Эхийн сүүгээр зургаан сар хүртэл дагнан хооллосон хүүхдийн өвчлөл буурч, эхийн сүүгээр хооллоогүй хүүхдээс 14 дахин илүү амьдрах чадвартай байдаг байна. Тиймээс эхийн сүүгээр хооллолтыг дэмжих зорилгоор Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. Өмнө нь 2005 онд Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль батлагдсан. Ингэснээр эхийн сүүг орлох бүтээгдэхүүн байдаг мэт буруу ойлголтыг нийгэмд төрүүлсэн гэж хууль санаачлагчид үзжээ.
2005 оноос хойш Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль хэрэгжих хугацаанд “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн нь хүүхдийн өсөлт, бойжилтод хамгийн сайн” гэсэн зохиомол хандлага бий болсон гэж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн юм. Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт 2014 онд 758.2 тонн болж 1997 онтой харьцуулахад ес дахин нэмэгдсэн гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тайланд дурджээ.
Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн гол зорилго нь хүүхдээ зургаан сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллох, хоёр нас хүртэл үргэлжлүүлэн хөхүүлэхийг дэмжихэд оршиж байна. Яагаад гэвэл эхийн сүүгээр дагнан хооллох үзүүлэлт зургаа хүртэлх сартай хүүхдийн дунд 2010 онд 66,7 хувь байсан бол 2013 онд 47 хувь болж, гурван жилийн дотор 20 орчим хувиар буурсан байгаа юм.
Хуулийн төслөөр дамжуулж эхийн сүүгээр хооллолтыг дэмжихээс гадна эх нь эндсэн, эх нь сүүгээр хооллох боломжгүй, олдмол хүүхдүүд эмчийн хяналт доор зориулалтын бүтээгдэхүүн хэрэглэж болох аж. Энэ талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ “Эхийн сүүний банк” байгуулна. Энэ банкаар дамжуулж хүүхдүүдийг тэжээх боломж нөхцлийг бүрдүүлнэ. Үнэхээр эхийн сүүгээр тэжээгдэж чадахгүй хүүхдүүдийг эмчийн хяналт доор нялх хүүхдэд зориулсан хоол хүнсээр өсгөж бойжуулах асуудлыг зохицуулж өгч байгаа юм” гэж байнгын хорооны хурал дээр тайлбарласан юм.
Тэгвэл “Эхийн сүүний банк” байгуулах асуудлыг хуулийн төслийн 15.2 дугаар зүйлд заасан байна. Тодруулбал, Амаржих газар, тасаг нь эхийн сүүгээр хооллох боломжгүй хүүхдийн хоол тэжээлийн хэрэгцээг хангах зорилгоор эхийн сүүний нөөцийн банк байгуулж ажиллуулна. Эхийн сүүний нөөцийн банк байгуулах удирдамж, зааврыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэжээ.
Мөн нялх балчир хүүхдийн хоол ундны бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, сурталчилгаатай холбоотой асуудлыг зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Уншигч танд онцолж хэлэхэд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний сурталчилгааг зохицуулах заалтыг хуулийн төслийн 10 дугаар зүйлд тусгажээ.
10.1 Дор дурдсан бүтээгдэхүүнийг сурталчилахыг хориглоно.
10.1.1 нялхсын сүүн тэжээл
10.1.2 сүүн тэжээл
10.1.3 нялх балчир хүүхдийн эмчилгээний тусгай сүүн тэжээл
10.1.4 нялх балчир хүүхдийн ундаа
10.1.5 угж, төрөл бүрийн хөхөлт, түүнэчлэн цорго, соруул, хошуу, хөхөлт бүхий хүүхдийн зориулалттай аяга
10.1.7 Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хэвлэл мэдээллээр сэрэмжлүүлсэн бүтээгдэхүүн.
Мөн зориулалтын бүтээгдэхүүнийг хүүхдийн эмнэлэг, сувилал, асрамжийн газар, өнчин хүүхдийн асрамжийн газарт үнэгүй, хямд тараахыг хоригложээ. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Хувь хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж хуулийн төсөлд заажээ.