Доналд Трамп өнгөрсөн баасан гаригт /2017.01.20/ тангаргаа өргөж, АНУ-ын ерөнхийлөгчийн албанд албан ёсоор томилогдлоо. Анхны зарлигаараа өмнөх ерөнхийлөгчийн ажлыг “үгүйсгэж”, анхны уулзалтынхаа үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудыг эрс шүүмжилж, өөрийг нь эсэргүүцэн жагссан эсэргүүцэгсдийг үл тоомсорлосон гээд шинэ ерөнхийлөгчийн эхний өдрүүд дуулиантай өнгөрч байна.
АНХНЫ ЗАРЛИГ
Ажлаа хүлээн авмагцаа өмнөх удирдагч Барак Обамагийн бахархал болсон ‘Obamacare’ хуулийн төслийг цуцлах эхний арга хэмжээг захирамжлав. Мөн Батлан хамгаалах болон Дотоодыг хамгаалах салбарын тэргүүнүүдийг томилжээ. Тэтгэвэрт гарсан генерал Жеймс Мэттисийг Пентагоны тэргүүнээр, харин генерал Жон Келлийг Дотоодын аюулгүй байдлын албаны даргаар тус тус сонгосон юм.
Шинэ ерөнхийлөгч Цагаан ордонд албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн даруйдаа анхны зарлигтаа гарын үсэг зурах агшныг Цагаан ордны Зуувин танхимаас зураглаачид, сэтгүүлчид сурвалжилсан юм.
АНХНЫ УУЛЗАЛТ
Доналд Трампын ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн хоёр дахь өдрөө Тагнуулын төв газарт зочлов. Таагүй уур амьсгал бий болсон тагнуулын албаныхантай “учир зүйгээ ололцох”-оор тэр яаран Виржиния мужийн Лангли дахь Тагнуулын төв газрын төв байранд хүрэлцэн очжээ. “Ерөнхийлөгчийн хувиар энэ миний анхны албан ёсны уулзалт. Тагнуулын төв газар, тагнуулын албаны талаар Доналд Трампаас илүү санаа сэтгэлтэй хүн байхгүй. Хэн ч байхгүй шүү. Тиймээс би та бүхний ард бат зогсох болно” гэж Трамп хэлжээ.
Сонгуулийн үйл явцад Оросын хакерууд хөндлөнгөөс оролцсон гэх тагнуулын байгууллагын тайланг үгүйсгэж, таагүй харилцаа бүрдүүлээд байсан Трампын хувьд энэ уулзалт хэдий товч боловч маш чухал байсан гэгдэж байна. Шинэ ерөнхийлөгчтэйгээ уулзахаар цугласан Тагнуулын төв газрын ажилтнууд түүний үгийг халуун дулаан, таатай хүлээн авсан гэнэ.
Гэвч Трамп сэдвээсээ хальж, хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрт нь таагүй ханддаг гээд, тангараг өргөх ёслолд цугласан хүмүүсийн тоог худал мэдээлсэн гэж телевизүүдийг буруутгажээ. Тэрбээр “Би болон хэвлэл мэдээллийн хооронд дайн өрнөж байна. Тэд энэ дэлхий дээрх хамгийн шударга бус хүмүүс. Тэд намайг тагнуулын байгууллагатай өстэй байсан юм шиг харагдуулсан. Гэтэл огт эсрэгээрээ. Хамгийн түрүүнд та бүхнийг зорин ирсэн нь ч ийм учиртай” гэж ерөнхийлөгч Трамп хэлсэн байна.
АНХНЫ ЗОЧИН
АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Трампын хүлээн авч, уулзах анхны зочин нь Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй гэнэ. Тэд BREXIT-ийн асуудлаар санал солилцож, терроризм, Сирийн дайн, ОХУ-тай харилцах харилцаа, НАТО-гийн санхүүжилт зэрэг асуудлаар ярилцах бололтой.
Олон улсын шинжээчид АНУ ба Их Британийн шинэ харилцааг Реган-Тетчерийн үеийнхтэй зүйрлэж байна. Цагаан ордон Реганы адилаар популист ерөнхийлөгчтэй болсон, харин Британи “Төмөр хатагтай”-тай төстэй хүчтэй эмэгтэй удирдагчтай болсон билээ.
ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ БА ТРАМПЫН ХАРИУ
Ерөнхийлөгч Трампын засаглалыг эсэргүүцсэн сая сая иргэдийг тэр үл хайхрав. “Women’s March” байгууллагын тайлагнасан дүн мэдээгээр бямба гаригт Вашингтонд болсон эсэргүүцлийн жагсаалд нэг сая гаруй хүн оролцсон бол Чикаго, Бостон, Нью-Йорк, Лос-Анжелес, Филадельф зэрэг АНУ болон дэлхий даяарх нийт 600 гаруй хотод 1,5 сая хүнийг хамарсан жагсаал, цуглаан болжээ. Зөвхөн АНУ-ын нийслэлд цугласан эсэргүүцэгчид Трампын тангаргийн ёслолыг үзэж сонирхсон зочдын тооноос хавьгүй илүү байжээ.
