"Монгол ньюс" мэдээллийн танхимд өнөөдөр/2017.01.23/ чөлөөт бөхийн дасгалжуулагч, тамирчид мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд 2012-2016 онд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Ц.Цогтбаяр, дасгалжуулагч О.Пүрэвбаатар, Б.Баяраа, Л.Энхбаяр нар болон Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Ням-Очир нар оролцсон юм.
Тэд "Монголын чөлөөт бөхийн холбооны өнөөгийн хууль бус үйлдлүүдийг таслан зогсоож, ээлжит Их хурлыг зарлан хуралдуулах Түр Хороо байгуулагдлаа" гэсэн мэдээллийг өглөө.
Монголын чөлөөт бөхийн нүүр царай болсон дасгалжуулагч, тамирчид, зүтгэлтнүүдийн төлөөлөл болсон 40 гаруй хүн хуралдан, Түр хороо байгуулахаар санал нэгджээ. Түр хорооны даргаар Гавьяат тамирчин, дасгалжуулагч О.Пүрэвбаатар сонгогдсон байна.
Тамирчин, дасгалжуулагчдын зүгээс Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит Их хурлыг дүрмийн дагуу зохион байгуулж, холбооны Удирдах зөвлөл ажлын тайлангаа танилцуулж, чөлөөт бөхөөр овоглож яваа олон зуун тамирчин, дасгалжуулагчдын эрх, ашгийг хүндэтгэж, тэднийг нэгтгэсэн холбооны үйл ажиллагааг журмын дагуу явуулахыг одоогийн удирдлагууддаа тавьж байгаа аж.
Өмнө нь ч энэ талаар тэд байр сууриа илэрхийлж байсан билээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ: ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ
Ч.БОЛОР