Хуучирсан мэдээ: 2017.01.24-нд нийтлэгдсэн

Экс “босс”

УИХ-д 76 гишүүн сонгогдсоноос 65 нь МАН-аас, ес нь Ардчилсан намаас, нэг нь МАХН-аас тодорсон, харин нэг нь бие даагч юм.

“Ньюс агентлаг” шинээр бүрдсэн парламентын гишүүдийг нэрсийн дарааллын дагуу танилцуулж байгаа. Энэ удаад УИХ-ын гишүүн Сү.Батболдыг онцоллоо.

Цагтаа Сү.Батболд Тавантолгой ордын “босс”, МАН-ын ч “босс” байлаа. 6.6 тэрбум тоннын нөөцтэй Тавантолгойн орд газрын лицензийг нөхдийнхөө хамт эзэмшиж байсан ч 96 хувийг нь төрд “булаалгаж” дөрвөн хувьтай хоцорсон. С.Баярын Засгийн газрын үед болж өнгөрсөн дээрх үйл явдлыг зарим эдийн засагчид “төрийн дээрэм” гэж тодорхойлсон бол иргэний нийгмийнхэн “ард түмэн баялагтаа эзэн суулаа” гэж дүгнэсэн. Одоо Тавантолгойн ордод “Энержи ресурс” компани үйл ажиллагаа эрхэлдэг, хувь эзэмшигч Сү.Батболд гэж байхгүй гэдэг.

Энэ эрхмийн намтрыг сөхвөл мэргэжилтнээс Монгол Улсын Ерөнхий сайд болтлоо дэвшиж чадсан сайн боловсон хүчин.

1986 онд ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр суралцан төгсөж, эх орондоо ирээд Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яаманд мэргэжилтэн болсон байна. Улмаар Гадаад хэргийн дэд сайд, 2004 оноос эхлэн УИХ-д тасралтгүй сонгогджээ.

2009 оны намар Сү.Батболд Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдов. Энэ үйл явдлыг хэвлэлүүд “С.Баяраас шилжиж ирсэн өв” хэмээн тодорхойлсон байдаг. Учир нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр эрүүл мэндийн улмаас хэсэг хугацаанд улс төрөөс завсарлага авах шаардлагатай болж, албаа УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Сү.Батболдод шууд шилжүүлсэн юм. МАН-ын даргын суудал ч мөн ийм жишгээр шууд өвлөгдөв. МАН-ын “босс” болсон нь ийм учиртай. МАН-д С.Баяр болон түүний фракцын нөлөө тухайн үед асар хүчтэй байсан тул “Элсний 13-аас” ч эсэргүүцэх зүрх зоригтон гараагүй.

Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа Сү.Батболд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилт тавив. Урт хугацаат, хөгжлийн зээл “босгох” боломж нь хөрөнгийн зах зээлийг дотооддоо хөгжүүлэх явдал гэж тодорхойлсон. Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулж, дэлхийн төвшинд хүргэхийн тулд Лондонгийн хөрөнгийн биржийн менежмэнтийг нэвтрүүлэхээр болж, мэргэжилтнүүдийг нь урив. Мэргэжилтнүүд ч ирсэн, хөрөнгө мөнгө ч их зарцуулсан, харамсалтай нь зарцуулсан хөрөнгө шигээ үр дүн гараагүй юм. Одоо ч Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа сайжраагүй бөгөөд хууль тогтоогч нараас "Наран туул" захын наймаачны эргэлдүүлдэг мөнгөнөөс долоон дор арилжаа хийж байна” гэж шүүмжлүүлсэн хэвээр байгаа. Арилжааны банкуудын зээлийн хүү жилийнх нь 20-30 хувьд эргэлдэж байсан тэр үед Монголын бизнесмэнүүд өндөр хүүтэй зээл авч, үйлдвэрлэл босгохоор зүтгэснээс Эрээн хотоос бараа авчираад худалдаа хийсэн нь хамаагүй хялбар тусаж байсан учраас Ерөнхий сайд Сү.Батболдын дэвшүүлсэн бодлого зөв байсан ч хэрэгжээгүй.

Харин Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд ноос, ноолуурын салбарыг Засгийн газар анхааралдаа авч, хөнгөлөлттэй зээл олгосон нь энэ салбарт ажиллаж байгаа мянга, мянган иргэний ажлын байрыг хадгалж, мөн авсан зээлээрээ хөл дээрээ босож ирэх таатай нөхцөл бүрдүүлсэн юм. Гэхдээ энэхүү зээлд түүний үүсгэн байгуулсан “Алтай трейдинг” компани багтсан нь сөрөг хүчний хатуу эсэргүүцэлтэй тулж, тус компанийн удирдлага хүсэлтээ гаргаж, зээлээс татгалзаж байсан түүхтэй.

