Богдын дээлний уран хатгаас

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

Богдын дээлний уран хатгаас

БОГД ХААНЫ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН ДЭЭЛИЙГ ОЛОН НИЙТЭД ДЭЛГЭН СОНИРХУУЛЛАА

Сав шим ертөнцийг дүрсэлсэн хээтэй, шар хоргой өнгөтэй Богд хааны магнаг торгон ёст дээлийг олны хүртээл болголоо. Энэ дээл эржгэр хар хилэн хөвөө, хиаз захтай, магнаг торгон нударгатай, таван гуулин товчтой, дурдан дотортой ажээ. 

Богд хааны ордонд нээгдсэн үзэсгэлэнд  Богдын хэрэглэж байсан язгуурын таван бурхант титэм, сувдан хээтэй хантааз, хүрэм зэргээс гадна Дондогдулам хатны хүрэн торгон суурьтай, жижиг сувдан битүү дагнаас хээн дээр дунд зэргийн сувд давхарлан шигтгэсэн улаан торгон тоорцог малгай мөн хүндтэй байр суурь эзэлнэ. 

VIII Богд гэгээн Жавзандамба хутагтын эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт, уран нарийн уран хатгамалтай, олноо тэр бүр дэлгэн сонирхуулдаггүй ховор нандин дээл, хувцсыг Богд хааны ордон музейд өнөөдөр /2017.01 27/ нээлтээ хийж буй “Хатгамаллах урлагийн гайхамшиг” үзэсгэлэнд дэлгэсэн юм.

Монгол уран хатгамал, хөөрөгний даалин урлалыг ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд бүртгүүлэх ажлын эхлэл болох Монголын нэртэй 50 гаруй уран хатгамалчдын уран гараар бүтсэн, сор бүтээлүүдийг сонирхуулсан нь үзэгдийн сонирхлыг эрхгүй татна.

Нагтан, зээгт, зүү ороох зэрэг олон төрлийн уран хатгамал бий. Эдгээрээс зүү ороох оёдол нь чулуун зэвсгийн үед үүссэн байх магадлалтайг эрдэмтэн судлаачид тогтоосон байна. Үүний нэг илрэл нь “Хүннүгийн язгууртны цогцолбор” булшны археологийн олдворт уул, ус үүлэн хээгээр чимэглэсэн уран нарийн хийцтэй ширмэл, нэхмэл эдлэл олдсон билээ. Олдворууд дунд зүү ороож хатгасан торгоны тасархай олдсон нь судлаачдын анхаарлыг ихэд татсан ажээ.

Монголын үндэсний уран хатгамал нь маш тансаг, уран нарийн хийцтэй, нягт нямбай оёдол шаарддаг. Тиймээс ч монголчууд “торго уйлуулах”, “даалимба инээлгэх” гэж ярьдаг байжээ. Ур ухаан, сэтгэл, мэдрэмжээ бүрэн зориулж, нягт нямбай урлаж чалвал хөөрөгний даалинбан дээр ч урлагийн бүтээл амилуулж болдгийг уран хатгамалчид харуулах шиг.

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ЗАХИРАЛ О.МЭНДСАЙХАН: ХӨӨРӨГНИЙ ДААЛИНГ УРЛАЖ, ГИННЕСТ БҮРТГҮҮЛНЭ

-Монгол бүсгүйн ур ухаанаар шингэсэн уламжлалт соёлын өв зүү ороох, загасан нуруу хатгамлыг дэлхийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд дэвшүүлэх хүсэлтэй байгаа. Тиймээс бид энэхүү үзэсгэлэнг монголын уран хатгамалчидтайгаа хамтран зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэндээ Богд хааны эдэлж хэрэглэж байсан даалингийн эх загварыг дуурайлган, том хэмжээгээр урлаж, Гиннесийн номонд бүртгүүлэхээр зорьж байгаа. Уран хатгамлын гайхамшигт урлаг нь монголчуудын ахуй амьдралтай салшгүй холбоотой байсаар ирсэн өв соёл юм.

УРАН ХАТГАМАЛЧ Д.ЦЭНГЭЛСАЙХАН: МОНГОЛ УЛСАД 20 ГАРУЙ НЭРТЭЙ УРАН ХАТГАМАЛЧ БАЙДАГ

-Уран хатгамлын урлаг бидний амьдралд ямар чухал нөлөөтэй байдаг байсан бэ гэдгийг энэхүү үзэсгэлэнгээс харж болно. Богд хааны ордон музейн хамт олон өнөөдөр олонд тэр бүр дэлгээд байдаггүй ховор нандин уран хатгамалан бүтээлээ дэлгэж байна. Манай улсын 20 гаруй нэрт уран хатгамалчдын ихэнх төлөөлөл болох арваад хатгамалч хүрэлцэн иржээ. Монголд XIX зууны үед уран хатгамал маш өндөр хөгжиж байсан. Харин сүүлийн жилүүдэд уран хатгамалчдын хоёр удаагийн улсын уралдаан зарласны үр дүнд сэргэж байна.

УРАН ХАТГАМАЛЧ Х.ДОЛГОРСҮРЭН: ТОРГОНЫ УТАС ШУУЖ, ДААЛИН ХАТГАДАГ

-Би хөөрөгний дайлан 30 гаруй жил урлаж байна. Энэ хугацаанд монгол гутлын оймс, хөөрөгний даалин хийж ирлээ. Одоо охин маань хөөрөгний даалин оёдог болсон. Миний хувьд уламжлалт зүү ороож, загасан нуруу хатгаж хөөрөгний даалин оёдог. Даалин хатгахдаа будаггүй, торгоны утас шууж оёдог.

СОЁЛЫН ӨВИЙН ТӨВИЙН ХЭЛТСИЙН ДАРГА А.САРУУЛ: ЗҮҮ ОРООХ ОЁДОЛ СОЁЛЫН ӨВИЙН ЖАГСААЛТАД ОРСОН

-Өнөөдрийн үзэсгэлэнд олон сайхан эмэгтэйчүүд өөрсдийн гараар урласан бүтээлээ дэлгэжээ. Үүнийг харж байхад монгол эмэгтэйчүүдийн урласан шилмэл ширдэг, зоосон ширээ, зээгт наамал зэрэг олон төрлийн уран хатгамалан бүтээлүүд сонирхуулсан байна. Нэг хэсэг зоосон ширээ сүлжмэл ховордож байсан. Гэтэл энэхүү үзэсгэлэнд ховордож буй зоосон ширээ сүлжмэл бүтээлийг урласан харагдана. Энэ бүхэн соёлын биет болон биет бус өвд багтдаг. Яг энэ уран хатгамал, зоосон ширээ, зээг наамал зэрэг нь үндэсний соёлын өвийн жагсаалтад орсон байдаг.

А.СҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж