Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн алба хаагчийн иргэдэд шаардлага тавих, орон байр, тээврийн хэрэгсэлд үзлэг, нэгжлэг хийх, бусдын орон байранд нэвтрэн орох, тээврийн хэрэгслийг түр саатуулах зэрэг албаны чиг үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны үндэслэл, журмыг хуульчлаагүй тул Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах шаардлагатай гэж үзжээ.
Хуулийн төсөлд цагдаагийн цолыг “албан тушаалын цол” байсныг өөрчилж, албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан олгодог байхаар тусгасан юм. Үүнээс гадна Цагдаагийн албан хаагчийн нийгмийн асуудалтай холбоотой хэд хэдэн заалт багтжээ. Тухайлбал, цагдаагийн албан хаагч ажил үүргээ биелүүлж явахдаа амь насаа алдвал 150 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа олгоно, мөн гэр бүлд нь 10 жилийн хугацаанд цалин хөлсийг нь олгоно гэх мэт заалтыг тусгасан байгаа юм.
Шинэ хуульд Цагдаагийн алба хаагч гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд зайлшгүй гүйцэтгэдэг бичиг баримт шалгах, үзлэг хийх, тээврийн хэрэгслийг зогсоож шалгах, биеийн хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, бусдын орон байранд нэвтрэн орох зэрэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг гүйцэтгэх үндэслэл, журмыг тодорхойлон, цагдаагийн алба хаагч эдгээр ажиллагааг зөвхөн хуульд заасан хүрээнд гүйцэтгэдэг байхаар тусгажээ. Тухайлбал, хүний эрхийг хамгаалах зохицуулалтыг бий болгож, цагдаа ажил үүргээ биелүүлж байхдаа хэм хэмжээ зөрчсөн бол хариуцлага тооцдог болох юм байна.
Түүнчлэн цагдаагийн алба хаагч өөрийн албан тушаал, хариуцсан нутаг дэвсгэр, чиг үүргээс үл хамааран хүний амь нас, эрүүл мэндэд бодит аюул учирч тусламж хүссэн, эсхүл энэ тухай өөрөө олж мэдсэн бол зохих арга хэмжээг нэн даруй авч, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээх аж.
ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БАТЛАГДСАНААР ДАРААХ ДАВУУ ТАЛУУД ҮҮСНЭ ГЭЖ ХУУЛЬ БОЛОВСРУУЛАГЧИД ҮЗЭЖ БАЙНА.
Цагдаагийн байгууллагын тогтолцоо боловсронгуй болж, нийгэм, цаг үеийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцсэн уян хатан тогтолцоо бүрдэж, хуульд заасан чиг үүргээ шуурхай гүйцэтгэх боломж нэмэгдэнэ.
Цагдаагийн алба хаагч, иргэдийн хамтын ажиллагаа, харилцаанд ахиц дэвшил гарч, харилцан ойлголцох, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг туслалцааг иргэдээс авч чаддаг болно.
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарна.
Цагдаагийн алба хаагч нарт тавигдах мэргэжлийн болон боловсрол, ур чадварын шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, цагдаагийн алба хаагч өөрийн мэдлэг, ур чадварыг уг шалгуур үзүүлэлтэд нийцүүлж байх үүргийг хуульчилснаар цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарч, улмаар иргэдийн итгэлийг хүлээн, цагдаагийн албаны нэр хүнд өсөхтэй зэрэгцэн цагдаагийн байгууллага иргэддээ үйлчлэх чин хүсэл эрмэлзэл, албандаа хүндэтгэлтэй ханддаг, чадвартай боловсон хүчнээр хүний нөөцөө бүрдүүлэх боломж бүрдэнэ.
Цагдаагийн алба хаагчийн үүргээ гүйцэтгэх баталгаа, цалин хөлс, урамшуулал сайжирна.
Цагдаагийн байгууллага, албан хаагч аливаа хууль сахиулах үйл ажиллагааг явуулах үндэслэл, журмыг тодорхой тусгаснаар алба хаагчийн гүйцэтгэх ажиллагаа, гаргах шийдвэр, тэдгээрийн үндэслэл тодорхой болж, хуулиар хүлээсэн үүргээ шуурхай гүйцэтгэх боломж бүрдэнэ.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зохицуулалтыг хуульчилснаар цагдаагийн байгууллагаас хуулиар хүлээсэн үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөл, боломж бүрдэнэ.
Т.НОМИН