Нөхрөөсөө ч алдартай тэргүүн хатагтай

Хуучирсан мэдээ: 2017.01.23-нд нийтлэгдсэн

Нөхрөөсөө ч алдартай тэргүүн хатагтай

Гоо үзэсгэлэн, биеэ авч явах соёл, загварын нарийн мэдрэмж, эмэгтэй хүний намба төрхийг өөртөө цогц шингээсэн дэлхийн цөөн хэдхэн цуутай бүсгүйчүүдийн нэг Жаклин Кеннедийн тухай одоо өгүүлэх гэж байна. Эмэгтэй хүн бүрт тохиохгүй тэргүүн хатагтай гэдэг эрхэм нэрийг мэдлэг, мэдрэмж, хээнцэр дэгжин атлаа чамбай байдлаараа чимж чадснаараа энэ бүсгүй Цагаан ордны хамгийн сайн эзэгтэйд зүй ёсоор тооцогдож, үе үеийн тэргүүн хатагтай нарын үлгэр дуурайл болон үлдсэн юм.

Жаклин Ли Боувер Кеннеди Онассис 1929 онд Нью-Йоркт хөрөнгийн биржийн брокероор ажилладаг Жон Верноу Боуверийн гэр бүлд том охин нь болон мэндэлжээ. Жаклин бол удам сайтай айлын охин. Түүний өвөг дээдэс  Ирланд, Шотланд, Англи, Францаас гаралтай гэдэг. Нэр нь ч үүнтэй холбоотой. Жак гэдэг нь аавын талаас, Ли гэдэг нь эхийн талаас уламжлан авсан нэр юм. Ингэж хоёр талын нэрийг оруулах болсон нь эцэг эх нь хоёулаа сурвалжит гаралтай учир эд хөрөнгө өвлөн авахад ч хэрэгтэй  байж. Баян чинээлэг амьдрал дунд өссөн хэдий ч түүнийг 11 настай байхад эцэг эх нь хоёр тийшээ болсноор Жаклины жаргалтай хүүхэд нас дууссан гэдэг.  Түүний ээж Жанет Нортон Ли Боувер “Стандарт ойл” компаний өв залгамжлагчтай гэрлэснээр тэдний амьдрал улам ч баян тансаг болж Жаклин зураг, ном зохиол, дуу хөгжимд дурлаж дээдсийн амьдралын хэв маягаар өсч торнижээ.

Жаклин зэгсэн сайн боловсрол эзэмшсэн. Коннектикутад охидын сургууль төгссөний дараа Нью-Йоркийн коллежид элсчээ. Харин тэндээс Францын Гренобл Сорбоннын их сургууль руу шилжиж хоёр жил сураад эргэж АНУ-д ирээд Жорж Вашингтоны их сургуулийг дүүргэсэн байна.

Гял цял амьдралын хөшгийг татахад

Жаклин Ли Боувер 1953 онд Кеннеди нэрээр овоглодог болсон юм. Үүнээс хоёр жилийн өмнө тэрээр ирээдүйн Ерөнхийлөгч  Жон Кеннедитэй танилцжээ. Тэр үед Ж.Кеннеди сенатад нэр дэвшээд их л завгүй байсан гэдэг. Тэд Вашингтонд нэгэн үдэшлэгийн үеэр анх бие биеэ харжээ. Ингээд 1953 онд 36 настай сенатор Жон Кеннеди 24 настай үзэсгэлэнт бүсгүй Жаклин Боуверийг эхнэрээ болгон авчээ. Гэгээн Мэригийн сүмд ёслосон тэдний хуримын гоё сайхныг одоо хүртэл шагшин ярьдаг билээ. 900 гаруй зочдын өмнө нүд гялбуулам гоёсон Жаклин Кеннедийн хуримын даашинз өдгөө Кеннедийн номын санд үзмэр болон хадгалагдаж буй.

Бал сараа Мексикт өнгөрүүлээд ирсний дараа тэдний амьдрал өнгөн дээрээ гял цял мэт харагдаж байсан ч улстөрчийн гэр бүл байна гэдэг амаргүй даваа болохыг Жаклин ойлгожээ. Удам дамжсан улстөрчийн гэр бүлийн хатуу дарамт шахалт дээр нөхрийнх нь засрашгүй хөнгөмсөг зан түүнийг зовоож байжээ. Жон Кеннеди хөнгөмсөг зангаараа алдартай нэгэн байв. Тэр гэрлэснийхээ дараа ч муу зуршлаасаа салж чадалгүй хорвоог орхисон билээ. Түүний нэр холбогдсон эмэгтэйчүүдийн нэрсийн жагсаалтад алдарт Мэрилин Монрогийн нэр тодоос тод зурайж байдаг. М.Монро хамгийн сүүлд олон нийтийн өмнө гарсан тохиолдол нь Ерөнхийлөгч Ж.Кеннедийн төрсөн өдөрт зориулж, 15 мянган зочны өмнө дуулсан үзүүлбэр байсан юм.

