Яруу найрагч агсан Тогоонтөмөрийн Содномнамжилын шүлэг найргийг одоо цагийн уншигчдад хүргэхээр "Зохист дорно" хэвлэлийн газар ажиллаж байна. Уншигч та энэхүү номноос түүний шүлэг найраг, нийтлэл, дурсамж ярилцлагаас гадна их хайрын тухай унших болно.
"Хүн бүхэнд өөр өөрийн хийж бүтээх ёстой зүйл гэж буй. Түүний нэгэн адил миний хувьд энэ зүйлийг би л хийх ёстой гэсэн бодол эргэцүүлэл, хүсэл мөрөөдөл олон байдаг. Тэр бүхний маань нэг бол яруу найрагч Тогоонтөмөрийн Содномнамжилын шүлэг найргийг одоо цагийн уншигчдад хүргэх явдал байлаа. Ерөөс түүний бичих туурвих, ертөнцийг үзэх үзэл нь хэнтэй ч ижилгүй нандин учраас яахын аргагүй бидний дахин унших, дурсах хайрлах эрхэм хүмүүсийн нэгэн юм. 9-р ангийн хөвгүүн байх үеэс нь эхлээд шүлэг найргийг нь сонсож, бурхны номонд шамдаж байх гэгээн тансаг үеийг нь ойроос харж, хорвоогийн эрээн бараан бүхнийг туучих, хол ойрын номын садантайгаа танилцаж, ярилцах, аав болох хүртэл олон агшнуудыг нь мэдэх хүмүүсийнх нь нэг болохын хувьд их найрагч Д.Нямсүрэн ахын шүлэглэснээр “Цаг нь болж нөхцөл нь бүрдэхэд” уншигч та бүхний өмнө дэлгэж байна. Данрагданжаалин хийдийнхээ хойд хашаанд байдаг байсан гэрийнхээ хойморт суугаад ах нь “Ганцхан” гэж ганцхан ном гаргаад үхнэ гэж хэлсэн үг нь одоо ч сонсогдох шиг болдогийн учир энэ номыг эмхлэх ажлыг олон хүмүүсийн их ХАЙР ын эвээр бүтээлээ. Ээж нь Дорнодоос том хүрэн цүнхтэй хуучин ном дэвтэр ноорог сонины хайчилбар илгээж, охин нь гар бичмэлүүд, дурсамжийг цахим бичвэрт буулгах, анд нөхөд нь хол ойроос үзгээ шүүрч дурсамжаа цэгцлэх, зураач С.Төгс-оюун олон арван чимэг зураг хавтас чимэглэлийг зурах, “Зохист Дорно” хэвлэлийн газрын редакторууд үг үсгийн алдаа мадаггүй гаргах гээд тал талаасаа л хичээн зүтгэсэн. Хичээсэн зүтгэсэн, хайрласан бас эс дурссан бүх хүмүүсийг хайрланам. Яагаад гэвэл бүх хүмүүсийг тэгш хайрлах нь түүний амьдралын гол учир байлаа." хэмээн номыг хэвлэлтэнд өгсөн "Зохист дорно" хэвлэлийн газраас бичжээ.
Ч.БОЛ