Их Британи болон Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Гамшгийн менежментийн хөтөлбөрийн хамтарсан баг Сэлэнгэ аймгийн зудтай сумдад ажиллалаа. Гамшгийн менежментийн хөтөлбөрийн хамтарсан багийнхан Сэлэнгэ аймгийн Жавхлант, Шаамар сумдад 01 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд ажиллаж цас ихтэй, зудтай байгаа тус сумдын малчин өрхүүдээр явж зудын байдалтай газар дээр нь танилцаж үнэлгээ, шинжилгээ хийсний үр дүнд аймгийн Улаан загалмайн хорооноос гаргасан судалгааны дагуу Сэлэнгэ аймгийн 8 сумын 152 өрхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний бэлэн мөнгөний тусламжийг олгохоор санал дүгнэлт гаргасан байна. Мөн дараагийн 8 сумын 240 өрхөд адил тусламжийг олгуулахаар Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгтээ санал тавьж ярилцахаар болжээ. Өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллах хамтарсан багийн бүрэлдэхүүнд Их Британийн УЗН-ийн Гамшгийн менежментийн хөтөлбөрийн зохицуулагч Петер Жонес, Логистик хариуцсан менежер Том Макгрегор, Амьжиргааг дэмжих хөтөлбөрийн зохицуулагч Файнбар Швини, Хяналт үнэлгээ төлөвлөлтийн зохицуулагч Элистрэйл Панч болон аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Улаан загалмайн хорооны тэргүүн Г.Бямбаа, аймгийн УЗХ-ны дарга Б.Түвшинжаргал, МУЗН-ийн Гамшгийн бэлэн байдал, тусламжийн хөтөлбөрийн баг ажиллалаа.
ЭХ СУРВАЛЖ: SELENGE.GOV.MN