Гэвч Жаклин энэ бүхнийг үл харгалзан улстөрч хүний чимэг болсон сайхан эмэгтэй, сайн ч эзэгтэй байв.  Харамсалтай нь, анхны хүүхэд  нь 1955 онд дутуу төрж, Кеннедийн гэр бүлд хүйтэн уур амьсгал сэнгэнэх болжээ. Үүнээс жилийн дараа тэд дахиад л хүүхдээ алдав. Энэ явдлаас болоод тэд нэг хэсэгтээ тусдаа амьдарсан байна. Гэхдээ тэд төдий л удалгүй эргэн нийлсэн.   

Хамгийн залуухан тэргүүн хатагтай

1960 онд Жон Кеннеди АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буйгаа зарлав. Нэгдсэн улсын уламжлал ёсоор тэд жил шахам хугацаанд улс орноо бүтэн тойрч кампанит ажлаа хийхэд хатагтай Кеннедийн гүйцэтгэсэн үүрэг хариуцлага маш өндөр байжээ. Үнэндээ тэр үед нөхрөөс нь илүүтэй түүний гарын үсгийг авах гэсэн хүмүүс олон байсан гэдэг. Кампанит ажлын үеэр Жаклин хөл хүнд болж, аялалаа түр зогсоожээ. Гэвч тэр зүгээр суусангүй, рекламд тоглож, нөхрөө дэмжин хэвлэлд ярилцлага өгч, өөрөө нийтлэл бичиж, хэдэн мянган сонгогчийн  захидалд хариу илгээж байжээ.

1960 он Кеннедигийн гэр бүлд баярт үйл явдлаар дүүрэн жил байлаа. Ж.Кеннеди Ричард Никсоныг ялимгүй саналаар ялж, АНУ-ын нэгдүгээр хүн болов. Түүнийг сонгуульд ялсанаас хоёр долоо хоногийн дараа тэд хүүтэй боллоо. Ж.Кеннедиг төрийн тэргүүн болж тангараг өргөхөд Жаклин ердөө 31-тэй байв. Ингэж тэрээр АНУ-ын түүхэнд хамгийн залуу тэргүүн хатагтай болсон юм. 

Цагаан ордонд “хувьсгал” хийсэн нь

Жаклин Кеннеди Цагаан ордны эзэгтэй болмогцоо их өөрчлөн шинэчлэлт хийжээ. Цагаан ордонд нүүж орсон эхний долоон хоногтоо л нэртэй зураач, дизайнер уран барималчийг урьж, төрийн ордны дотоод заслыг шинэчлэх ажлаа эхлүүлжээ. Өөрөө загварын нарийн мэдрэмжтэй учир Цагаан ордны тавилга, засал чимэглэлийг тун сайн сонгож.

Жаклин өөртөө хэвлэлийн төлөөлөгч авч ажиллуулсан анхны тэргүүн хатагтай байв. Тэрээр үндэснийхээ соёл урлагийг олны анхаарлын төвд оруулахын тулд Цагаан ордны үдэшлэг, хүлээн авалтад нэртэй жүжигчин, дуучин, зохиолч, эрдэмтдийг урьж улстөрч, дипломатуудтай танилцуулан, янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байв. Тэр зарим хүний хувьд нөхрөөсөө ч илүү алдартай, нэр нөлөөтэй байлаа.  Нэгэн удаа Ж.Кеннеди Венад ЗХУ-ын удирдагч Никита Хрущёвтой уулзан гар барихад тэрээр “Би түүнтэй /Жаклин/ түрүүлж гар барих байсан юм” гэж хэлсэн гэдэг. Францаас гаралтай, энэ хэлээр ус цас мэт ярьдаг Жаклин Цагаан ордонд франц уур амьсгал оруулж, төрийн өндөр хэмжээний зоогийг франц тогоочоор бэлдүүлдэг байжээ. Цагаан ордны эд хогшил, тавилга ч Францын эзэнт гүрний үеийг санагдуулам болжээ. Тэр энэ өөрчлөлтөө бүх  америкчуудад харуулахын тулд “CBS” телевизээр өнгөө зассан Цагаан ордны тухай нэвтрүүлэг хийлгэсэн нь ёстой цагаа олсон санаа байв.

Энэ нь Жон Кеннедийн ажил хэрэгт ч тус болж, Ажил хэрэг, амин хувийн амьдрал давхар буцалж байдаг Цагаан ордны дүр төрхийг өөрчилснөөр Хүйтэн дайны үеийн гадаад орнуудтай харилцах харилцааг нь зөөллөж, бусад улсад эерэг сэтгэгдэл төрүүлж чаджээ.

Гадаад ертөнцийг байлдан дагуулсан нь

Америкт нэр алдар нь нөхөртэйгөө эн чацуу түгсэн Жаклин Кеннедиг гадаад орнуудад айлчлахад бараг л “түүнийг дагалдан Жон Кеннеди явж байна” гэдэг байж. Ж.Кеннеди ч энэ тухай Францад айлчлах үеэрээ “Жаклиныг дагаж Францад айлчилж байгаа нь надад таалагдаж байна” гэж хошигнож байсан гэдэг.

Жаклин өмнөх тэргүүн хатагтай нар шиг нэрэндээ баригдаж өөрийгөө хүчилдэггүй,  хүссэн бүхнээ хийдэг байжээ. Тэр заримдаа товлосон уулзалт, ёслолд оролцохоос татгалзаж, гадаадад нөхрөөсөө тусдаа амардаг байв. Энэтхэг, Мексик, Африк, Египет гээд хүссэн үедээ Жон Кеннедиг Цагаан ордонд орхиод өөрөө аялалд гардаг байжээ.

Түүний өмссөн бүхэн моод болдог

Тэр зөвхөн Цагаан ордны уламжлалт хэв маягийг өөрчлөөд зогсохгүй хувцас загварын ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг тогтоожээ. Түүний “Жэки ” үсний засалт тухайн үеийн моод болж, өмсч зүүсэн бүхэн нь загварын шинэ хандлага болдог байв. Өргөн өмд, цэнхэр жинс, нарны том хар шил, цагирган ээмэг гээд загварын ертөнцөд түүний моод болгосон хэв маяг цөөнгүй бий. Тэр залуухан, сэтгэл татам эмэгтэй төдийгүй загварын маш өндөр мэдрэмжтэй нэгэн байлаа. Заримдаа түүний европжуу чамин хээнцэр гоёлыг хэт үрэлгэн юм гэж америкчууд шүүмжилдэг байжээ. Тэрээр тэргүүн хатагтай гэдгээс илүүтэй загварын дүр төрх мэт сэтгэгдэл олон нийтэд төрүүлдэг байсан юм. Тэр өөрөө хэвлэл сэтгүүлд зургаа янз бүрээр татуулж, ярицлага өгөхөөс цааргалдаггүй байсан ч хүүхдүүдээ олны хараа, хэл амнаас хол байлгаж чадсан сайн ээж.

Бэлэвсэрч үлдсэн тэргүүн хатагтай

1963 оны арваннэгдүгээр сарын 22. Ерөнхийлөгч амь үрэгдэхээс хэдхэн цагийн өмнө

1963 оны арваннэгдүгээр сарын 22. Энэ өдөр Ерөнхийлөгчийн гэр бүл Далласт олон нийтийн өмнө гарч, Ж.Кеннеди үг хэлэх байв. Задгай дээвэртэй лимузин хөлөглөсөн Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёрыг цугласан олонтой гараа даллан мэндэлж байх үед гэнэт буун дуу тасхийж, Жаклины өвөр дээр АНУ-ын Ерөнхийлөгч цусанд хутгалдан унажээ.  
АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолд Жаклин Жон Кеннедигийн цусны толбо болсон ягаан өнгийн “Chanel”-ын хүрмээ өмсч иржээ. Тэр үүнийгээ “Жэкэд юу тохиолдсоныг тэдэнд харуулах гэж үүнийг өмссөн” гэж тайлбарласан байдаг.

Хоёр хүүхэдтэй хоцорсон Жаклин Кеннеди олны нүдээс далд амьдрах болов. Нөхрийнхөө хойноос таван жил гашуудсаны эцэст тэрээр эртний танил Аристотель Онасистай гэрлэжээ. Грекийн хөрөнгөтөнтэй гэр бүл болсноор тэрээр Жаклин Ли Кеннеди Онассис болсон юм. АНУ-аас нүүсэн экс тэргүүн хатагтайн хүссэн бүхнийг Онасис авч өгдөг байжээ. Эхэндээ тэдний гэрлэлт бүтэлтэй байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам тэд хөндийрсөн байна. Жаклин сэтгэлээ баясгах гэж дэлгүүр хэсч, Онасисийн мөнгөөр өндөр үнэтэй хувцас тоймгүй их авдаг байжээ. Тэр авсан хувцаснуудынхаа ихэнхийг нь өмсч амжилгүй бусдад тараачихдаг байсан гэдэг. 1975 онд Онасис нас барахад Жаклин 46 насандаа хоёр дахь удаа бэлэвсэрчээ. Тэр энэ үеэс эхлэн уран зохиол, хэвлэлийн ажилд орж, редактороор ажиллах болж. Жаклин 1994 онд өөд болох хүртлээ хэдэн арван ном редакторлон гаргажээ.  Түүнийг өвчний улмаас 64 насандаа өөд болоход дэлхий даяар дурсан гашуудаж, Жаклин Кеннеди Онассийн тухай дурсамж өгүүлэл, ном, кино ар араасаа цувран гарсан юм.  

Б.СЭВЖИДМАА

ЭХ СУРВАЛЖ: WWW.ASSA.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж