Бангладешийн цагдаагийн газраас мэдээлснээр ачааны машин өөдөөс чиглэж явсан зорчигч тээврийн автобусыг орон нутгийн цагаар өглөөний 06.00 цаг орчимд мөргөсөн бөгөөд 11 хүн газар дээрээ нас барж, 30 орчим хүн гэмтэж бэртсэн ба эмнэлэг хүрэх замд дахин зургаан хүн нас барсан байна. Автобус зорчигчдын тоо хэтрүүлэн тээвэрлэж явсан нь тогтоогдсон ба амиа алдагсад бүгд автобусанд зорчиж явсан хүмүүс байжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар мөргөлдсөн хоёр тээврийн хэрэгслийн жолооч нар хоёулаа хайхрамжгүй явж байсны улмаас эргэлтэн дээр жолоодлогоо алдаж осол гарсан байна гэж дүгнэжээ.
Чанар муутай зам, арчилгаа тордолгоо муутай техник хэрэгсэл, автозамын дүрмийг зөрчих тохиолдол элбэг байдгаас Бангладеш улс дэлхийд автозамын ослоор дээгүүрт бичигддэг байна. Бангладешийн Инженерийн технологийн их сургуулийн авто ослын талаар хийсэн судалгаанаас үзэхэд жил тутам Бангладешт 10-12 мянган хүн автын ослоор өөд болдог ажээ.