбарлалаа.


  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2017 онд нийслэлийн төсөвт 3.2 тэрбум төгрөг суулгасан талаар өнгөрөгч баасан гаригт болсон НИТХ-ын агаарын бохирдлыг бууруулах хэлэлцүүлгийн үеэр дурьдлаа. Мөн улсын төсөвт таван тэрбум төгрөг суулгасан нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бага хэдий ч байгаа боломжоо дайчлан ажиллана гэдгийг холбогдох албаныхан хэллээ.


  • Ардчилсан намын шинэ даргыг сонгох сонгууль өчигдөр орон даяар болж өнгөрлөө. Нийт 21 аймаг, 330 гаруй сум, нийслэлийн есөн дүүргийг хамарч байгаа энэ удаагийн сонгуульд 160 мянга орчим гишүүн саналаа өгч, шинэ даргыг сонгоор тооцоолсон.

Намын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр нар өрсөлдлөө.


  • Ардчилсан намын дарга З.Энхболд “Түшээ” дээд сургуулийн санал авах байранд саналаа өглөө. Тэрбээр энэ үеэр “Бид анх удаа зарчмын том өөрчлөлтийг зориглож хийж байна. Аль ч нам даргаа төлөөлүүлэн сонгож, түүгээрээ бусад байгууллагаа байгуулдаг. Харин Ардчилсан нам анх удаа дэлхийн жишигт хүрч, нийт гишүүдээрээ даргаа сонгуулж байна. Энэ нь манайд тулгамдаж байгаа мөнгөтэй хүмүүс улс төрд орж, улс төрийн намыг өөрийн болгох, төрийн бодлогод хувийн ашиг сонирхлын зүгээс нөлөөлөх зүйлийг таслан зогсоох зорилготой” гэж мэдээллээ.


  • МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргаж, Н.Алтанхуяг өөрийг нь ор үндэсгүйгээр гүтгэсэн тул уучлалт гуйхыг шаардаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр “Н.Алтанхуяг нь Авлигатай тэмцэх газарт очиж байцаалт өгснийхөө дараа хэвлэл мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа намайг Ардчилсан намын даргын сунгаанд нөлөөлж, сунгааны өмнө Н.Алтанхуягийг гэмтэн болгож харагдуулах гэж байгаа мэтээр ор үндэсгүйгээр гүтгэж, нэр төрд халдсанд харамсаж байна.

Миний бие хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй, төрийн ажлын ийм ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаагүйг надтай нэг танхимд хэдэн жил хамт суусны хувьд Н.Алтанхуяг гадарлах учиртай. Тиймээс энэхүү увайгүй үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардаж байна” гэж мэдэгджээ.


  • МҮОНРТ-ийн ерөнхий захирлыг шалгаруулах сонгон шалгаруулалтын дүн эцсийн байдлаар гарч, Л.Нинжжамц удирдах боллоо. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл өнгөрсөн баасан гаригт шийдвэрээ гаргасан юм. Тодруулбал, Үндэсний зөвлөлд битүүмжлэн ирүүлсэн есөн нэр дэвшигчийн материалтай ажлын хэсэг танилцаж, сонгон шалгаруулалтыг явуулахад эхний шатанд Б.Ундраа, сэтгүүлч Д.Цондовдорж, Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нинжжамц нар тунаж үлдсэн байна. Улмаар нууцаар санал хураалт явуулахад Л.Нинжжамц олонхийн санал авчээ.


  • “Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлт” судалгааны дүнд иргэдийн хувьцааны талаарх мэдлэг тааруу байгааг гаргажээ. Тухайлбал, санамсаргүй түүврийн аргаар нийт 1002 хүнийг хамруулсан дээрх судалгааны үр дүнд дөрөвний гурав нь арилжааны банкны үйлчилгээний талаар мэддэг гэж хариулсан бол дөрөвний гурав нь хөрөнгийн биржийн үйлчилгээний талаар мэдлэггүй гэж хариулсан байна. Түүнчлэн 43 хувь нь хувьцаа, бондын арилжааг ашигтай гэж үздэг боловч тэдгээрийн мэдлэг харилцан адилгүй байгаа нь дээрх судалгаанаас харагдсан байна.


  • Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын амралт дуусаж, өнөөдөр хичээл нь эхэлнэ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалын дагуу сурагчдын амралтын хугацаа арав орчим хоногийн өмнө дууссан ч Улаанбаатар хотын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байсан учраас Эрүүл мэндийн сайд амралтын хугацааг хойшлуулах санал гаргасныг холбогдох газрууд хэлэлцэн шийдвэрээ гаргасан юм.


  • Онцгой байдлын ерөнхий газраас аюулт осол, нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ.

Өнгөрсөн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнөөс эхэлж, цаг агаар эрс хүйтэрч, цасаар шуурсан. Үүнтэй холбоотойгоор Онцгойгийнхон “Цасанд суусан, сураггүй болсон” гэх дуудлага олноор хүлээн авсан байна.

Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малх багийн Мухар гэдэг газар иргэн Ө / 40 настай, эрэгтэй/ өчигдөр 18:00 цагт малдаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагаиржээ. Тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу 4 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 3 иргэн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад иргэн Ө /40 настай, эрэгтэй/ өөрөө гэртээ ирсэн тул эрлийн ажиллагааг зогсоосон байна.


  • БНХАУ-ын цагаан сарын баяртай холбогдуулан өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд амарсан байна. Гэхдээ амралтын хугацаа дуусч хэвийн ажиллагаандаа шилжжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж