сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009
онд анхны гадаад айлчлалаа Энэтхэгт хийсэн талаар мэдээллийн эхэнд
дурдаж өнгөрсөн хугацаанд улс төр, батлан хамгаалах зэрэг салбарт
харилцаа гүнзгийрч, бизнес, эрдэс баялаг, уул уурхайн чиглэлээр харилцаа
сайнаар эхэлж байгааг тэмдэглэж байв. Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж хоёр орны хооронд цөмийн эрчим хүч, уул уурхай, хөдөө аж
ахуй, соёл боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, мэдээлэл технологийн
салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж ажиллах, нийгмийн хамгаалал,
байгаль орчин, орон нутаг хоорондын харилцаа холбоог хөгжүүлэхээр
тохиролцсон талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
“Бид 2009 онд БНЭУ-д хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаас хойш
хоёр орны харилцаанд гарсан ахиц дэвшлийг дүгнэж, цаашид хамтын
ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах
асуудлаар санал солилцлоо. Энэ хугацаанд хоёр талын хүч чармайлтын дүнд
улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын харилцаа идэвхжиж,
эрдэс баялаг, уул уурхайн салбарт бизнес, хөрөнгө оруулалтын хамтын
ажиллагааны эхлэл сайн байгааг тэмдэглэлээ. Цаашид цөмийн эрчим хүч, уул
уурхай, хөдөө аж ахуй, соёл боловсрол, эрүүл мэнд мөн шинжлэх ухаан,
мэдээлэл технологийн салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж ажиллах, мөн
нийгмийн хамгаалал, байгаль орчин болон орон нутаг хоорондын харилцаа
холбоог хөгжүүлэхээр тохиролцлоо.
Айлчлалын үеэр болох хоёр орны бизнесийн чуулга уулзалт манай ажил
хэрэгч хүмүүсийн хооронд амьд хэлхээ холбоо тогтох, бодитой хамтын
ажиллагаа хөгжих чухал гараа болно гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр
орон бүс нутаг, олон улсын тавцанд амжилттай хамтран ажиллаж ирсэн
уламжлалаа үргэлжлүүлж, цаашид мэдээлэл солилцож зөвлөлдөх, харилцан
биенээ дэмжихээ дахин нотоллоо. Ялангуяа, Монгол Улс Ардчилсан орнуудын
хамтын нийгэмлэгийг даргалах хугацаанд бүс нутагт ардчиллыг бэхжүүлэх
үйлст хамтран ажиллахаар тохиролцлоо.
Айлчлалын үеэр Батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах тухай Монгол
Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол
Улсын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Энэтхэгийн Төлөвлөгөөний
комиссын хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг, мөн Монгол Улс,
Энэтхэг Улсын хооронд сэтгүүлчид солилцох хөтөлбөрт тус тус гарын үсэг
зурлаа” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж байв.
Хамтарсан хэлэлцээрийн үеэр Монгол-Энэтхэгийн Мэдээллийн технологийн
боловсрол, аутсорсингийн хамтарсан төвийг Улаанбаатарт байгуулахад
зориулж Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгохоор
шийдвэрлэсэн 20 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд
байгуулахаар тохиролцсоныг дуулгав. Мөн Монголоос Энэтхэгт сургах
оюутан, аспирантын тоог нэмэгдүүлэх талаар хэлэлцжээ. Монгол Улс хоёр
жилийн хугацаагаар дэлхийн хамтын нийгэлэгийн дарга болсон. Энэ хүрээнд
Монгол, Энэтхэг хоёр улс бүс нутагтаа хамтран ажиллана гэдгээ ярилцжээ.
Ингээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэгийн Ерөнхийлөгчийг Монгол Улсад
тавтай морилохыг ерөөлөө.
Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтай Пратибха Девисингх Патил дараа нь
мэдээлэл хийлээ. Тэрбээр хамтарсан хэлэлцээ халуун дулаан уур амьсгалд
болсныг эхлээд тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2009 онд Энэтхэгт айлчилснаас хойш хоёр талын
хамтын ажиллагаа шинэ шатанд дэвшжээ. Түүний үр дүнг цаашид
гүнзгийрүүлэхэд энэ удаагийн айлчлал чиглэсэн байна. Энэтхэгийн
Ерөнхийлөгчийн Монголд хийж байгаа айлчлал Тулгар төрийн 2220, Их Монгол
Улсын 805, үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, ардын хувьсгалын 90
жилийн ойн жил таарсанд бэлгэшээж байгаагаа илэрхийлээ.
Энэтхэгийн Ерөнхийлөгч “Манай хоёр орныг өнө эртнээс холбож ирсэн соёлын
болон шашны хэлхээ холбоо, эдгээр салбарууд дахь харилцааны уламжлалыг
бататган бэхжүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал, бүс нутгийн хүрээнд
боловсролыг, тэр дундаа Буддын гүн ухааны сургуулийг цэцэглүүлж байгаа
Энэтхэгийн “Наландаг” Их сургуультай монголын тал харилцаагаа сэргээх
хэрэгтэй байгаа талаар би онцлон дурдлаа. Өнөөдөр манай хоёр оронд
ардчилал, хууль ёс, шударга ёс, хүний эрхийг үнэт зүйлс болгон дээдэлж
байгаа нь бидний нийтлэг ололт юм. Ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтэй
хийсэн өнөөдрийн яриа хэлэлцээ Монгол, Энэтхэгийн харилцаа, түүнчлэн
хоёр орны ашиг сонирхолтой холбоотой бүс нутгийн болон олон улсын
тулгамдсан өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн маш чухал уулзалт боллоо.
Монгол, Энэтхэгийг хамтарсан мэдээллийн технологи, боловсрол болон
аутсорсингийн төвийг Улаанбаатар хотноо байгуулахад Энэтхэг Улсын
Засгийн газраас 20 сая америк долларын зээл олгох болсныг миний бие
нотлож байна. Мөн Энэтхэг-Монголын хамтарсан сургууль байгуулах, Ражив
Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын сургууль, Важпайн нэрэмжит
Мэдээлэл, холбооны технологийн төвийн сургалтын баазыг шинэчлэх
чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.
Энэтхэгийн тал хоёр орны хооронд соёлын салбарт 2009-2012 онд хамтран
ажиллах хөтөлбөрийн хүрээнд БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Энэтхэгт
суралцах Монгол оюутны тоог жилд 50 хүртэл нэмэгдүүлэх, мөн Энэтхэгийн
техник эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт хамрагдагсдын тоог
жилд 150-д хүргэхээр шийдвэрлсэнийг мэдэгдлээ. Цаашид Энэтхэг Улс Монгол
Улсын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулсаар
байх болно.
Хэлэлцээний дараа Энэтхэг Улсын Төлөвлөгөөний комисс, Монгол Улсын
Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны хооронд хамтран ажиллах тухай Санамж
бичигт гарын үсэг зурав. Энэтхэг Улс нь төлөвлөлт, боловсруулалтын
чиглэлээр хангалттай туршлагатай орон бөгөөд Монгол Улстай туршлагаасаа
хуваалцахдаа таатай байна. Хоёр тал Батлан хамгаалахын салбарт хамтран
ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тус салбарт Энэтхэг Улс, Монгол
Улстай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээ илэрхийлье “ гэлээ.
Эдгээрэс гадна цацраг идэвхт эрдэс болон цөмийн эрчим хүчийг энхийн
зориулалтаар хамтран ашиглах талаар санал солилцжээ. Хоёр улсын
хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс агаарын замын хамтын
ажиллагааг шинээр бий болгох агаарын зам шинээр нээхээр зөвлөлджээ.
Мөн Монгол Улс, Энэтхэгийн хооронд сэтгүүлч солилцох хөтөлбөрт гарын
үсэг зурсан нь цаашид олон монгол сэтгүүлчдийг Энэтхэгт ажиллуулах,
Энэтхэгийн сэтгүүлчдээр Монгол орныг сурвалжлуулахыг зорьж буйн илрэл
гэлээ.
Монгол Улс саяхан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалахаар
болсон билээ. Энэ хугацаанд БНЭУ-ын зүгээс бүхий л бололцоогоороо
Монгол Улсад туслаж, дэмжиж, хамтран ажиллахаа амлажээ. Монгол Улсын
зүгээс Энэтхэгийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болоход
дэмжлэг үзүүлсэнд мөн чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Хоёр тал
цаашид ч бүх чиглэлээр хамтран ажиллана гэдгийг хатагтай Ерөнхийлөгч
хэлж байлаа. Хэвлэлийн бага хурлын төгсгөлд Энэтхэгийн Ерөнхийлөгч
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг эх оронд нь дахин айлчлахыг
урьсан юм.