Цаатны урцнаас оюутан болсон охин

Хуучирсан мэдээ: 2017.01.30-нд нийтлэгдсэн

Цаатны урцнаас оюутан болсон охин

Түүнийг М.Мөнхсувд гэдэг. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун тайгад амьдардаг. Цаа буга маллан тайгын урцнаас нийслэлд суралцаж буй 16-хан цаатан оюутан бий. Тэдний нэг нь М.Мөнхсувд.

Тэрбээр Монгол Улсын багшийн их сургуульд Бага ангийн багшийн мэргэжлээр суралцдаг, нэгдүгээр курсийн оюутан. Хотын төвийн тэнгэр баганадсан барилга, их хотын хөл хөдөлгөөн гээд анх удаа хотод ирж буй түүнд юм бүхэн шинэхэн, сонихон. Өглөө эртлэн босч, хотын хөдөлгөөнтэй уралдан төв талбайгаар багцаалдан сургуулийнхаа зүг яарна.

Их хотын чимээ шуугиан, замын түгжрэл түүнийг гайхашруулахаас гадна хотын утаанд дасахгүй хэд хэд ханиад хүрчээ. Анх сургуульдаа бүртгүүлэхээр хотод ээжтэйгээ орж ирсэн цаатан охин маань зүгээ мэдэхгүй төөрч будилсан тухайгаа “Хотод анх ирж байгаа болохоор манай хамаатныхаа эгч бидэнд газар зааж, сургуульд хүргэж өгдөг байлаа. Тэгсэн нэг өдөр ээжтэйгээ хамт хичээл сонголтоо хийх гэж яваад харих замдаа багагүй төөрч будилж, орой гэртээ харьсан” тухайгаа инээд алдан ярив.

М.Мөнхсувд охинтой уулзахын өмнөх төсөөлөл арай л өөр байлаа. Хөдөөний, тэр дундаа тайгын охин гэхээр л царай төрхийн хувьд ч ёстой л жинхэнэ “хөдөөний” охин байх болов уу гэж бодож байв. Гэтэл хотын охидоос дутахааргүй цагаан царайтай, өндөр нуруутай охин угтах нь тэр.

Учир нь, тэрбээр багаас эрдэм номын мөр хөөж, аймгийн төвийнхөө гуравдугаар сургуулийг төгссөн аж. Тиймээс ч үе тэнгийн залуустай мөр зэрэгцэн суурин газрын соёлтой хэдийнэ танилцжээ. М.Мөнхсувд охин багш мэргэжлээр суралцаж, сумынхаа сургуульд багшлах хүсэлтэй ажээ.

Тайгаас угшилтай 16 цаатан хүүхэд их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцаж байгааг дээр дурдсан. Энэ тоо жилд нэгээс хоёр хүүхдээр нэмэгддэг бөгөөд энэ жил гурван хүүхэд шинээр их, дээд сургуульд элсэн орсон талаар Боловсролын зээлийн сангийн мэргэжилтэн хэлж байлаа.

Хэдийгээр их сургуулийнх нь сургалтын төлбөр нь үнэ төлбөргүй ч М.Мөнхсувд охин өөрөө хичээгээд улсын шалгалтандаа 650-иас дээш оноо авч чаджээ. Ер нь сурах хүсэлтэй залуус хичээж чадвал бүх зүйл нээлттэй байдаг гэдгийн жишээ энэ.

Тэрбээр хотод ирээд хэдхэн сар болж байгаа ч цөөнгүй газраар явж нүд тайлжээ. Хамгийн сүүлд нээлтээ хийгээд удаагүй байгаа “Приусний босс” уран сайхны киног үзжээ. Мөн ангийнхантайгаа зугаалсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ихэд түүнд ихэд таалагдсан аж.

“Би хотын хүмүүсийг их найрсаг гэж бодсон. Гэтэл тийм найрсаг биш юм билээ. Ээж маань оюутан болсон гээд шинэ гар утас авч өгсөн. Тэгтэл би автобусанд явж байгаад гар утсаа хулгайд алдчихсан. Би шинэ утсаа алдчихаад зөндөө уйлсан” хэмээн өөрт тохиолдсон сургамжтай, заримдаа таагүй болоод хөгжилтэй явдлаасаа ярьсан юм.

Саяхан М.Мөнхсувд охин хичээлийн амралтаараа гэртээ хариад иржээ. Тэрбээр нэг ахтай, хоёр эрэгтэй дүүтэй бөгөөд айлын ганц охин аж. Тиймээс ч ээж, аав нь ганц охиныхоо боловсролд анхаарч, багшийн их сургуульд сургахаар шийдсэн байна. “Манай нутагт сайхан өвөл болж байна лээ. Манайх 50-иад толгой цаа малладаг. Амралтаараа ах, дүү нартайгаа цаагаа маллаж, ээж, аавдаа тусалчихаад ирсэн. Тайгынхаа цэвэр агаарыг үнэхээр санасан” гэв.

“Намайг бага байхад гадаадын жуулчид, хотоос ирсэн хүмүүс манайхыг яаж амьдардаг вэ, цаагаа хэрхэн малладаг талаар их сонирхон асуудаг байсан. Зарим цаатан иргэд Хатгал суманд цаа бугатай зураг авахуулах, гар хийцийн бэлэг дурсгал худалдаалдаг. Манай аав ч гэсэн ахтай хамт Хатгалд руу явж, бэлэг дурсгалын зүйлс зардаг байсан” гэсэн юм.

Харин сүүлийн жилүүдэд цаатан иргэд аймагт ихээр шилжин ирж, амьдардаг болжээ. “Мэдээж юм бүхэн хөгжсөн орчин үед урцандаа амьдарч, хамгийн хүйтэн нөхцөлд хэцүү бэрх амьдарч байхаар хот газрыг бараадъя гэж боддог байх л даа. Гэхдээ л хүнхэр тайгад цаагаа маллаад, жижигхэн урцандаа амар амгалан амьдрах сайхан шүү дээ” хэмээн гунигтайхан өгүүлэв.

Хааяа гэрээ санахаараа “Би тэр холоос ирчихээд их сургуульдаа сайн сурах ёстой” хэмээн өөрийгөө хурцалдаг гэнэ. Тэрбээр одоо авга эмээгийндээ модны хоёрт байрлах орон сууцанд амьдардаг аж. Ийн хүний хөл хүрээгүй шахам тайгад амьдардаг М.Мөнхсувд охинтой цөөн хором ярилцснаа хүргэлээ. Цаатан ард түмэн жилийн дөрвөн улирал урцандаа амьдарч, амар амгалан аж төрөх болтугай.

А.ЦЭЭСҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж