Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 16-29-ний өдрүүдэд Австралийн Мельбурн хотноо болж, өндөрлөлөө. Тэмцээнд ОХУ-ын Мария Шараповагаас бусад бүх теннисчин өрсөлдсөн юм. Энэ удаагийн “Их дуулга”-ын бас нэг онцлог нь шагналын сан 50 сая австрали доллар /ойролцоогоор 29.4 сая фунт/ хүрсэн явдал юм. 2016 оны “Их дуулга”-аас 14 хувиар өссөн шагналын сан өндөр зэрэглэлийн “Уимбльдон”-ы шагналын санг давсан үзүүлэлт болжээ. Ийн мөнгөн дүнг нэмсэн нь тохиролцсон тоглолтоос сэргийлэх зорилготой байсныг зохион байгуулагчид дуулгаж байсан.
Мөн энэ удаагийн тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд 35 настнууд түрүүлсэн нь залуучуудад нэгэн том мэссэжийг өгч орхисон юм. Тэмцээний шөвгийн найм, хагас шигшээд ч 30 гаруй насны залуучууд тунан үлдэж, хашир туршлага ямар байдгийг харуулж чадлаа. Австралийн нээлттэй тэмцээний 2017 оны аваргаар шалгарсан Швейцарийн Рожер Федерер, АНУ-ын Серена Уильямс нар энэ жил 35 настай бөгөөд тэд Мельбурны кортод ямар хүчтэй гэдгээ дахин харууллаа.
РОЖЕР ФЕДЕРЕР 35 НАСАНДАА 18 ДАХЬ ЦОМОО ӨРГӨЛӨӨ
“Швейцарь цаг” хочит Рожер Федерер 2012 оны “Уимблдон”-д түрүүлснээс хойш “Их дуулга”-ын түрүүгээ нэмж чадаагүй байсан юм. Тэрбээр 2014, 2015 онуудад “Уимблдон”-ы дэд аваргаар шалгарснаас гадна Америкийн нээлттэй тэмцээнд ч дахин цомын төлөө өрсөлдсөн. Өнгөрсөн онд Австралийн нээлттэй тэмцээн болон Уимблдонд хагас шигшээгээс хэтрээгүй түүний хувьд чансаа буурсан билээ. Тиймээс энэ жилийн “Их дуулга”-д 17-д эрэмбэлэгдэн тоглосон. Түүний хамгийн хүнд тоглолт дөрөвдүгээр тойрогт өрнөсөн бөгөөд Японы Кей Нишикорийг гурван цаг орчим үргэлжилсэн тоглолтод ялалт байгуулсан. Харин энэ үед өнөө цагийн лидерүүдийн нэг Их Британийн Энди Маррей Германы М.Зверевд ялагдан шөвгийн наймаас хасагдсан нь түүнд улам их эрч хүчийг өгсөн болов уу. Тэдний хувьд дараагийн тойрогт таарах байсан учраас Федерерт ихээхэн хүч нөөх хэрэг байсан. Тэр Нишикорийг хожих гэж их хүч зарцуулсан ч 29 настай Зверевийг төвөггүйхэн гурван сетэд хожсон. Харин хагас шигшээд түүнийг нутгийн теннисчин Стан Вавринка хүлээж байжээ. Хожсон нь аваргын төлөө тоглох эрхийг авах байсан учраас тэдний тэмцэл таван цаг орчим үргэлжилсэн ч Федерерийн ялалтаар өндөрлөсөн. Өөрөөсөө таван насаар дүү нутгийн теннисчинг хожсон Федерертэй нөгөө хэсгээс Испанийн Рафаэль Надаль тоглохоор шалгарсан үлдсэн. Хоёр нэрт теннисний хувьд нэгэн их “Их дуулга”-ын шигшээ тоглолтод олонтаа таарч байсан. Тиймээс тэдний тоглолт ихээхэн анхаарал татаж байлаа. Федерер, Надалийн тоглолт мөн гурван цаг 37 минут үргэлжилсэн. “Их дуулга”-д ойрын хэдэн жил болоогүй тэдний тоглолт Федерерийн ялалтаар өндөрлөсөн. Энэ цагийн шилдэг теннисчдийн дунд ахмадын тоонд орж буй Федерер Австралийн нээлттэй тэмцээний тав дахь цомоо хүртлээ. Тэрбээр хамгийн сүүлд 2010 онд Мельбурнд түрүүлж байжээ. Мөн энэ удаа тэрбээр “Их дуулга”-ын 18 дахь цомоо хүртлээ.
ЭГЧ, ДҮҮС 14 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ТААРЛАА
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргын төлөө АНУ-ын нэрт теннисчин эгч, дүүс Винус, Серена нар тунан үлдсэн. Тэд 14 жилийн тус тэмцээний аваргын төлөө шалгаран үлдэж байжээ. Тухайн үед Серена эгч Винусыгээ хожиж байсан түүхтэй. Тэгвэл эгч, дүүсийн тэмцэл дахин өрнөлөө. Гэхдээ тэд 35, 36 нас хүрсэн ч карьераа дуусгах болоогүй гэдгээ харуулаад амжсан. Бямба гаригт болсон тоглолт нэг цаг 21 минут үргэлжилсэн бөгөөд Серена 6:4, 6:4-өөр эгчийгээ дахин хожлоо. Тэрбээр тоглолтын дараа “Бэртэл бүрэн эдгэсэн учраас дахин хоёр “Их дуулга”-д түрүүлэх боломжтой байна. Мельбурнд би огт ядарсангүй. Би Кортын тогтоосон 24 түрүүг эвдэхийг хүсч байна. Тэр үед би жинхэнэ том амжилтын эзэн болно” гэжээ.
Серена энэ жилийн Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлснээр “Их дуулга”-ын 22 дахь цомоо өргөсөн. Харин эгч Винус нь сүүлийн жилүүдэд бэртэл болон эрүүл мэндийн шалтгаанаас болж, амжилт үзүүлж чадаагүй байгаа. Хамгийн сүүлд буюу 2008 онд “Уимблдон”-д түрүүлснээс “Их дуулга”-ын цом хүртээгүй. Өнгөрсөн жил хагас шигшээд үлдсэнээс хойш том амжилт үзүүлээгүй түүний хувьд Мельбурнд шилдэг тоглолтуудыг үзүүлсээр финалд хүрсэн. Винус нийт долоон тоглолт хийхдээ хагас шигшээд нутгийн теннисчин К.Вандевегег хожин Серенатай тоглохоор шалгаран үлдсэн юм. Винус тоглолтын дараа “Би энэ удаагийн гаргасан амжилтандаа сэтгэл хангалуун байна. Мэдээж финалд шалгарсныхаа дараа түрүүлэхсэн гэж их хүслээ. Үнэндээ Серена маш сайн байлаа. Тэр надаас илүү хүчтэй байж чадсан. Түүнд баяр хүргэе” гэсэн юм. Энэ жил 36 настай Винус энэ оны тэмцээнүүдээ дуусгаад зодог тайлах болсон тухай мэдээлэл гарчээ.
Ийнхүү энэ жилийн анхны “Их дуулга”-ын аваргаар шалгарсан теннисчид 35 нас хүрсэн ч харих болоогүй гэдгээ харууллаа.
Ч.БОЛОР