-АНУ МОНГОЛД 240 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖЭЭ-
Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.
Түүхт өдрийг тохиолдуулан Гадаад харилцааны яамнаас өнөөдөр /2017.01.27/ “Монгол-Америкийн 30 жилийн хамтын ажиллагаа: Стратегийн түншлэлийн төлөөх зорилт” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.
Одоогоос 30 жилийн тэртээ буюу 1987 оны нэгдүгээр сарын 27-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Шульц, НҮБ-д Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар сууж байсан О.Нямдаваа нар хоёр орны хооронд албан ёсны харилцаа тогтоох тухай санамж бичигт гарын үсэг зурсан нь харилцаа эдүгээ иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүртлээ өргөжин, тэлэх үндэс суурь нь болжээ.
Бага хурлыг нээж хэлсэн үгэндээ Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНУ нь Монголын ардчилсан өөрчлөлт шинэчлэлт, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг эхнээс нь тууштай тэмцэж ирсэнийг цохон тэмдэглээд өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр орны харилцаа нийтлэг эрх ашиг, ардчиллын үнэт зүйлсэд тулгуурлан, түншлэлийн шүтэлцээнд улам бүр нягтарч хөгжсөнийг онцоллоо.
Цаашид хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэх зорилт тавьж буй аж.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Гаалт “Монгол Улс энэ бүс нутагтаа ардчиллын баян бүрд болж байна” гэдгийг цохон тэмдэглэлээ.
Жилийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Монгол Улсад айлчлах үеэрээ дээрх үгийг хэлж байсныг мөн санууллаа. Учир нь Монгол Улс 1990 онд ардчиллын замыг сонгосноос хойших энэ хугацаанд бүс нутагтаа ардчиллыг амжилттай хөгжүүлж яваа цөөн орны нэг юм.
АНУ нь өнгөрч буй 30 жилийн хугацаанд Монгол Улстай эдийн засгийн өргөн хэмжээний түншлэлийг бий болгох зорилт тавин ажилласнаар Олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан 240 сая ам.долларын тусламж үзүүлжээ. Энэхүү тусламж нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах, ядуурлыг бууруулах зорилготойгоор хэрэгжсэн байна.
Мөн Мянганы сорилтын сангийн корпорацийн 285 сая ам.долларын өртөгтэй гэрээг байгуулж ажилласнаар Монгол орны хойд, өмнө зүгт шинээр авто зам барих, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын иргэдийг утаа бага гаргадаг зуухаар хангах, хөрөнгийн бүртгэлийн системийг сайжруулах, Мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийн хөтөлбөрүүдийг сайжруулах, Монголд анхны салхин станц барих төслүүд хэрэгжжээ.
Ойрын зорилт бол хоёр талын эдийн засгийн харилцааг бэхжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа төрөлжүүлж, олон улсад өрсөлдөхүйц хөдөө аж ахуйн экспортын салбарыг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглахад онцгой ач холбогдол өгч, хамтран ажиллах хүсэлт тавьсан тул тус Элчин сайдын яам энэ чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа аж.
Тухайлбал, худалдаа, хөрөнгө оруулалтын боломжийг судлах зорилгоор АНУ-ын компаниудыг Монголд авчирна, энэ нь шинэ түншлэл төрүүлэх боломж гэнэ.
Нэгдүгээр сарын 19-нд АНУ, Монгол хооронд Ил тод байдлын хэлэлцээрийг батаалгаажуулсан. Уг хэлэлцээр ирэх гуравдугаар сарын 20-ноос хүчин төгөлдөр болж үйлчилнэ. Энэ нь хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж талууд харж байна.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө Монгол Улсын Засгийн газар хүчин чармайлт гарган ажиллаж буйг АНУ үнэлэн дэлхий дахинд хандан Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй холбогдуулан Монгол Улсад дэмжлэг үзүүлэхийг уриалж байгаа аж.
Мөн энэ онд тус улс Эрүүл мэндийн яам, Боловсролын яамтай хамтран Монгол дахь Энх тайвны корпусаар дамжуулан нийгмийн эрүүл мэндийг дэмжих шинэ төсөл хэрэгжүүлэх юм байна.
АНУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХАД ОНЦГОЙ АНХААРАХ
Эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьсан дипломатууд, мөн судлаачид Монгол Улс АНУ-ын хөрөнгө оруулалтыг татахад онцгой анхаарал хандуулан ажиллах шаардлага байгааг санууллаа.
Тухайлбал, “Монгол, АНУ-ын харилцааны төлөв: Стратегийн түншлэлийг хэрэгжүүлэх арга зам” сэдвээр илтгэл тавьсан Дипломат академийн захирал, Элчин сайд Х.Бэхбат хоёр орны харилцаа улс төр, батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хугацаанд эрчтэй, тууштай хөгжиж ирсэн ч худалдаа, эдийн засгийн салбарын хөгжилд ахиц гараагүйг тэмдэглэлээ.
АНУ-аас Монголд орж ирсэн шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд 308 сая ам.доллар байгаа бол 2015 онд Монгол Улс АНУ-руу 135.2 сая ам.долларын худалдаа хийсэн нь нийт худалдааных нь 1.8 хан хувийг эзэлжээ.
Тус улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай, Монгол, Америкийн хамтарсан хөрөнгө оруулалттай 300 орчим компани Монголд байдаг ч зөвхөн уул уурхай, нийтийн хоолны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж. Иймээс Монголын тэргүүлэгч гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татахад Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллах нь эргээд эдийн засгийн салбарт дан ганц улс давамгай байдал тогтоохоос хамгаалж чадах боломжтой гэдгийг онцолсон юм.
Хоёр орны хооронд хийгдсэн төрийн өндөр дээд айлчлалуудыг тодруулбал, 1990 оноос хойш АНУ-д Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн удаа, УИХ-ын дарга гурван удаа, Ерөнхий сайд найман удаа, Гадаад харилцааны сайд зургаан удаа, Батлан хамгаалахын сайд гурван удаа тус бүр айлчилжээ.
АНУ-аас Монгол Улсад Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч тус бүр нэг удаа, Гадаад харилцааны сайд таван удаа, УИХ-ын дарга нэг, Батлан хамгаалахын сайд хоёр удаа айлчилсан байна. Энэ нь дээд өндөр төвшний уулзалт жил тутамд тогтмолжсон нь хоёр тал хамтын ажиллагаанд ямар их ач холбогдол өгч байгаа нь эндээс харагдах гэнэ.
Түүнчлэн илтгэл тавьсан ССХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Бямбаханд “Монгол Улсын экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний 79 хувийг зөвхөн Хятад улс хүлээн авдаг бол АНУ-руу гаргаж байгаа экспорт нь 0.021 хувийг эзэлж байна гэсэн мэдээллийг өглөө. Иймээс Монгол Улс АНУ-руу гаргах бараа, бүтээгдэхүүний экспортод анхаарч, ажиллах, хөрөнгө оруулалтын бодлогодоо АНУ-ын ашиг сонирхлыг тусгах бодит шаардлага бий болж байна гэсэн юм.
МОНГОЛ, АНУ-ЫН ХУДАЛДААГ ХӨГЖҮҮЛЭХ БОДИТ БОЛОМЖ ЮУ ВЭ?
Монгол, Америкийн харилцааны эдийн засгийн хөшүүрэг, боломж, сорилт” сэдвээр илтгэл тавьсан доктор, профессор Ц.Баатар “Монгол, АНУ-ын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал. Саяхан хоёр улсын хооронд Ил тод байдлын гэрээ батлагдлаа. Ирэх гуравдугаар сарын 20-ноос хэрэгжинэ.
Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж байгаа. Бодлогоо цаасан дээр бичих биш үйл хөдлөлөөрөө баталгаажуулж чадах юм бол сул тал болж буй харилцааг хөгжүүлэх өргөн боломжтой. Америкийн бизнесмэнүүд, Америк дахь Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимынхан хамтарсан судалгаа хийгээд, тодорхой салбаруудад хамтран ажиллах боломжтой гэж үзсэн, сонирхолоо илэрхийлсэн.
Одоо монголчуудыг л харж байна. Тухайлбал, стратегийн чанартай хөрөнгө оруулалт гэж байгаа. Азийн супер сүлжээ гэж бий, түүнд оролцох.
Сэргээгдэх эрчим хүч, нарны эрчим хүчийг ашиглаад Салхитын цахилгаан станцыг ашиглалтад оруулсан. Цаашид энэ чиглэлээр ажиллах.
Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой. Тус салбараас гарах бүтээгдэхүүнийг Зүүн хойд азийн орнуудад сурталчлах зэргээр ажиллаж байна. Одоо манай талаас идэвхи зүтгэл гаргах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид ороод ирнэ, хөөгөөд гагана гэдэг хуучин сэтгэлгээ ойлголтоосоо салах цаг нь болсон. Хөрөнгө оруулагчдын сонирхол илүү олон талт хамтын ажиллагаанд чиглэх сонирхолтой байна” гэлээ.
Онцлоход, энэхүү бага хурлыг Гадаад харилцааны яам, Дипломатын академи, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэн, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллага хамтран зохион байгууллаа. Арга хэмжээнд 60 гаруй дипломатч, судлаачид, албаны хүмүүс оролцлоо.
Г.ДАРЬ