Майкл Фелпс Шанхайд анхны алтан медалиа авлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

Майкл Фелпс Шанхайд анхны алтан медалиа авлаа

Хятадын Шанхай хотноо үргэлжилж байгаа усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 12 дахь өдрийн эхний багц медаль эрэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрлийн ялагчдад очлоо. Усанд сэлэлтийн эхний хоёр тэмцээндээ оролцсон ч алтан медаль хүртэж чадаагүй байсан олимпийн 14 алтан медалийн эзэн Майкл Фелпс энэ зайд өөрийгөө шилдэг гэдгийг баталж, нэг минут, 53,34 секундын амжилтаар алтан медалийг өөрийн болгожээ. Энэ нь түүний энэ зайд авч байгаа тав дахь дараалсан алтан медаль нь болсон байна. Мөнгөн медалийг Японы Такеши Мацүда, хүрлийг Хятадын Ү Пен нар хүртжээ. Дараа нь Майкл Фелпс 200 метрийн холимог сэлэлтийн уралдаанд ээлжит алтан медалийн төлөө өрсөлдөнө. Энэ зайд тэрбээр өөрийн эх орны тамирчин Раяан Лохтетэй гол өрсөлдөөнийг хийх төлөвтэй байгаа юм.

Эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн уралдаанд Италийн Федерика Пеллегрини түрүүлж түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрбээр өмнө нь 400 метрийн чөлөөт сэлэлтийн уралдаанаас алтан медаль хүртээд байсан бөгөөд энэ хоёр зайд алтан медалийн эзэн болсон анхны эмэгтэй тамирчин болжээ.  Австралийн Кайли Палмер мөнгөн медалийн эзэн болсон бол 400 метрт хүрэл авсан Францын Камилл Муфат медалиа ихэрлүүлсэн байна.

Эрэгтэйчүүдийн 800 метрийн чөлөөт сэлэлтийн уралдаан Шанхайн усан спортын ордонд цугласан хөгжөөн дэмжигчдийн сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэлээ. Хятадын 19 настай тамирчин Сун Ян энэ зайд тасархай тэргүүлж, Хятадын багийн гурав дахь алтан медалийг усанд сэлэлтийн төрлөөс авлаа. Ингэснээр Хятад багийн дүнд 13 алтан медальтай тэргүүлсэн хэвээр явна. Канадын Рьян Кохрейн улсынхаа хоёр дахь мөнгөн медалийг авсан бол Германы Пол Бидерман хүрлийн эзэн болжээ.

Энэ өдрийн хамгийн сүүлийн медалиуд эрэгтэйчүүдийн 50 метрийн өврөөр даллах уралдаанд эзнээ олсон байна. Хоёр жилийн өмнө Ромд болсон дэлхийн аваргад мөнгөн медаль авч байсан Бразилийн Фелипе Силва 27,01 секундээр алтын эзэн боллоо. Энэ нь Бразилийн гурав дахь алтан медаль байсан юм. Харин Италийн Фабио Соццоли мөнгө авч, энэ зайн шилдэг Өмнөд Африкийн Камерон ван дэр Бург хүрэл медаль энгэртээ зүүжээ.

Усан пологийн хагас шигшээ тоглолтод зохион байгуулагч орныхон бас нэг баяртай үйл явдлын гэрч боллоо. Хятадын шигшээ, Оросын хүчтэй багийг 13:12-ын харьцаатай хожиж түүхэндээ анх удаа дэлхийн аваргын шигшээ тоглолтод шалгарсан байна. Грекийн шигшээ мөн анх удаагаа шигшээд шалгараад байна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж