Швейцарийн Давос хотноо энэ сарын 17-20-ны хооронд дэлхийн эдийн засгийн форумын хэлэлцүүлгүүд боллоо. Нэгдүгээр сарын 19-ны Пүрэв гаригийн өглөө болсон “Торгоны зам” сэдэвт хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэлцүүлэгчээр оролцсон юм. Тэрбээр Торгоны зам төсөлд байгаль орчны буюу ногоон төслүүдийг ашиглахад анхаарах ёстой гэдгийг онцлоод Азиас Европ хүрдэг галт тэрэгт сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар одооноос бодох ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн Торгоны зам нь зөвхөн бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг биш мэдээллийн технологийг ашигласан дижитал Торгоны зам байх ёстой гэсэн байр суурийг оролцогчид илэрхийлсэн нь анхаарал татаж байлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрөгч баасан гаригт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Цанхийн баруун уурхайн ажлыг өнгөрсөн жил дахин эхлүүлж, анхны борлуулалтаа хийсэн тухай Ерөнхий сайдад танилцууллаа. Мөн “Эрдэнэс-Таван толгой” ХК 2015 онд 4.2 сая , 2016 онд 7.65 сая тонн нүүрс экспортолсон бол энэ онд нийт 11.5 сая тонныг экспортолж, “Чалко” компанид төлөх үлдэгдэл өрийг ойрын хугацаанд бүрэн барагдуулахаар ажиллаж байгаа гэж мэдээлжээ.
Олон нийтийн сүлжээнд “БНХАУ-ын иргэд нэгдүгээр сарын 5-аас эхлэн Монгол Улсад 30 хоногийн визгүй зорчино” гэсэн мэдээлэл гараад байсан билээ. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос тодруулахад “Энэ мэдээлэл худлаа мэдээлэл. Яагаад ийм ташаа мэдээлэл гарсныг мэдэхгүй байна” гэлээ. Мөн Гадаад харилцааны яамны албан ёсны фэйсбүүк хаягт энэ мэдээлэл ташаа болохыг мэдэгдсэн байна.
УИХ-ын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Энэ хуулийн гол зорилго нь жолоочид давхар шийтгэл оногдуулахгүй байх зорилготой юм. Тодруулбал, жолоодох эрхгүй эсвэл жолооны эрхээ хасуулсан этгээд согтуугаар жолоо барьсан тохиолдолд торгохгүй, харин 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулах тухай энд заажээ.
Үндсэн хуулийн цэц Дунд суудлын хуралдаан өнгөрсөн долоо хоногт боллоо. Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ. Хуралдаанаар “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэсэн нарийвчилсан зохицуулалт нь хуульд тусгах шаардлагатай хэм хэмжээ гэж үзжээ. Мөн энэ заалт нь аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй учир Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.
Орон нутагт тоглолт хийхээр явж байсан циркийн уран бүтээлчид өнгөрөгч баасан гаригт автын осолд орж, гурван жүжигчин амиа алджээ. Тэд зургуулаа /таван эрэгтэй, нэг эмэгтэй/ явж байсан бөгөөд ослын улмаас гурван жүжигчин ослын газарт амиа алджээ. Үлдсэн гурван жүжигчний нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа ажээ. Тэднийг Рашаант сумын эмнэлгээс ГССҮТ-д хүргэсэн байна.
Шүүхийн танхимд амиа хорлохыг завдсан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 171 дүгээр зүйл буюу шүүх танхимд танхайрсан гэх үндэслэлээр дахин хэрэг үүсгэж, Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн талаар өнгөрөгч баасан гаригт мэдээллээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд шүүгдэгч Б-д холбогдох хэргийн шүүх хурлын үеэр шүүгч ялын тогтоол уншсаны дараа амиа хорлохыг завдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ.