Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр удахгүй болох тул иргэдийн хүнс, бараа материалын хэрэгцээ, худалдан авалт нэмэгдэнэ. Тиймээс Орхон аймгийн Засаг дарга захирамж гаргаж сар шинийг угтсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, ил худалдааг цэгцлэх ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал ахалж байна.
Тэд хотын хэмжээнд сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдааг хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажилдаа оржээ. Тодруулбал, Хоёрдугаар сарын 17-оос 19-ий өдрүүдэд “Хангарьд” паласт “Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаа болно. Үүнийг ЗДТГ, Монголын ХАҮТ-тай хамтран зохион байгуулах бөгөөд оролцогчдын 70 хувь нь Эрдэнэт хотод үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид байх гэнэ. Энэхүү үзэсгэлэн худалдааны бүртгэл Захиргааны 3-р байрны 202 тоотод явагдаж байгаа юм байна.
Мөн хоёрдугаар сарын 20-25-нд Спорт хорооны “Б” заланд “Цагаан сар-Эрдэнэтэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болох аж. Уг үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, ХХААГ, Хүнсчидийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд зөвхөн Орхон аймгийн үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг оролцуулна. Энэ нь орон нутгийн бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, иргэдийг эрүүл, чанартай бүтээгдэхүүнээр хангах зорилготой. Тиймээс оролцогчдыг талбайн түрээсийн төлбөрөөс 100 хувь чөлөөлж мандат олгох юм. Мандат авахыг хүссэн үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид эхлээд бүтээгдэхүүнээ Мэргэжлийн хяналтын газрын лабораторид шинжлүүлсэн байх ёстой. “Цагаан сар-Эрдэнэтэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны бүртгэл энэ сарын 30-аас ирэх сарын 16 хүртэл Хүнсчидийн холбоо болон ХХААГ-ын байранд явагдах гэнэ.
Түүнээс гадна бүтээн байгуулалтын ажил нь дуусаад тодорхой хугацаа өнгөрч буй “Худалдааны гудамж”-ны үйл ажиллагаа хоёрдугаар сарын нэгнээс албан ёсоор эхэлнэ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.ERDENET.MN