Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч, дуучин Э.Амартүвшин Италийн алдарт “Сан Карло” театртай байгуулсан гэрээний дагуу эхний тоглолтдоо оролцжээ.
Тэрбээр тус театрт Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулах бөгөөд хүүхдүүдэд зориулсан тоглолтод мөн оролцох юм.
Дуучин Э.Амартүвшин одоо нэгдүгээр сарын 25, 29, хоёрдугаар сарын 1-нд тайзнаа дуулах бол хүүхдэд зориулсан дуурийг 25, 26, 31, хоёрдугаар сарын 1-нд тус тус тоглоно.
Тус театрт тоглогдох Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг өдгөө 85 настай дэлхийн домогт удирдаач Нелло Санти удирдаж байгаа аж.
Э.Амартүвшин гавьяат өөрийн цахим хуудаснаа “Амьдралд минь тохиох бас нэгэн гайхалтай үдэш байлаа. Напеоли хотын алдарт “Сан Карло” дуурийн театрт “Реголетто” дуурийн эхний тоглолтоо амжилттай дууллаа /2017.01.22/. Маш том даваа байлаа. Агуу удирдаач Нелло Сантитай дуулах хувь тохиолоо. Гайхалтай үдэш байв. Хамтран дуулсан гайхамшигтай дуучиддаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
А.СҮРЭН