Уулзалтын төгсгөлд озэки Харумафүжи Д.Бямбадорж эх орондоо ирсэн сэтгэгдлээ хуваалцаж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
-Та анх 2009 оны тавдугаар сарын башёд тэргүүлж байсан. Саяхан өндөрлөсөн нагоя башёд хоёр дахь түрүүгээ авлаа. Түрүүлсний дараах мэдрэмж хэр өөр байв?
-Үнэхээр баяртай байна. Арслан болсноос хойш бэртэл аваад байсан ч ард түмэн, аав ээж, ах дүү нарынхаа буян хишиг, дэмжлэгээр гэмтэл бэртэл маань илааршиж, долдугаар сарын башёд хоёр дахь түрүүгээ авлаа. Өөрийнхөө хүч, бяр гэхээс илүү ямар ч үед намайг түшиж тулж, дэмжиж байдаг ард олон, ахан дүүсийн минь буян болов уу гэж бодож байна.
-Нагоя башёг өмнөх барилдаануудтай харьцуулахад хэр хүнд байв. Хамгийн хүчтэй өрсөлдөгч бөх хэн байсан бэ?
-Урьдын адил бэлтгэлээ базаагаад барилдсан. Башёгийн 15 өдрийн турш барилдсан бүх л өрсөлдөгчид хүчтэй байлаа. Хамгийн их нервтэж, бодож байж барилдсан барилдаан гэвэл Даваа /Хакухо М.Даваажаргал/ аваргатай хийсэн барилдааныг хэлэх байна.
-Башёгийн 14 дэх өдрийн барилдаанд та ёкозуна Хакухотой башёгийн хамгийн чухал барилдаанаа хийсэн. Энэ барилдааны өмнө их аварга Асашёорюү Д.Дагвадорж тантай утсаар холбогдож, амжилт хүссэн тухай сонин, хэвлэлээр мэдээлэл гарсан. Энэ тухай та жаахан дэлгэрүүлвэл манай уншигчдад сонин байх болов уу?
-Дагваа ахтай, Дагваа аваргатайгаа би хүүхэд наснаасаа хамт ойр байсан. Хамт жүдогийн секцэнд хичээллэдэг байлаа. Дагваа аварга намайг төрсөн дүүгээс ялгаагүй хайрлаж, дэмжиж, сургадаг. Тэгээд, Хакухо аваргатай барилдахын өмнө над руу утасдаж, “Битгийн их нервтээрэй. Ялсан ч, ялагдсан ч дараа нь харамсахааргүй барилдаарай” гэж захисан. Тэр хэлсэн ёсоор нь би өөрт байгаа бүхий л хүч тэнхээгээ шавхаж барилдсан даа.
-Нагоя башё өндөрлөсний дараа Японы мэргэжлийн сумо бөхийн Ёкозунагийн зөвлөл хуралдаж, ирэх есдүгээр сарын аки башёд таныг түрүүлэх, эсвэл түрүү бөхтэй өрсөлдөх хэмжээнд сайн барилдаж, нэгээс илүү унаагүй өндөрлүүлбэл ёкозуна цол олгох шийдвэр гаргасан байна билээ. Энэ тухай сонсоод та хэрхэн хүлээж авав. Зарим бөхчүүдийн хувьд сэтгэл зүйн бэлтгэлд нөлөөлдөг шүү дээ?
-Хүн болгонд боломж олдоггүй. Тиймээс ийм сайхан боломж олдож байгаа үед алдахгүйг хичээж, бүхий л хүч тэнхээ, бяр чадлаа гаргаж, боломжийг атгаж авахын төлөө хичээнэ, чадна.
-Эх орондоо хэдий хугацаанд саатах вэ. Ямар ажил амжуулахаар төлөвлөөд байна?
-Башё өндөрлөсний дараа сайхан энерги авах гэж л эх орондоо ирлээ дээ. Хөдөө явж, сайхан энерги авчихаад Японд буцаж очоод бэлтгэлээ үргэлжлүүлнэ.
-Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд гэмтэл бэртлээс үүдэн та санасандаа хүртэл барилдаж чадаагүй гэж болно. Таныг багагүй хугацаанд зовоосон баруун хөлний бэртэл одоо гайгүй юү?
-Тамирчин хүний хувьд бэртэл, гэмтэл гэдэг яг л найз шиг байдаг. Бэртэл авах, түүнийгээ эдгээх, илааршуулах явдал үргэлж тохиолдоно. Миний бэртэл харин дажгүй шүү. Сайхан байна.
-Нагоя башёгийн дундуур озэки Кайо зодог тайлсан байгаа. Одоогоор япончуудаас ёкозуна болон озэки цолтон байхгүй болчихлоо. Таны бодлоор япончуудаас хамгийн түрүүнд энэ өндөр цолонд хүрэх магадлалтай бөх гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Кисэносато их сайн бөх. Бас Котошогикү байна. Удахгүй озэки болно гэж бодож байна.
-Баярлалаа. Мэргэжлийн сумогийн 70 дахь ёкозуна болохыг хүсье.