Харин ерөнхийлөгч Трамп үүнд ач холбогдол өгсөнгүй, сурсан зангаараа Твиттерт жиргэв.
“Өчигдрийн эсэргүүцэгчдийг харлаа. Гэхдээ бид чинь сонголтоо хийчихсэн шүү дээ гэсэн бодлоор харж суулаа. Яагаад энэ хүмүүс саналаа өгөөгүй юм?” хэмээн жиргэжээ. Удалгүй, нэг цаг гаруй хугацааны дараа тэр дахин Твиттерт бодлоо илэрхийлэв. Энэ удаад арай зөөлнөөр “Тайван замаар эсэргүүцлээ илэрхийлэх нь манай улсын ардчиллын илэрхийлэл. Хэдийгээр би үргэлж хүлээн зөвшөөрдөггүй ч, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх тэдний эрхийг хүндэтгэж байна” хэмээн бичжээ.
Ерөнхийлөгчийн эдгээр үгс багагүй шүүмжлэл дагуулав. “АНУ-ын түүхэнд байгаагүй хамгийн том эсэргүүцлийн жагсаалын эсрэг ердөө ийм л зүйл хэлэх гэж үү”, “Эрхэм ээ, олон сая америкчууд таны эсрэг санал өгсөн. Та улс эх орноо нэгтгэнэ гэж хэлсэн… өчигдөр тэр эв нэгдлийг чинь харлаа” зэргээр жиргээчид хариу бичсэн байлаа.
ТАНГАРГИЙН ЁСЛОЛ ТООН ХЭЛЭЭР:
45: Доналд Трамп АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч.
58: АНУ-ын түүхэн дэх 58 дахь удаагийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол.
2,865,075: Сонгуулийн үеэр Доналд Трамп өрсөлдөгч Хиллари Клинтонд ийм тооны хүний санал алдсан.
44: Тангараг өргөх ёслолын өмнөх Трампын рейтингийн хувьчилсан үзүүлэлт. АНУ-ын бусад ерөнхийлөгч нараас хамгийн тааруу нь.
4: АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан дөрвөн эрхэм тангараг өргөх ёслолд оролцов. Барак Обама, Жорж Буш, Билл Клинтон ба Жимми Картер.
65: Трампын тангаргийн ёслолыг бойкотолсон Конгресийн гишүүдийн тоо.
1433: Доналд Трампын илтгэлийн үгийн тоо.
34: Трамп илтгэлдээ 34 удаа “бид” гэх үгийг хэрэглэжээ.
2: Трамп хоёр ширхэг Библь дээр зүүн гараа тавьж, тангараг өргөв. Нэг нь Авраам Линкольных, харин нөгөөх нь ээжийнх нь Трампад бэлэглэсэн Библь байв.
200 сая: Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд нийт ийм хэмжээний мөнгө зарцуулжээ. Үүний 110 сая ам.доллар нь татвар төлөгчдийн мөнгө гэнэ.
1 сая: Тангаргийн ёслолын хамгийн үнэтэй тасалбар. Ийм хэмжээний мөнгө төлснөөр тангараг өргөх үйл явц, баярын үдэшлэг, тоглолт, салютын шоу, баярын жагсаал, дэд ерөнхийлөгч Майк Пэнс, түүний гэргий Карен нартай хамт тусгай оройн зоог барих эрхтэй болох аж.
3: Шинэ ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар тангаргийн баярын үдэш гурван үдэшлэгт оролцов. 2009 онд Обамагийн гэр бүл 10 цэнгүүнд оролцож байжээ.
1 сая: Албан ёсны тоо, мэдээ гараагүй байгаа ч Лос-Анжелес, Мелбурн, Аляскийн Жуно зэрэг хотуудад нийт нэг сая хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсон гэж “Washington Post” мэдээлэв.
673: “Women’s March” байгууллагын цахим хуудсанд дэлхий даяар ийм тооны эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан гэж мэдээлэв.
28,000: Тангаргийн баярын өдөр Вашингтонд эмх журмыг сахиулахаар ийм тооны цагдаагийн офицер ажиллажээ.
1,5 сая: Вашингтонд болсон эсэргүүцлийн жагсаалд ийм тооны хүн оролцсон гэж “Women’s March” мэдээлэв.
250,000: Тангаргийн ёслолыг үзэж сонирхсон хүний тоог урьдчилсан байдлаар ингэж тооцоолов. Харьцуулахад, Барак Обамагийн 2009 оны ёслолд 1,8 сая хүн ирж, оролцсон нь рекорд тогтоож байлаа.
217: Вашингтонд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар ийм тооны хүнийг баривчлан саатуулжээ.
31 сая: Доналд Трампын тангаргийн ёслолын шууд дамжуулалтыг телевизээр үзсэн хүний тоо.
С.ЦЭЛМЭГ