-Био түлш, эко түлш үйлдвэрлэж эхэлснээр агаарын бохирдол буураад зогсохгүй ой цэвэрлэгдэн, байгалийн аясаараа нөхөн сэргэх боломж бүрдэх юм-
Хөх хотын нисэх буудалд буухдаа будант Улаанбаатартаа буцаад буучихав уу гэмээр санагдаж, хошигнон өгүүлбэл “Энэ бол Монголын, бас Бээжингийн утаа” хэмээв. Арай ч дээ, манай утаа энд ирнэ гэж байхгүй биз дээ гэвэл “Салхинд туугдаад ирчихдэг юм. Манай хотод утаа гаргах эх үүсвэр ерөөсөө байхгүй” хэмээн бардам өгүүлэхэд бид буруутай юм шиг эвгүй сэтгэгдэл төрөх юм билээ. Хэдий болтол монголчууд бид түлсэн галынхаа утаанд хордож, бусдын өмнө буруутан болж амьдрах вэ. Утаа гамшгийн хэмжээнд хүрч, Улаанбаатар амьдрахад аюултай хот хэмээн зарлачихлаа. Утааг бууруулах арилгах аянд нийт олонхоороо мордоод буй энэ цаг үед био түлш, эко түлш үйлдвэрлэх сонирхолтой санаачлагыг “Эм Си лог хаус” ХХК гаргаж, “Ой-Пеллет-Цэвэр агаар” буюу ОПЦА төслийг боловсруулжээ. Энэхүү төсөл нь түүхий нүүрс шатаахаас үе шаттайгаар татгалзаж, ойн хаягдлаар модлог био түлш үйлдвэрлэн, түүнийг ашиглан халаалтыг шийдвэрлэх замаар агаарын бохирдлыг бууруулах шинэ үзэл баримтлалыг дэвшүүлж байгаагаараа онцлог юм.
Био түлшний салбар манайд огтхон ч хөгжөөгүйн дээр агаарын бохирдлыг бууруулахын тулд зуухаа л шинэчлэхээр оролдож байснаас түлшээ сайжруулах, өөрчлөх тухайд ямар нэгэн алхам хийж байсангүй. Харин дэлхий нийтийн хувьд түлшээ, зуухаа хамтад нь шинэчилж байж үр дүнд хүрсэн байдаг. Био түлш тусдаа шинжлэх ухаан болтлоо хөгжиж түүнийг дагалдан зуухаа хүртэл шинэчилж амжжээ. Өнөөдөр дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 18 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаагийн 13 хувийг БИОМАСС-аас гаргаж авсан эрчим хүч эзэлж буй ажээ. Харин манай улс нийт эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 9,3 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж байгаа ч био масс, био түлшний орон зай онгорхой хэвээр байна. Өндөр хөгжилтэй Европын орнуудад био түлшийг өргөнөөр хэрэглэдэг бөгөөд түүндээ тохирсон “ухаалаг” зуухыг хэдийнээ боловсруулчихаад байгаа юм.
Чухам тиймээс БИОМАСС гэх шинэ төрлийн түлшийг Монгол Улсад анх удаагаа үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх, дараагийн шатанд био түлшинд тохирсон автомат ажиллагаатай зуухыг оруулж ирэхээр төлөвлөжээ. Био түлшийг үйлдвэрлэх түүхий эд манай оронд хангалттай байгааг Эм Си лог хаус ХХК-ийн ерөнхий захирал С.Батмөнх онцолж байна. Био түлшийг хөдөө аж ахуйн болон ойн хаягдлаар үйлдвэрлэдэг аж. Монгол орны ойн нөөц 1243,4 сая м3 бөгөөд үүний 66,2 хувийг нь ургаа моднууд, 33,8 хувь нь босоогоороо болон унаж хатсан моднууд байгаа юм. Энэхүү 290 гаруй сая м3 хөгширч доройтсон, 420 сая м3 хатсан болон унанги мод ажээ. Их хэмжээний нөөцийг хэн ч тоож ашиглахгүй, түлшинд ч хэрэглэхгүйөнөөдөртэй золгоод байна. Энэ л орон зайг нөхөх боломж нь ОПЦА төсөл гэж санаачлагчид харж байна.
ОПЦА төслийн хүрээнд ойн хаягдлыг ашиглан шинэ төрлийн, өндөр үр ашигтай био түлшийг их хэмжээгээр үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн түлшнийхээ 80 хувийг дотоодын хэрэгцээнд, тодруулбал нийслэлийн гэр хорооллын нүүрс түлж буй 189 мянган өрхийн 30 хувь буюу 55 505 өрхөд нийлүүлэхээр төлөвлөжээ. Үлдсэн 20 хувийг экспортлох зорилт тавьж буй гэнэ. Ойн цэвэрлэгээний хаягдлаар “Буталсан модлогийн түлш” болон “Пеллетэн түлш” гэсэн хоёр төрлийн био түлшийг үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Өдгөө дэлхий дээр 32 сая тн пеллетэн түлшүйлдвэрлэж байгаа бөгөөд үйлдвэрлэл нь жил тутам 20 хувь өсч байна. Баруун Европын орнууд 10.7 сая тн пеллет өөрсдөө үйлдвэрлэж, АНУ, Канадаас нэмж 16.4 сая тн-ыг нэмж импортолдог байна. Пеллет нь дулаан ялгаруулалтаараа бараг нүүрстай адилхан. Нэг кг пеллетэн түлш 0.97 кг нүүрстэй тэнцдэг бол пеллетний дулаан ялгаруулалт 4,0-5,0 кВт /цаг байгаа ажээ. Пеллет дэгдэмтгий хорт хийнүүдийг үүсгэдэггүй, үнс багатай, хөө тортог, тоос гаргадаггүй, тээвэрлэх, хадгалахад амархан гэхчилэн давуу тал тун ихтэй юм. Хаягдал модыг үртэс болтол нунтаглаад түүнийгээ хэвэнд оруулан үйлдвэрлэсэн пеллетийг энгийнээр дүрсэлбэл хорхой ааруул мэт харагдана.
ОПЦА төслийн хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар хот, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгуудын 9 суманд пеллетэн түлшний есөн үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд Улаанбаатар хотын төвийн дулааны системд холбогдоогүй 162 ширхэг нам даралтын уурын зуухыг “Буталсан модлог түлшээр ажилладаг зуух”-аар солихыг зорьж буй юм. Нэг нам даралтын зуух 500 орчим айлын яндантай дүйдэг гэсэн судалгаа байдаг учраас нийслэлийн удирдлагууд тус төслийг дуун дээр зөвшөөрчээ. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд төсвийн байгууллагууд голчлон нам даралтын зуухаар дулаанаа хангаж байгаа бөгөөд тэдгээрийг шинэ дэвшилтэт түлш, зуухаар хангачих юм бол агаарын бохирдол багагүй хэмжээгээр буурах магадлалтайг хэлж байлаа. Тиймээс эхний ээлжинд 40 нам даралтын зуухыг шинэчлэх юм байна. Дараагийн ээлжинд нүүрсний нам даралтын зуухтай амины байшингуудын зуухнуудыг “Пеллетэн” түлшний зуухаар солих боломжтойг төсөл боловсруулагчид тодотгож байлаа.
Пеллетэн түлш үйлдвэрлэж эхэлснээр агаарын бохирдол буурахын зэрэг ой мод цэвэрлэгдэн, байгалийн аясаараа нөхөн сэргэх нөхцөл бүрдэж, ой эрүүлжих эко үйлдвэрлэл юм. Ойн хаягдал болох мөчир, унанги, босоо хатсан мод, хожуул, түймэрт болон хөнөөлт шавжид нэрвэгдсэн моднуудыг ашиглаж эхэлснээр био түлшний салбар жинхэнэ утгаараа хөгжиж эхлэх юм.
Пеллет түлшний эдийн засгийн ач холбогдол:
- Утааг багасгах зорилгоор зарцуулж байгаа үрэлгэн зардлыг бүрэн зогсооно.
- Ойн түймэр, хортонтой тэмцэхэд жил бүр зарцуулж байгаа зардлыг 40 хувь хүртэл бууруулна.
- Байнгын тогтмол орлогогүй ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагуудын ажилгүй иргэдийг ажлын байраар хангаж, тогтмол орлоготой болгох, орон нутагт орох төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлнэ.
- Ойн цэвэрлэгээ, модлог түүхий эдийн бэлтгэл болон био түлшний үйлдвэрлэлийн салбарууд 8-10 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, цаашид өндөр үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ.
- Төслийн хугацаанд Улаанбаатар хотын нүүрсний хэрэглээг 1,67 сая тонноор багасгаж, агаарт цацагдаж буй хүлэмжийн хийн хэмжээг 2,0 саятонноор бууруулснаар агаарын бохирдолтоос үүдэн өвчилж буй өвчтөний тоо, түүнд зарцуулж буй хөрөнгийн хэмжээг 20 гаруй хувиар бууруулах боломж бүрдэнэ.
Улс төр, нийгмийн ач холбогдол:
- Төслийг хэрэгжүүлснээр Монгол улс Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд эрчим хүчний нийт хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийн жинг 2020 онд 20 хувьд, 2030 онд 30 хувиар нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд 14 хувиар бууруулна гэсэн амлалтаа биелүүлэх бодит боломж бүрдэнэ.
- Дээрх амлалтыг биелүүлснээр манай улсын олон улсын нэр хүнд өснө.
- Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах асуудлыг, хөгжингүй улс орнуудад эрчимтэй хөгжиж буй сэргээгдэх эрчим хүчний орчин үеийн дэвшилтэд технологийг ашиглан богино хугацаанд шийдвэрлэх боломж олгож байгаа тул “ОПЦА” төслийг олон улсын байгууллагууд дэмжиж, санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлэх нөхцөл бүрдэнэ.
- Монгол улсад анх удаагаа ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, био түлшний үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэн, агаарын бохирдлыг бодитоор бууруулж чадсанаар “Үндсэн хууль”-иар олгогдсон “Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй байх” гэсэн үндсэн эрх хангагдаж, олон түмний дунд Монгол төрийн нэр хүнд өсөж, ард түмний төрд итгэх итгэл дээшилнэ гэж төслийн багийнхан танилцууллаа.
Д.ЦЭЭНЭ
Холбоотой мэдээ