Нийслэлийн Засаг даргын тамгын газраас үерийн аюултай бүсэд буусан 20 гаруй айлыг нүүлгээд байгаа юм байна. Өнгөрсөн зургадугаар сард үерийн аюултай бүсэд буусан нийт айлыг тоолоход 2868 айл байжээ. Эдгээрээс эхний ээлжинд 100 айлыг яаралтай нүүлгэх шаардлагатай байгаа гэнэ. Нийслэлийн хөрөнгөөр дээрхи айлуудыг үнэ төлбөргүй нүүлгэж байгаа бөгөөд нийт айлын 50 хувь нь газрын зөвшөөрөлтөй байгаа гэнэ. “Газрын зөвшөөрөлтэй иргэд байгаа газраасаа нүүхгүй, удаа дараа шаардлага хүргүүлсэн ч шаардлагыг биелүүлэхгүй байна. Эдгээрээс Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 20 гаруй айлыг нүүлгэсэн байгаа” гэж нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дээд ахмад Ч.Намсрайжав хэллээ. Иргэд үерийн аюултай бүсээс нүүхдээ өөрийн оршин суугаа газрын хороонд мэдэгдэж тэндээс шинээр буух газрын бичгээ авч нүүх юм байна.
Ш.Чимэг