Хуучирсан мэдээ: 2017.01.28-нд нийтлэгдсэн

Бид “Боож үхлээ”

Өвлийн жавар тачигнаж, өдөртөө л -22 хэмийн хүйтэн энэ өдөр утааны эсрэг “Боож үхлээ” жагсаал боллоо. Гартаа хар өнгийн шаар барьсан багачууд, амандаа маск зүүсэн эцэг, эхчүүд, “Биднийг авраач” хэмээн бичиг барьсан залуус гээд нас насны хүмүүс “Боож үхлээ” жагсаалд нэгдэхээр хүрэлцэн ирсэн байлаа.

Тэд  “Монголд эх хүн байх хэцүү байна. Ээжүүд хэвлийдээ тээж буй үрийн маань зүрх цохилох болов уу гэж айдаг боллоо. Бидний үрс утаанаас болж хордож байгаад боож үхлээ. Утааны эсрэг зоригтой алхам хийгээч. Утааны эсрэг нэрээр шахааны бизнес хийхгүй байхыг шаардаж байна” хэмээн орилцгооно.

“Үр удмаа утаанаас аваръя”, “Ээждээ тэврүүлмээр байна”, “Биднийг авраач” хэмээх зурагт хуудастай самбар байршуулж, бичиг барьсан ээж, аавууд өнөөдөр /2017.01.28 / Сүхбаатарын талбайд нэгдэн, утааны эсрэг “Боож үхлээ” жагсаалыг хийж буй нь энэ.

Утааны эсрэг “Боож үхлээ” жагсаалыг зохион байгуулагч Ц. Пүрэвхүү хэлэхдээ “Одоогоор “Боож үхлээ” жагсаалд 5000 гаруй эцэг, эхчүүд ирсэн. Бид 10 мянган өргөдлийн маягт бөглүүлэхээр тараасан байгаа. Хэрэв энэ өргөдөлд 10 мянган хүн гарын үсэг зурсан цуглуулах бол тоо нь тодорхой болно. Сая Монголын үйлдвэрчний соёлын төв ордноос утааны эсрэг жагсаалын цуваа төв талбайд хүрэлцэн ирлээ. Энэ бол баярын жагсаал, концерт биш. Бид хотын утааг эсэргүүцэж, боох үхэх шахсандаа жагсаж байна” гэсэн юм.

“БООЖ ҮХЛЭЭ” ЖАГСААЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ Ц. ПҮРЭВХҮҮ

“Боож үхлээ” жагсаалд гэр бүлээрээ оролцож байгаа Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Баттогтохтой таарлаа. Тэрбээр “Би ирээдүйн үр хүүхдийнхээ төлөө энэ жагсаалд оролцож байна. Утаа хэрээс хэтрээд байна. Тийм учраас л ирээдүйн үр хүүхдүүдийнхээ төлөө гэр бүлээрээ оролцож байна. Жагсаалд охин, хүү, хүргэн, зээ нартайгаа явна. Манайх Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг. Өглөө, оройдоо амьсгалахад ч бэрх, утаатай нөхцөлд амьдарч байна. Бид боож үхлээ” хэмээн ярилаа.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭН Г.БАТТОГТОХ

Түүний дэргэд үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн Чингэлтэй дүүргийн иргэн Ш.Батцэцэг “Манай гэр бүл хотын төвд орон сууцанд амьдардаг. Гэхдээ утаанаас болоод ханиалгаад, шөнө унтаж чадахгүй байна. Миний 80 гарсан настай аав, жаахан хүүхэд маань унтаж чадахгүй байна. Өнөөдөр утааны эсрэг жагсаалд оролцож байгаадаа баяртай байна. Бид үнэхээр боож үхмээр байна. Одоо ингээд хавар болно. Тэгэхэд энэ утаа дахиад л мартагдах вий гэхээс айж байна” гэв.

Утаанаас болж жилд 0-5 нас хүртэлх 435 хүүхэд нас барж байгаад “Боож үхлээ”. Хотын захиргаа 2030 онд агаарын бохирдол буурна гэсэн. Гэтэл дахин 13 жилийн дараа 7000 хүүхэд хорвоог орхиж, утаанаас хордсоор байх болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. Мөн энэ жагсаалыг зохион байгуулах хамгийн гол хүч нь хүүхдүүд. Тийм учраас маскгүй ирээдүйнхээ төлөө масктайгаа хүрэлцэн ирж жагсаалд оролцож байгаа эцэг, эхчүүдийн сэтгэл хамгаас хүчтэй байдгийн илэрхийллийг энэ жагсаалаар харууллаа.

Идэр есийн хүйтэнд ирээдүй болсон хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө жагсаж буй ээж, аавуудтай нэгдэхээр урлагийнхан хүрэлцэн ирж, ая дуугаа өргөсөн юм. Мөн жагсаалын үеэр үнэ төлбөргүй маск, халуун цайг тарааж байв.

Энэхүү жагсаалын төгсгөлд Засгийн газрын ордонг нар зөв тойрч, утааны хор уршгийг харуулах үүднээс хар өнгийн шаар буюу “хар шаар-длага”-ыг Төрийн ордны хашаанд өлгөсөн юм.

Энэхүү шаардлагын эхний хариуг 2017 оны хоёрдугаар сарын 15-ны дотор багтаан “Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллагад бичгээр, мөн нийт иргэдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан танилцуулахыг шаардаж байгаа аж.

А.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж