Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд ОХУ-ын Буриад улсын Ахмадын байгууллагатай Монгол улсын Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг, Багануур дүүргийн ахмадын хороод 2017-2019 онд хамтран ажиллах гэрээ байгуулах арга хэмжээ боллоо. ОХУ-ын Буриад улсын Ахмадын хороон дарга Очиров.Ц.Р, Монгол улсын Сэлэнгэ аймгийн Ахмадын хороон дарга Р.Ганхуяг, Дархан-Уул аймгийн Ахмадын хороон дарга Д.Энхтайван, Орхон аймгийн Ахмадын хороон дарга М.Амаржаргал, Багануур дүүргийн Ахмадын хороон дарга Ж.Мядаг нар гэрээнд үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь хоёр дахь удаагаа байгуулж байгаа гэрээ юм. Төвийн бүсийн ахмадын байгууллагууд 2015 онд Хиагтын районтой анхны гэрээгээ байгуулж үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлсэн байна. Хамтын гэрээг орос талдаа Буриад улсын Хиагтын ройны дарга А.В.Буянтуев, Монгол талдаа аймгуудын Засаг дарга нар баталгаажуулдаг. Гэрээний хүрээнд хоёр улсын ахмадууд харилцан амралт сувилалд амарч, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулан, тэмдэглэлд ой, тусгайлсан арга хэмжээнд хамрагддаг. Мөн бие биенээ дэмжиж, хөгжиж үерхэж нөхөрлөх гээд хүний ёсны сайхан үйл явц өрнөдөгт ахмадын хороодын дарга нар баяртай байна.
Сэлэнгэ аймгийн Ахмадын хороон дарга Р.Ганухяг:
ОХУ-ын Хиагтын районы Ахмадын байгууллагатай хамтран ажиллах гэрээг байгууллаа. Та бүхний энэхүү гэрээний ач холбогдол юу бэ?
Өнөөдөр 2017-2019 онд ОХУ-ын Буриад улсын Ахмадын хороотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Бид ОХУ-тай эртний найрсаг хамтын ажиллагаатай. Хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөжүүлэх, ахмадуудаа хөгжүүлэх, амралт сувилалд харилцан солилцох, урлаг, спортоор өрсөлдөх гээд олон олон арга хэмжээг төлөвлөсөн гэрээнд гарын үсэг зурлаа. Буриад улсын Хиагтын районы дарга Буянтуяев, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нар бидний хамтын гэрээг хоёр талаас баталгаажуулж байна. Энэ гэрээ утга учиртай. Учир нь орос монгол ард түмний найрамдалт хамтын ажиллагааны үргэлжлэл гэж ойлгодог. Бид орос буриад хүүхдүүдтэй хар багаасаа наадаж, үерхэж нөхөрлөж өссөн. Өнөөдөр ч маш ойрхон байж хамтарч ажиллаж байна. Энэ дашрамд бидний ажлыг дэмжиж тусалж байдаг аймаг орон нутгийн удирдлагууддаа баярлаж талархаж явдагаа илэрхийлье.
Та бүхэн ОХУ-ын Буриад улсын Ахмадын хорооны даргад хамтран ажиллах саналаа хүргүүллээ. Энэ талаар тодруулахгүй юу?
Бид өнөөдөр ОХУ-ын Буриад улсын Ахмадын хорооны дарга Гармаев даргад хамтарч ажиллах санамж бичгийг хүргүүлж байна. Мөн Сэлэнгэ, Зэдийн районуудтай хамтын ажллагаагаа өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурж явуулж байна. Энэ нь бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлэх томоохон арга хэмжээ болж байгаад баяртай байна.
Хамтын гэрээний хүрээнд чухам ямар онцлох ажил арга хэмжээг зохион байгуулсан бэ?
Хоёр дахь удаагийн хамтын ажиллагааны гэрээгээ үзэглэж байна. Анхны гэрээг 2015 онд хоёр жилийн хугацаатай байгуулж байсан. Энэ гэрээгээ бид сайн хэрэгжүүлсэн гэж ойлгож байгаа. Буриадаас 100-гаад ахмад манайд ирж амарсан. Манайхаас 200-гаад ахмад Буриадад очиж амарсан. Халхын голын дайн, эх орны дайн бусад арга хэмжээнд харилцан оролцлоо. Хиагтын районд “Сур харваан” гэж наадам болдог. Үүнд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг сүүлийн 3 жил дарааллан очиж амжилттай оролцож байна. Манай үндэсний их баяр наадамд Буриад нөхдүүд маань ирж оролцдог. Бидний хэрэгжүүлэх арга хэмжээ улам өрөгжин тэлж, оролцож байгаа хүмүүсийн тоо жил жилээр нэмэгдэж байгаад баяртай байна. Зөвхөн баяр ёслолын хүрээнд биш харилцан бие биендээ туслах, амьдралд нь сэтгэл санаа болон бусад хэлбэрээр дэмжиж үйл явц бас болдог. Өнгөрсөн жил манай ахмадын хорооноос зохион байгуулсан Ахмад настны анхдугаар их наадамд Буриадын тал ирж оролцсон. Хоёр талын ахмадууд маань хуучин найз нөхдөө сураглаж байна. 1960, 70-аад оны дурсамжаа хуваалцаж байна. Байхгүй нэгнийгээ дурсаж байна. Ийм хүний ёсны сайхан харилцаа тогтож байдагт таатай байгаа.
Буриад улсын Хиагтын районы Ахмадын хороон дарга Очиров.Ц.Р:
Сэлэнгэчүүд та бүхнийхээ амар мэндийг эрэн мэндчилье. Өнөөдөр 4 аймгийн Ахмадын байгууллагын дарга нартай хамтын гэрээ байгууллаа. Энэ нь манай хоёр гүрний ахмадуудын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлж, найз нөхдийн холбоог өргөжүүлсэн өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Бид ахмад өндөр настнууддаа ашиг тусаа өгөх, хамтарч хөгжих олон сайхан ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, найрсаг хамтын ажиллагаа маань мандан бадрах болтугай. Ахмадууддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ЭХ СУРВАЛЖ: SELENGE.GOV.MN