С.Батболдын Засгийн газар иргэдээ Сингапурын жишгээр орон сууцжуулах зорилт тавьсан. Бага хүүтэй, урт хугацаат зээл олгох моргейжийн зээлийг төрийн албан хаагчдыг орон сууцжуулахаас эхэлсэн юм. Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл тухайн үедээ Монголдоо цоо шинэ үзэгдэл байв. Олон мянган иргэн хямд хүүтэй, урт хугацаат зээлд хамрагдаж, орон байртай болох мөрөөдөл тээсэн. Түүний эхлэлийг нь тавьсан энэ ажлыг өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан нам улам төгөлдөржүүлсэн. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 80 мянга гаруй иргэн ипотекийн зээлээр байртай болсон мэдээлэл бий.

Засгийн газрын тэргүүнээр ажилласан гурван жил гаруйн хугацаанд дэлхийн зах зээлд эрдэс баялгийн түүхий эдийн үнэ өндөр байснаар Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн ч Ерөнхий сайд Сү.Батболд Оюутолгой, Тавантолгойн ордоос урьдчилж авсан зээлээ иргэдэд бэлнээр мөнгө болгон тараасан нь алдаатай бодлого гэж тооцогддог.

Ардын нам нэрээ сольсон түүх намын дарга асан Сү.Батболдтой хамаардаг. Тэрээр ирэх эрсдэлээс айлгүй хувьсгалт гэсэн нэрээс тус намыг салгасан гавьяатай. Энэ бол улстөрийн том алхам. Гэхдээ үүний дараа МАН хоёр хуваагдаж, Н.Энхбаяр тэргүүтэй хуучин кадрууд нь МАХН-ыг байгуулав. Улмаар 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээж, сөрөг хүчний байр суурьт шилжсэнээр Сү.Батболд экс боссын суудалд шилжсэн. Тэрээр сүүлийн хоёр ч парламент дамнан сонгогдсон ч сайд даргын суудалд санаархалгүй “сүүдэрт” амьдрах болсон.

Эдийн засгийн өндөр боловсролтой, улстөрчийн хувьд уян хатан дипломат зан чанартай түүний нэгдүгээр эгнээний улс төрөөсөө “сугарах” болсон шалтгаан нь сүүлийн үед Монголын нийгмийг доргиох болсон оффшор дансны асуудалтай холбоотой байх. Хэдийгээр түүнийг оффшор данстай гэдгийг хэн ч нотлоогүй ч нэгэнт л ийм мэдээлэл тархаснаар нийтээрээ бие биенээ буруутгаж, шүүх дон туссан нийгэмд түүнд дахин том улс төр хийх боломж гарахгүй ч байж магадгүй юм.

Уг нь МАН-ын 65 дотор боловсрол, мэдлэг, туршлагаараа өнгөлөх улстөрчдийн нэг яах аргагүй мөн.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1980 онд Нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургууль

  • 1986 онд ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль Олон улсын эдийн засагч мэргэжлээр

  • 1990 онд Лондон хотын Бизнесийн удирдлагын их сургууль

  • 2002 онд ОХУ-ын Москва хотын Дипломатын академи Дипломатч мэргэжлээр тус тус төгссөн.

ЭРДМИЙН ЗЭРЭГ, ЦОЛ

  • Эдийн засгийн ухааны доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1986 – 1988 онд Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яаманд мэргэжилтэн

  • 1988 – 1992 онд Гадаад харилцааны Монголимпекс нэгдэлд Экспорт фирмийн захирал

  • 1993 – 2000 онд "Алтай Трейдинг" ХХКомпаний Ерөнхий захирал

  • 2000 – 2004 онд Гадаад хэргийн дэд сайд

  • 2004 – 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайд

  • 2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2008 – 2009 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд

  • 2009 – 2012 онд Монгол Ардын Намын дарга

  • 2009 – 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайд

  • 2012 – 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2016 оноос Тусгай хяналтын дэд хорооны дарга

ШАГНАЛ

  • 1996 онд Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан

  • 1999 онд Алтангадас одон

  • 1999 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан

  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

  • 2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ

  • Англи, орос, франц

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж