Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг ирэх хоёрдугаар сарын 1-нээс уртасгаж, 20 цаг хүртэл ажиллахаар болгожээ.
Харин Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг ирэх гуравдугаар сарын 1-нээс 20 цаг хүртэл ажиллах талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өгсөн юм.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэгээс тодруулахад “Томоохон эмнэлгүүдийн ачааллыг бууруулах зорилгоор салбарын яамнаас тусламж үйлчилгээний зохицуулалтыг хийж байна. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20 цаг хүртэл ажиллахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор томоохон эмнэлгүүд хүний нөөцийнхөө судалгааг Эрүүл мэндийн яаманд ирүүлж байгаа. Ойролцоогоор нэг эмнэлэгт 6-15 эмч, сувилагч нэмж ажиллуулах шаардлагатай гэсэн тооцоог гаргаад байна” гэв.
Мөн эдгээр эмнэлгүүдийн зарим ачаалал ихтэй оношилгооны тасгууд уртасгасан цагаар ажиллах гэнэ. Иргэд томоохон эмнэлгүүдээр үйлчлүүлэхдээ заавал онлайнаар болон биеэр очиж цаг авсан байх шаардлагатайг мэргэжилтнүүд хэллээ.
А.СҮРЭН