Кисэносатогийн ёслолд 18 мянган хүн оролцжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.28-нд нийтлэгдсэн

Кисэносатогийн ёслолд 18 мянган хүн оролцжээ

Японы сүмо бөхийн отгон ёкозүна Кисэносатогийн дохё-ири буюу дэвжээний ёслол өчигдөр /2017.01.27/ Токио хотын Мейжи сүмд болжээ. 19 жилийн дараах япон аваргын энэ хүндэтгэлийн ёслолыг 18 мянга хүн үзэж сонирхсон байна.

1998 оноос хойш төрсөн анхны япон ёкозүнагийн ёслолд түүний харьяалагддаг Тагоноура дэвжээний сүмочид болох Такаяасү, Шохозан нар бараа болж, ёслол үйлджээ. “Ёслол алдаа мадаггүй болж өнгөрсний дараа л дотор уужирлаа. Сэтгэл санаагаа тайван байлгаж, эр зоригтой, хүчтэй байх гэж хичээсэн” хэмээн Кисэносато ёслолын дараа сэтгэгдлээ хуваалцсан байна.

Нэгдүгээр сарын хацү башёд 14 даваатай түрүүлснээр ёкозүна цолны болзол хангасан түүнийг Ёкозүнагийн зөвлөл дэмжиж, улмаар өнгөрсөн лхагва гаригт /2017.01.25/ хуралдсан Японы сүмогийн холбооны удирдах зөвлөлийн хурлаас батламжилсан юм. Ийнхүү 72 дахь ёкозүна Кисэносато Монголын их аваргууд болох Хакүхо, Харумафүжи, Какүрюү нарын хамт сүмогийн дэвжээг өнгөлөх болж байна.

Кисэносато ёкозүнагийн ёслолоо Үнрюү хэлбэрээр хийжээ. Ёкозүнагийн дохё-ири ёслолыг Үнрюү, Ширанүи гэх сүмогийн эртний аваргуудын нэрээр нэрлэгдсэн хоёр хэлбэрээр хийдэг аж. Үнрюү хэлбэрээр ёслол гүйцэтгэхдээ нэг гараа өргөж, нөгөө бүснийхээ тушаа барьдаг гэнэ.

Ёслолын үеэр Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккакү /зодог тайлсан ёкозүна Хокүтоуми/ 72 дахь ёкозүна Кисэносатод баяр хүргэхийн сацуу, сүмогийн үнэнч хөгжөөн дэмжигчдэд талархал илэрхийлжээ. Залуу ёкозүнаг дэмжихээр цугласан хөгжөөн дэмжигчдээс урам зориг авах нь гарцаагүй гэж Хаккакү хэлсэн байна.

Ёслолд мөн Кисэносатогийн эцэг, эх оролцжээ.

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж