“Барса” улирлын өмнө цомтой

Хуучирсан мэдээ: 2011.07.28-нд нийтлэгдсэн

“Барса” улирлын өмнө цомтой

“АС Милан”, “Интернациональ” багуудыг торгуулийн цохилтоор хожсон Испанийн “Барселона” болон Германы “Байерн Мюнхен” багууд хоёр дахь удаагийн Ауди цомын төлөө тоглолоо. Европын хоёр шилдэг багийн тулаанд “Мюнхен”-ий багаас Фрэнк Рибери оролцсонгүй. Франц хагас хамгаалагч өнгөрсөн ням гаригийн бэлтгэлийн үеэр шагайгаа гэмтээснээр улирлыг багтайгаа эхлүүлэх эсэх нь тодорхогүй болоод байгаа юм. Арьен Роббен мөн гэмтлийн улмаас тоглоогүй үед багийн шинэ тоглогч Такаши Усами өөрийгөө харууллаа. Зээлээр ирсэн залуу япон хагас хамгаалагч маш аюултай довтолгооны хувилбарыг эхлүүлж, Давид Алабаг хаалгачтай тулгасан байна. Харин Австри довтлогч Виктор Валдесыг давж гарч чадсангүй. Хаалгачийнхаа сайн тоглолтыг урд шугамныхан үргэлжлүүлж, эхний хагас дуусахаас өмнө гоолын салхийг хагалсан байна. Жонатан Сорианогийн дамжуулалтыг Тиагу Алкантара мөргөж, “Барса” тоглолтыг тэргүүлсэн байна. Эхний гоолыг бэлдсэн Сориано дараагийн хагаст “Байерн”-ы хамгаалагч Анатолий Тимошюктай бөмбөг булаацалдах үедээ гэмтэж, талбайг орхижээ. Энэ үед “Байерн” тоглолтыг тэнцүүлэх дөхсөн. 74 дэх минутад “Мюнхен”-ий багт энэ зун ирсэн Жером Боатенгийн алсын цохилтыг сэлгээний хаалгач Пинто амжилттай хааж багаа аварчээ. Яг энэ довтолгооны дараа Каталончууд тооны зөрүүг холдууллаа. Эхний гоолын эзэн Тиагу торгуулийн талбайн гаднаас дубль хийж 2:0-ээр “Барса” энэ тоглолтод ялалт байгуулсан юм. Испанийн баг ийнхүү улирал эхлэхээс өмнө нэг цомыг өөрийн болгосон бол наймдугаар сарын 14-нд “Реал Мадрид” багтай Испанийн супер цомын төлөө тоглож цомынхоо тоог ахиулах боломжтой юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж