Ойрын өдрүүдэд цаг агаар харьцангуй тогтвортой байсан ч ирэх хэд хоногт огцом хүйтэрч, агаар муудах тул Цаг уур, орчны шинжилгээний газраас олон нийтэд хандан мэдээлэл хийж байна.
Сибирээс шилжин ирж буй хүйтэн агаарын нөлөөгөөр нэгдүгээр сарын 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Нэгдүгээр сарын 28, 29-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж тус газраас онцгойлон анхаарууллаа.
МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД
Нэгдүгээр сарын 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 28-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 28-нд ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус хүрнэ. Иймд цас, шуурганд зам, даваа хаагдах, харагдац муудах, осгох хөлдөх цаг агаарын нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.
“ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭЛЭЛ ГЭЖ ОЙЛГООРОЙ”
Ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргалаас тодрууллаа.
-Маргаашнаас цаг агаар цочир хүйтрэхийг мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар та илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Манай байгууллагаас цаг агаарын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт үзэгдэл болох гэж буй тохиолдолд гурван төрлийн мэдээлэл гаргадаг. Цаг агаарын үзэгдэл аюулт үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй бол “анхааруулах” мэдээг гаргадаг. Харин аюулт үзэгдлийн үед сэрэмжлүүлэх мэдээ гаргадаг. Энэ удаагийн цаг агаарын гамшигт үзэгдлийн хувьд урьдчилан сэргийлэх мэдээг гаргаж байна. Энэ амралтын өдрүүдэд цасан шуургаас урьдчилан сэргийлэх талаар ард иргэдэд сэрэмжлүүлж байгаа гэсэн үг юм.
-Цасан шуурганы салхины хурд хэд байх төлөвтэй байна вэ?
-Гамшигт үзэгдлийн үед салхины хурд 16 м/секундээс дээш гарч, цас орно. Ийм үед нэлээд хохирол дагуулах магадлалтай байдаг. Тодруулбал, өнөө шөнө Өвөрхангай, Булган, Төв, Дундговь аймгийн нутгаар, маргааш өдөр Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Мөн өнөө шөнө Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ.
-Дээд тал нь хэдэн хэм хүрч хүйтрэх бол?
-Ойрын өдрүүдэд цаг агаар харьцангуй дулаан байлаа. Тиймээс Сибирээс шилжин ирж буй хүйтэн агаарын нөлөөгөөр шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан шуурга шуурна. Цаг агаарын хүйтрэлийн голомт нь энэ сарын 28-наас 29-нд шилжих шөнө байх болно. Агаарын хэм энэ сарын 30-ныг хүртэл өмнөх хоногоосоо 10 орчим градусаар чангарч, шөнөдөө Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Хэрлэн зэрэг томоохон голуудын хөндийгөөр -35, -43 градус хүрч, бусад нутгаар -19, -34 градус хүрч хүйтэрнэ. Энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 28, 29-нд зарим нутгаар цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа хаагдах, үзэгдэх орчин муудах тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
-Тэгвэл Улаанбаатар хотод цаг агаар ямар байх вэ?
-Улаанбаатар хотод өнөөдөр /2017.01.27/ шөнөдөө цас орж шуурна. Харин маргааш өдөртөө өнөөдрөөс 10 гаруй хэмээр хүйтэрч 22-24 хэм хүрч, хүйтэн байна. Ойрын өдрүүдэд шөнөдөө 22 хэм хүрч хүйтэрсэн. Гэтэл маргаашнаас өдөртөө 22 градус хүрч хүйтэрнэ.
-Гамшигт үзэгдэл хэднийг хүртэл үргэлжлэх вэ?
-Ерөнхийдөө энэ сарын 29-нд нутгийн зүүн хэсэгт болж, дуусна. Тэрнээс хойш цас цасан шуурга болохгүй ч хүйтэн байна. Энэ өвөл харьцангуй олон жилийн дундажийн орчимд хүйтэн байлаа. Гэхдээ нутгийн зүүн хагаст олон жилийн дундажаас илүү хүйтэн өвөл байлаа.
-Өвлийн нэгдүгээр сарын хувьд энэ үзэгдэл хэвийн зүйл үү?
-Тийм. Өвлийн улирлын нэгдүгээр сард иймэрхүү цаг агаарын үзэгдэл байнга тохиолддог. Хамгийн сүүлд 2013 оны нэгдүгээр сарын 31-нд хүчтэй цасан шуурганы гамшигт үзэгдэл тохиолдсон. Энэ үеэр салхины хурд 16-20 метр секунд хүрч хүйтэрсэн байна. Өмнө нь гэвэл 2010 оны нэгдүгээр сарын 3-нд, 2009 оны арванхоёрдугаар сарын 23-нд бас ийм үзэгдэл болж байсан.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
А.СҮРЭН
Гэрэл зургийг Н.Батмөнх