Туркийн хот 2020 оны олимпийн эрхийн төлөө

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Туркийн хот 2020 оны олимпийн эрхийн төлөө

Эртний түүхт Стамбул хот 2020 оны зуны олимп, паралимпийн төлөө эрслэн боссоныг Туркийн Ерөнхий сайд Ресеп Тайип Эрдоган ням гаригт албан ёсоор зарлалаа. Тэрбээр Трабзоны “Х.Авин Акер” цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийсэн Европын өсвөр үеийнхний олимпийн фестивалийн нээлтийн үеэр 20 мянган үзэгчийн өмнө ийн хэлжээ. Уг наадамд 49 орны 3300 гаруй өсвөр тамирчид оролцохоор Туркт хүрэлцэн ирээд байна.

Нээлтийн ёслолд ирсэн хүндэт зочдын дунд Европийн олимпийн хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн  Патрик Хикки, ОУОХ-ны гишүүн, Дэлхийн байт харвааны холбооны ерөнхийлөгч Угур Эрденер нар байлцав. Энэ үеэр Норвегт болсон алан хядах үйл ажиллагаанд хохирогсдын дурсгалыг босч хүндэтгэсэн байна. Харин Норвегийн баг тамирчид гартаа хар өнгийн тууз зүүн жагсчээ.

Стамбулыг олимпийн эрхийн тулаанд нэр дэвшүүлсэн үйл явдлыг 1923 онд Оттоманы эзэнт гүрнийг мохоож, Туркийн шинэ бүгд найрамдах засгийг байгуулсны түүхт 88 жилийн ойд зориуллаа хэмээн үзэж байгаа юм. Тус хот урьд нь 2000, 2004, 2008, 2012 оны олимпийн төлөө өрсөлдөөд доогуур даваанд өвдөг шороодсон билээ. Мөн 2016 оны Европийн хөлбөмбөгийн АШТ рүү зүтгээд бараагүй ч энэ удаа арай дөмөг өрсөлдөнө гэдгээ амласан байна.

Стамбулын өрсөлдөгчөөр одоохондоо Мадрид, Ром, Токио нэр дэвшээд буй. Катарын Доха ч өрсөлдөж магадгүй. Тэдгээр хотоос хэнд нь итгэл хүлээлгэж, их ачааг үүрүүлэхээ ОУОХ 2013 оны есдүгээр сарын 7-нд Буэнос-Айрест зарлах болно.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж