Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пратибха Девисингх Патил нар албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцов.
Энэхүү ёслолын ажиллагааны үеэр дараах баримт бичгүүдэд хоёр талын төлөөлөгчид гарын үсэг зурав. Үүнд:
1. ”Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Энэтхэгийн талаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сатбир Сингх нар,
2. “Хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид солилцох тухай Монгол Улсын гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т монголын талаас Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд В.Энхболд, Энэтхэгийн талаас Энэтхэгийн Гадаад хэргийн яамны Нарийн бичгийн дарга Санжай Синг нар,
3. ”Монгол Улсын Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо, БНЭУ-ын Төлөвлөгөөний Комиссын хоорондын хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т монголын талаас ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун, Энэтхэгийн талаас БНЭУ-ын Төлөвлөгөөний Комиссын Нарийн бичгийн дарга Судха Пиллай нар тус тус гарын үсэг зурав.