Махны худалдааг иргэдэд илүү ойртуулах зорилгын дор хотын төвд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулах нь хүнсний аюулгүй байдал талаасаа эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцэхгүй байгаа юм.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Сар шинийн баярыг тохиолдуулан наадмын талбайн авто машины зогсоол дээр мал, мах худалдах үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрдөг байсан ч эрүүл ахуйн талаасаа дагаж үүсдэг асуудлууд маш их байсан. Тодруулбал ариун цэврийн зориулалтын газар байхгүй, гарын ариун цэвэр сахих тухай яриад ч хэрэггүй. Цаашлаад хот тохижуулах газрын зам талбайн үйлчлэгчдийн ажилд төвөг уддаг. Хог шороо их цуглардаг, орчин тойрноо бохирдуулдаг. Төр засгийн зүгээс махны ил задгай, эмх замбараагүй худалдааг цэгцлэх зорилгоор Таван-эрдэнэ захыг байгуулж үйлчилгээ явуулах нөхцлийг бүрэн хангасан юм. Энд иргэдийн хүнсний аюулгүй байдалд анхаарлаа хандуулж мал эмнэлэгийн лабортори байгуулсан. Таван-Эрдэнэ худалдааны төвөөр дамжиж байгаа мах нь эрүүл ахуйн стандарт хангасан шинжилгээний бичигтэйгээр иргэдийн гарт хүрч байгаа.
Мөн өмнө нь Эрдэнэт хотын хэмжээнд мал, махны үйлчилгээ үзүүлэх нэгдсэн газаргүй байсан. Мэргэжлийн лабортори, малын эмч нарын хяналтаар өдөр бүр орсон шинэ, хүнсний аюулгүй махыг эндээс л худалдан авах боломжтой. Махны худалдаа явуулах бүхий л стандарт шаардлагыг энд хангасан юм. Хөрш зэргэлдээ сумдад хонь, ямааны цэцэг өвчний халдвар зогсоогүй энэ үед хотын төвдөө мал амьтны гаралтай бүтээгдэхүүн худалдана гэдэг нь маш том эрсдлийг дагуулж байгаа юм. Иргэдийн тухайд хувь хүнээс мах худалдан авахдаа шинжилгээний бичигтэй танилцах шаардлагыг тавьж байхыг анхааруулж байна. Ерөнхийдөө хотын төвд махны худалдаа огт явуулахгүй учраас зориулалтын хяналт, шинжилгээгээр орсон мах худалдан авах нь зүйтэй. Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас өдөр бүр ил задгай махны худалдаатай холбоотойгоор шалгалт хийж ажиллаж байна. Зөвшөөрөлгүй мах худалдаалсан иргэдтэй хатуу хариуцлага тооцох юм.
ТАВАН-ЭРДЭНЭ – ХҮЛЭГ ЗАХЫН ХООРОНД ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ МИКРО ЯВЖ БАЙНА
Орхон аймгийн Баян-өндөр сумын ЗДТГ, Аймгийн мэргэжлийн хяналтын газар “Жаргалант мах” импекс ххк-ийн хооронд байгуулсан гурвалсан гэрээний хүрээнд “Таван-Эрдэнэ” зах нь өөрсдийн зүгээс микро автобусаар иргэдэд үйлчилж байна. Өдөр бүр 08:00, 12:00, 14:00 цагуудад “Хүлэг” хүнсний захын урдаас нийтийн тээвэр байнга явж байна.
Цагаан сарын баяр ойртож “Таван-эрдэнэ” зах руу очиж худалдан авалт хийх иргэдийн тоо эрс нэмэгдэх хандлагатай байгаа учраас шаардлагатай чиглэлүүдэд нэмэлтээр нийтийн тээврийн хэрэгсэл явуулахаар болсон байна.
ЭХ СУРВАЛЖ: WWW.ERDENET.MN